Азербайжаны Бакугийн ДАШТ-нд Монголын жүдочид ямар амжилт үзүүлэх бол...

Twitter Print
2018 оны 09-р сар 07-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

Хэдхэн хоногийн дараа хэзээнээс хүчит бөхчүүдээрээ алдартай Азербайжаны нийслэл Баку хотод эхлэх 2018 оны Жүдогийн ДАШТ-нд дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг Монголын жүдогийн Үндэсний шигшээ багийнхан эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцохоор болоод байгаа билээ. Дэлхийд дээгүүрт үнэлэгддэг Монголын жүдочдын өнөөдрийн амжилтыг дурдахаас өмнө өнгөрсөн бахархам түүхийг дэлгэх нь зүйтэй болов уу. Монголын жүдочдын хувьд ДАШТ-ний анхны медалийг өнөөдрийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Үндэсний бөхийн улсын аварга О.Балжинням болон тухайн үеийн ОУХМ Д.Баттулга нар 1989 онд тухайн үеийн нэгдсэн Югослав улсын нийслэл Белград хотоос 95, 60 кг-ын жинд тус тус хүрэл медаль хүртсэнээр эх орондоо авч ирж байсан түүхтэй юм.

Дэлхийн жүдо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн шийдвэр 1987 онд гарч, эрэгтэй эмэгтэй жүдочид нэг дор цугларан аваргаа тодруулдаг болсноор Монголын жүдочдын амжилт жил дараалан өсч ирснийг дурдах ёстой.  

Тухайлбал Монгол Улсын гавъяат тамирчин, өнөөдөр эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа Х.Эрдэнэт-Од 2005 онд Египетийн нийслэл Кайр хотод болсон ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнээр Монголын эмэгтэй жүдочдын өнөөдрийн гайхалтай амжилтын буухиаг эхлүүлсэн билээ. Түүнээс дөрвөн жилийн дараа буюу 2009 онд жүдо бөх өндөр хөгжсөн Нидерландын нийслэл Роттердам хотод болсон ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монгол Улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Монголын жүдочдын хувьд гайхалтай амжилт болох анхны алтан медалийг авч, багийн дүнгээр манай жүдочид 7-р байранд жагсаж байсан байдаг. Тухайн үедээ дэлхийн нийт жүдо бөхчүүд болон мэргэжилтнүүдийн хувьд “Монголын хүчит аварга, жинхэнэ төгөлдөр хүчтэн” нэрийг хүртээд байсан Х.Цагаанбаатар аварга дараа нь жил нь Японы нийслэл Токиод болсон ДАШТ-ний 66 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Монголын жүдочдоос ДАШТ-ний анхны хос медальтнаар тодорсон түүхтэй. Тэрхүү тэмцээнд барилдсан Монголын эмэгтэй жүдочдоос 52 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавъяат тамирчин М.Бундмаа мөн л хүрэл медаль хүртэж Х.Эрдэнэт-Од эгчийнхээ гаргасан замаар урагшилж эхэлснээ зарлан тунхагласан билээ.

Тэгвэл Монголын эмэгтэй жүдочдын ДАШТ-ний анхны алтан медалийг Монгол Улсын гавъяат тамирчин М.Уранцэцэг Өмнөд Америк тивийн Бразил улсын нийслэл Рио де Жанейро хотод болсон ДАШТ-ний 48 кг-ын жинд аваргалснаар эх орондоо авч ирж, ард түмнийхээ бахархал, хайр энхрийлэлд бүүвэйлүүлсэн байдаг. Монголын жүдочид тэрхүү тэмцээнд багаараа 6-р байранд дэвшин ороход Монгол Улсын гавъяат тамирчин, Д.Амартүвшингийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын ихээхэн өрсөлдөөн дундаас шүүрэн авсан мөнгөн медалийн үнэ цэнийг дурдахгүй өнгөрч болохгүй юм.

Харин дараа жил нь манай хойд хөрш ОХУ-ын Челябинск хотод зохиогдсон ДАШТ-ний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын гавъяат тамирчин Г.Болдбаатар Монголын эрэгтэй жүдочдын хоёр дахь алтан медалийг хүч бяраараа ааглан авч, шигшээ багаа суга татан 5-р байранд жагсаасан гавъяатан билээ.

Түүнээс нь жилийн дараа Казакстаны шинэхэн нийслэл Астана хотод болсон ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд, энэ цагийн дэлхийн шилдэг жүдоч, сүүлийн жилүүдэд оролцсон 20 тэмцээнээсээ ямар нэгэн медальгүй мултарч үзээгүй гайхамшигт амжилтын эзэн, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа анхныхаа хүрэл медалийг шүүрч, дэлхийн энтэй жүдоч болсноо зарлан тунхагласан байдаг.

