Монголын минь намар цаг...

Twitter Print
2018 оны 09-р сар 08-нд 22:09 цагт
Мэдээний зураг,

...Навчис дээр унасан шүүдэр үүрээр газар тулж бөнжийн үүлэн тэртээх нарны сацраг гагц түүнийг хөрсөнд шингээн урсгах нь, санаж бэтгэрсэн бүсгүйн сувдан нулимс хацар даган урсаж сэтгэлийн их хайрыг аргадаж норгох мэт намар цаг.

Аядуухан салхины сэвшээнд газарт унан хуйлрах навчис алсын алсад салхины аясаар хийсэн одох нь, сэтгэлийн гүнд зуссан гэгээн дурсамж тэртээ холд аялан хааяа нэгтээ санаа алдан гансрах мэт намар цаг.

Ээжий минь буцалсан цайгаа аагтай сүүгээр сүлсэн шанагаа тоонон тэртээд шүргэсхийн самрахуйд, даргилан буцлах цайны ааг нь тэнгэрийн тэртээд дэгдэн уусч халамжийн буман шивнээ нь нарны буман сацрагаар миний сэтгэлд хайр болон шингэх мэт намар цаг.

Нуурын чанадад гангалдан орчлонгийн хязгааргүй уудамд зэллэн нисэх шувуудын цуваа ирж буцах амьдралын нэгэн хэмнэлийг бидэнд сануулан, дараа жил буцан ирж ч чадах бас эс чадах итгэл сэтгэлийн харууслыг далавчин дээрээ тээн одох мэт намар цаг. 

Уулсын бэлд аргамжаатай хоносон манан үүрийн сүүмгэр гэрэлд ичингүйрэх мэт аажуухан хөөрөх нь, гүн харанхуй орчлонд жаргаж хоносон хосуудын салж ядахдаа шунаж тачаадан үнсэх үнсэлт шиг намар цаг.

Уяан дээр зүүрмэглэж хоносон адуу нойрноосоо сэрж, угтаж мандах нарны зүг туурайгаа цавчилж үүрсэн янцгаах нь, айсаж буй цаг мөч бүхэн цавчлах туурайн ормоор цацагдсан шороо шиг эргэж буцдаггүйн тавиланг бидэнд сануулах шиг намар цаг.

Агь, таана, мангир, хүмүүлийн хамар сэтлэм үнэр талын энгээр цоргиж таавар билчих мал сүргүүд жаргалын ихээр тарвалзах нь, ивлэж урссан эхийнхээ сүүнд нялх балчир үрс нь цатгалдаж энгүй энэ орчлонд гагц хайрыг зүүдлэн үнэгчлэх мэт намар цаг.

Өнгөр энэ орчлонд ургаж цэцэглэсэн мод ургамал, өвс ногоо өнгө өнгөөр алаглан шаргалтах нь, зотон дээр будаг нялах зураачийн гар өнгөө олж ядан тэмтчиж , сэтгэлдээ дүрсэлж багтаамгүй олон өнгөөр өөрийгөө зурж мөнхжүүлэх мэт намар цаг. 

Айлын найран дээр уянгалан эгшиглэх уртын дууны аялгуу уяан дээр эргэцэх хүлэг морьдын янцгаах дуутай сүлэлдэн монгол гайхамшигт аялгууг тэнгэрт хүргэн дуурсгах намар цаг.

Тэнгэрийн тэртээгээс газарт эргэн эгшиглэх монгол аялгуу нь миний сэтгэлийн учгийг хөглөн сэтгэлийн сувдан дуслыг аньсага нууранд мэлтэлзүүлэх намар цаг. Тэр мөчид би өөрийгөө монгол хүн хэмээн омогшиж тэртээх холын нутгаа сэтгэлийн аньсгандаа саравчилж, сэтгэл минь уяран дотогшоо өмөлзөж нутгаа санан санаашрах намар цаг. Аяа, Монголын минь намар цагаа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.