Өөрийгөө чи доошоо хийвэл өрөөл өлхөн өшиглөнө шүү...

Twitter Print
2018 оны 08-р сар 21-нд 20:28 цагт
Мэдээний зураг,

Өөрөө өөрийнхөө ямар нэгэн зүйлд та бид зарим нь сэтгэл хангалуун биш байдаг. Миний хамар муухай, эсвэл нүд онцгүй, хэт өндөр, эсвэл намхан, бүдүүн гуятай гэх мэтээр өөрийгөө өөлөх тусам өөдөөс чинь өө чинь улам л томорч харагдана.

-Би майжиг хөлтэй байгаа биз гэж нэг найз минь хэлэхээс өмнө би түүнийг хэзээ ч майжиг хөлтэй гэж хардаггүй байсан. Харин түүнийг өөрөө тэгж хэлснээс хойш нээрээ тэр майжиг хөлтэй юм байна гэж харагдсан.

Мөн хэн нэгэн чамайг өөлж хэлсэн үгэнд эмзэглэх хэрэг юун. Өөтэй харагдсан зүйлийг өөгүй харагдуулах боломж өчнөөн л байдаг шүү дээ. Хувцаслалт, алхаа гишгээ, будаг шунх гээд юу эсээр өөг дарж болдог билээ дээ одоо цагт чинь бүүр их сонголттой.

Олон удаа би өөрөөсөө асуудаг. Яг ямар хүн сайхан харагддаг юм бол. Туранхай хүн л гоё сайхан харагддаг гэвэл бас эндүүрэл юм. Таргандуу нь өөрт нь илүү зохидог хүн хүртэл бий. Туранхай, өндөр хүн л сайхан гэж зарим нь эндүүрэх ч өөртөө зохимжтой үсний засалтаа олсон, цэвэрхэн сайхан арьстай, нүд нь цог жавхаатай, цэвэр сайхан, зохицуулан донжийг нь олж хувцасласан, өөртөө тохирсон хэвийн жинтэй эрэгтэй, эмэгтэй, ямарч насны хүн тарган туранхайгаасаа, өндөр намаасаа шалтгаалахгүй хамгаас сайхан харагддаг.

Нас нэмэгдэх тусам дурлаж, шохоорхож, сээтэгнэх багасдаг. Тиймээс өөртөө дурлаж, өөрийгөө тордож, арчилж, өмнөхөөсөө ч илүү сайхан гийх боломж хүн бүрд бий.

Эцэст нь хэлэхэд өөрийнхөө эд эрхтэнг бүү чамлаж өөлж байгаарай. Чи бол өөд нь татах тусам өнгө орон гялалзах хамгийн гоо цэцэг болон энэ орчлонд ургасан билээ. Өөртөө итгэлтэй, өөдрөг алхацгаая.

Нас насанд гялалзан гэрэлтэх гоо сайхан гэж байдаг. Зөвхөн залуу насаар гоё сайхан дуусдаггүй ээ. Хэн ч чамд дурлаж, хайрлаж, шохоорхохоо болихоос биш, өөрөө өөртөө гоё сайхан, сонирхолтой санагдахаа байхаас л эмээх хэрэгтэй юм. Яаж ч голоод, өөлөөд доош хийгээд өөрөөсөө та бид зугтаж эс чадна.

Хэрэв та зарим нэг улсыг сайн анзаардаг бол залуугаасаа ч илүү гоё сайхан нас ахиж яваа хүмүүс бишгүй таардаг. Та, бид тэдний нэг байж яагаад болохгүй гэж. Та л хичээвэл болно шүү дээ. 

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.