Монголын жүдочид багаараа 13-р байранд эрэмбэлэгдсэн тэрхүү ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын гавъяат тамирчин Ц.Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн 73 зг-ын жинд гавъяат тамирчин С.Ням-Очир нар хүрэл медаль хүртсэнээр “Энэ хүчирхэг Монголчууд хаанаас гараад ирэв ээ. Ер нь удахгүй дийлдэхээ болих нь дээ” гэсэн яриа түгж, дэлхийн олон орны жүдогийн дасгалжуулагчид, мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр шагширч эхэлсэн гэдэг.

Монголын жүдочид “Дэлхийд хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг” гэдгийг өнгөрсөн 2017 онд Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-нд манай бөхчүүд яруу тодорхой нотолж, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа бүх өрсөлдөгчдөө илт илүүрхэн ялж алтан медаль хүртсэн бол, 48 кг-ын жинд гавъяат тамирчин М.Уранцэцэг мөнгө, 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг хүрэл, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга Г.Болдбаатар,  73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр, +100 кг-ын жинд Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тус тус хүрэл медаль хүртсэнээр Монгол Улсын шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ний шагналт 4-р байранд шалгарсан түүхтэй билээ.

Одоо хориодхон хоногийн дараа дэлхийн жүдогийн хүчтэнүүд Азарбайжаны нийслэл Бакугийн ДАШТ-нд хуран цугларах нь тодорхой бөгөөд, хоёрхон хоногийн дараа өндөрлөх Азийн спортын ХVIII наадамд Монголчуудын хүлээж байсан “Гайхалтай амжилт”-ыг төдийлөн үзүүлж чадаагүй манай жүдочид ямар амжилт гаргах, хэрхэн барилдахыг нь харах өдрүүд биднийг хүлээж байна.

Саяын Азийн спортын ХVIII наадамд манай жүдочид хамгийн их найдвар тавьж байсан эмэгтэйчүүдийн 48, 57 кг-ын жинд аваргалж чадалгүй зөвхөн хос хүрэл медальтай л буцацгаасан билээ. Ер нь дэлхийд жиндээ тэргүүлэгч манай хоёр аварга БНСУ болон БНАСАУ-ын залуухан хүчтэнүүдэд ялагдаж байгааг нь бид бүхэн цэнхэр дэлгэцээрээ харцгаасан бөгөөд, ялангуяа 57 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн маань гайхалтай амжилтыг хүч бяраар ааглан зогсоож, нэмэлт цагт манай аваргыг цэвэр ялсан БНАСАУ-ын 22-хон настай залуу бөх Ким Жин А, 48 кг-ын жинд манай аварга Г.Уранцэцэгийг ялж, энэ тэмцээний аварга болсон, олимпийн мөнгөн медальт, “Мөнхийн өрсөлдөгч” Жон Бо Кёон зэрэг маш хүчтэй өрсөлдөгчид Бакугийн ДАШТ-нд хүрэлцэн ирцгээх нь тодорхой юм.

Мөн Монголчуудын ихээхэн найдлага тавьж байсан эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан ОУХМ Ц.Цогтбаатар ч эхний өрсөлдөгч болох Кыргызстаны бөх Бектур Рысмамбетовт барилдааны үндсэн цаг дуусахаас 16-хан секундын өмнө иппоноор ялагдаж, тэмцээнээ дуусгасан болон Гавъяат тамирчин Д.Амартүвшин болон Универсад наадмын аварга Б.Эрхэмбаяр нар өрсөлдөгч нартаа ялагдаж, медальгүй хоцорсон зэргийг дурдах ёстой болов уу. 

Хэдийгээр саяын тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ Ц.Наранжаргал Казакстаны бөх Жере Бектаскижиг гурван торгуулиар ялж хүрэл, эрэгтэйчүүдийн 81 кг-д Токиогийн “Их дуулга”-ын аварга ОУХМ О.Ууганбаатар БНСУ-ын бөх И Сен Сог ялж хүрэл медаль хүртсэн ч манай бөхчүүд хориодхон хоногийн дараа эхлэх энэ жилийн ДАШТ-нд өмнөх жилийн багийн дүнгээр 4-р байранд шалгарсан амжилтаа давтаж чадах эсэх нь жаахан эргэлзээтэй л санагдсаныг учирлан тайлбарлах нь зүйд нийцэх болов уу.

Ямартай ч хэдхэн хоногийн дараа дэлхийн бүх л хүчтэнүүд Бакуд хүрэлцэн ирэх нь тодорхой болсон энэ цагаас эхлэн Монголын жүдогийн шигшээ багийнхан бэлтгэл сургуулилтаа эрс эрчимжүүлэх шаардлагатай нь саяын тэмцээнээс харагдсан ч хамгийн гол нь бөхчүүдийнхээ бэлтгэлийн ачааллыг хэтрүүлж, “Хэт ачааллын улмаас сулбагар, хүчгүй болгочих вий” гэдгийг Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хөдөлмөрийн баатар О.Балжинням гуай болон эмэгтэй багийн дасгалжуулагчид сайтар анхааран бодолцох болов уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.