“Алдар”-ын гурван боксчны хоёр нь медалийн төлөө тулалдах бол, маргааш жүдочид татамид гарна...

Twitter Print
2018 оны 08-р сар 28-нд 09:59 цагт
Мэдээний зураг,

Ази тивийн хамгийн олон арлын улс, цэцэглэн хөгжиж байгаа Индонезийн нийслэл Жакарта хотод Азийн спортын ХVIII наадам ширүүхэн өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Өчигдөр Азийн 45 орон ямар нэгэн медалийн төлөө өрсөлдөж байгаа энэ тэмцээний 10 дахь өдөр манай “Алдар” спорт хорооны гурван “Ширэн бээлийтэн” рингэд гарч хоёр, Энэтхэг, нэг БНАСАУ-ын боксчинтой нударга зөрүүлснээс 49 кг-ын жинд тулалдсан ОУХМ Х.Энхмандах л өрсөлдөгч Энэтхэгийн боксчин Амитад 5:0-ээр ялагдаж үзэгчдийн суудалд шилжсэн бол нөгөө хоёр боксчин болох 56 кг-ын жинд тулалдсан ОУХМ Х.Энх-Амар мөн л Энэтхэгийн нэлээн бадриун, хүчтэй цохилттой боксчин Мохаммед Хуссам Уддинтай тулалдаж 3:2-ын харьцаагаар ялсан бол мөн л эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд тулалдаж байгаа Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг БНАСАУ-ын залуу боксчин Ри Кон Фаег илт давамгайлж 5:0-ийн харьцаагаар буулган авсан юм. Ингэснээр “Алдар” спорт хорооны хоёр боксчин ОУХМ Х.Энх-Амар, ОУХМ Б.Чинзориг нар жингийнхээ шилдэг 8-д үлдэж, цаашдаа медалийн төлөө тоглохоор болоод байгаа юм.

Өчигдрийн гурван тулааныг бүр тодорхой дурдвал Ази тивийн хамгийн олон арал дээр суурьшсан Индонез улсын нийслэл Жакарта хотын Кемаеоран  дүүргийн “Жакарта Интернациональ Экспог”-ийн “С” танхимд болж буй Азийн XYIII спортын наадамд өрсөлдөж байгаа Монголын боксчдын өчигдрийн эхний тоглолтыг 49 кг-д ОУХМ Х.Энхмандах хийж, Энэтхэгийн Амиттай тулалдсан ч  5:0-ээр ялагдсан юм.


Европын олон тэмцээнүүдэд амжилттай оролцож алт, хүрэл медалиар энгэрээ мялааж явсан манай ОУХМ Х.Энхмандахыг 5:0-ээр илүүрхэн ялсан Энэтхэгийн боксчин Амит нь 2017 онд ХБНГУ-д болсон ДАШТ-ний  тав дугаар байрын шагналт, Ази тивийн АШТ-ий хүрэл медальтай туршлагатай боксчин байжээ.

Тэгвэл дүү Х.Энхмандахынхаа ялагдлын дараа мөн л Энэтхэгийн боксчин Мохаммед Хуссам Уддинтай рингэнд тулалдсан ОУХМ Х.Энх-Амар ямархуу туршлагатай, Олон улсын томоохон тэмцээнүүдийн олон медальтай сайн боксчин гэдгээ нотлон харуулж ХБНГУ-ын “Химийн цом”-ын аварга, нэлээн хүчтэй цохилт, туршлагатай Энэтхэгийн боксчинг 3:2-ын харьцаагаар ялж энэтхэгийн хөгжөөн дэмжигчдийн урмыг хугалж, Монголчуудаа баярлууллаа.

ОУХМ Х.Энх-Амарын гялалзсан амжилтын дараа бас нэг “Алдар”-ын боксчин Цэргийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг рингэнд гарч БНАСАУ-ын залуухан боксчин Ри Кон Фаед ямар ч боломж олголгүй, илт илүүрхэн тоглосоор 5:0-ээр буулган авч, цааш медалийн төлөө тулалдахаар шалгаран үлдсэн юм.

Ийнхүү Монголын ширэн бээлүүтнүүд дараалсан ялалт байгуулсаар, ямар ч гэсэн Жакарта болон хамтран зохион байгуулж байгаа Палембан хотоос медалийн арвин ургац хурааж, Монголын баг тамирчдын медалийн байрлалыг илт урагшлуулах нь эхнээсээ тодорхой болж байна. Монголын хүчтэй, ширүүхэн “Ширэн бээлийтнүүд”-ийн амжилтыг дагалдан, маргаашнаас дэвжээнд гарч, хүч тамираа өрсөлдөгч нартаа гайхуулах Жүдочид маань ч Монголын багийн амжилтыг ихэд дээш нь өргөх нь ойлгомжтой билээ.

Ямартай ч эцэст нь дүгнэхэд одоо авсан медалийнхаа тоогоор нэлээн хойгуур буюу 15-д эрэмбэлэгдэж байгаа Монголын баг тамирчид боксчид болон, дэлхийд хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэгддэг Жүдогийн баатруудынхаа ялалт, амжилтын ачаар өнөөдөр эзлээд байгаа байрлалаа нэлээн сайн урагшлуулна гэдэгт Монголчууд их багагүй итгэлтэй байж, цэнхэр дэлгэцээ ширтсээр байх нь ч ойлгомжтой юм. Ингээд Монгол Улсын нэр алдрыг дэлхийн тавцанд өндөрт өргөн мандуулж явдаг алдарт тамирчиддаа улам гялалзсан амжилт хүсэн ерөөж, энэхүү тэмдэглэлээ жаргааж байнам...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.