Тагтан дээр гар буюу асуудлыг арай томоор харах ур чадварт суралцах нь...

Twitter Print
2019 оны 05-р сар 27-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Харвардын их сургуульд аливаа асуултад хариулах хамгийн түгээмэл хэллэг бол “it depends…” буюу асуудлын уг чанар ямраас хамаарч өөр өөр байх боломжтойг эхлээд хүлээн зөвшөөрдөг. Шууд зөв харилут, нэг мөр байр суурь баримтлахаас өмнө монголчуудын хэлдгээр “Долоо хэмжиж, нэг огтлох”-ыг илүүд үздэг.

Энэ нь ерөнхийлсөн, бөөрөнхийлсөн мэт сонсогдох ч хөндөж буй асуудлынхаа олон талт учир шалтгааныг уулганч хариулахаас урьтаж, нэгийг бодож, хоёрыг тунгаах бололцоо олгодог. “Бушуу туулайн үлгэр”-ийн гол дүр болохгүйн тулд илүү бод, илүү тунгаа, илүү сэтгэ, гаргасан шийдвэрээ жинтэй байлгах санаа.

Дараагийн нэг чухал хэллэг бол “Go to balcony” буюу “Тагтан дээр гар”. Үүнийг ихэнх профессорууд хэлж байхыг сонссон. Хүн л юм болохоор асуудлаас асуудлын хооронд бүдрэнэ, мэдлэг дутна, туршлага дутна, арга зам эрэлхийлэхдээ самгардана. Нэг асуудлыг барьж авлаа гэхэд түүний эс мөн чанарт нь шигдээд уул сэдвээ “томоор харах”, “ерөнхий зургаар нь ойлгох”, “юуны төлөө, яагаад шийдэх ёстой”-г алхах тутамдаа өөртөө сануулж байх учиртай. Тагтан дээр гарах шалтгаан нь аливааг том зургаар нь харах ур чадвар буюу өөрийн явцуу байр суурь, ашиг сонирхлыг зөрчил, эрх ашгийн эрэмбээ үндэслэлтэй таних боломж олгоно.

Хүн бүр тагтан дээр гарч өөрт тулгарсан асуудалд, шийдэл гаргахын өмнө зөв буруугаа эрүүл ухаан, саруул бодлоор хэмжиж байх учиртай. Хуумгай гаргасан шийдвэр, тэвдэж хэлсэн үгс хожим сайн үр дүн авчрахгүй. Шийдвэртэй, мундаг байна гээд бодлогогүй, яаран хөдөлж болохгүй. Ялангуяа удирдагч хүн олны хувь заяанд нэг мөр нөлөөлөх шийдвэр гаргах гэж байгаа бол асуудлыг амьдралтай, онолтой, алс хэтийнх нь үр дагавартай нь хамт бодож тунгаах үүрэгтэй.

Чингис хаан томоохон үйл хэргийн өмнө уулын тагтад гарч Нууц товчоонд өгүүлдгээр “гурван өдөр, гурван шөнө Мөнх тэнгэр эцэгтай, этүгэн газар эхтэй” хэлэлцэж гардаг. Энэ бол шүтлэг биширлийн зан үйлийн зэрэгцээ “тагтан дээр гарч” асуудлыг бүх талаас нь эрэмблэн ухаарч, шийдвэр гаргалтаа бодож боловруулах боломж олгож байсан гэж боддог. Хамгийн хүнд цагуудад тэрээр ийм байдлаар тагтан дээр гарч, “тэнгэр газар эетэлдэх” ухааныг олж байсан. Анх Гурван мэргидэд гэргийгээ булаалгаад, Бурхан халдунаа гарснаас хойш их бага аян дайн, үхэх сэхэхийн торгон мөчид ийнхүү санаа бодлоо цэгцэлж, оюун ухаанаа хурцалж байсан.

Уламжлалаар бол Монгол эр хүн бүр өглөө бүр тагтан дээр гардаг. Тэд үүрийн таван жингээр эртлэн босч адуундаа мордохоос эхлэн өндөр уул, алсыг хараалах асгад гарч дуран тавингаа орчны шинжилгээг нэг бүрчлэн хийнэ. Тэнгэрийн байдал, цаг уурын хувьсал, ойрын таамаг, мал ахуйн зураглал, өвсний гарцаас эхлэн бүгдийг шинжинэ.

Өнөө цагт бид “ухаалаг хэрэглээ”, өдөр шөнөгүй үргэлжлэх мэдээллийн давалгаанд хөл алдаж, улмаар өөрийгөө гээх хэмжээнд “иргэншсэн” аж. Тагтан дээр гарч, сайхан гүн амьсгал авч, бодож, тунгааж, “шинэ зориг” (Цаасан шувуунд хэлсэнчлэн) олж, цэнгэг сэтгэлгээг сорж авах нь амжилын үндэс, саруул ухааны дархлаа юм. Тагтан дээр гар.

Сүхбаатарын Эрдэнэболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.