БНСУ-ын Үндэсний түүхийн музейнхэн Монголд 214 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлаж, буянтай үйл бүтээлээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 18-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсыг 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш тууштай дэмжиж, өнөөдөр ч олон мянган Монгол залуусыг ажлын байраар хангаж, бас олон мянган оюутныг өөрийн эх орондоо сургаж,ирээдүйн амьдралд нь бэлдсээр л байгаа БНСУ-ын Үндэсний түүхийн музейнхэн нэгэн томоохон буянтай үйл ажиллагаа явуулжээ.

Тэрхүү буянтай ажлыг нь тоймлон хүргэвэл Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны “Мон-Сол” төслийн 20 жилийн ойд зориулан “Хааны эзэнт гүрэн- Монгол” үзэсгэлэнг есөн долоо хоногийн хугацаанд БНСУ-ын Үндэсний түүхийн музейд толилуулсан билээ. Энэхүү үзэсгэлэнг олон мянган Солонгосчууд үзэж сонирхсон нь илт бөгөөд, тэгээд ч Солонгосын Үндэсний музейн зүгээс уг үзэсгэлэнд ашигласан 214 сая төгрөгийн өртөг бүхий үзмэрийн шилэн хорго, тавиур, дүрс бичлэг, Монгол хэлээр хэвлүүлсэн каталоги зэрэг тоног төхөөрөмжийг үзэсгэлэн хамтран зохион байгуулсан ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, мөн Монголын Үндэсний музей болон Богд хааны ордон музейд өчигдөр гардуулан өгчээ.

Энэхүү буянтай үйл ажиллагааны үеэр Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар “Нэн эртний үеэс  орчин үеийг хүртэлх Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эд өлгий, эзэнт гүрнүүдийн түүх, соёлын төлөөлөл болох 533 ширхэг үнэт үзмэрийг БНСУ-д өнгөрсөн тавдугаар сараас долоодугаар сарын 17-ныг хүртэл, хоёр сар хагасын хугацаанд толилуулсан юм. Ийм хэмжээний үзэсгэлэнг өмнө нь манай улсаас Азийн улс орнуудад дэлгэж байгаагүй юм. Тус үзэсгэлэн нь Монгол Улсын түүх, соёлыг гадаадад сурталчлан таниулах, соёлын үйлдвэрлэл инноваци шингэсэн шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор зохион байгуулагдсан томоохон хэмжээний үзэсгэлэн байсан билээ” гэжээ.



Түүнчлэн уг үзэсгэлэнгийн үеэр БНСУ-ын Үндэсний музейд “Монголын соёлын долоо хоног” арга хэмжээ болсон бөгөөд  60 гаруй мянган иргэн үзэсгэлэнг  үзэж сонирхсон нь тодорхой болжээ. Тэгээд ч өчигдрийн арга хэмжээний үеэр БНСУ-ын Үндэсний музейн захирал Пэ Ги Дун  “Манай ард түмэн нүүдэлчдийн соёл тэр тусмаа Хүннүчүүдтэй холбоотой олдворуудыг  маш их сонирхдог. Энэ удаагийн үзэсгэлэнгээр  бүх цаг үеийн нүүдэлчдийн соёлын өвийг нэг дороос үзэх боломж олгосонд бидний зүгээс үнэхээр их талархаж байгаа. Солонгос хүмүүс ахиж Монголд ирж эдгээр үзмэрийг үзэх нь ч тодорхой. Монгол оронд түүхийн том үйл явдлууд өрнөсөн байдаг. Энэ ч утгаараа археологийн судалгааг илүү хөгжүүлээд явбал, цаашдаа Евро Азийн түүхийг шинээр бичих боломж бий болно” хэмээн  онцлон дурдсан байсан.

БНСУ-ын Үндэсний түүхийн музейн энэхүү томоохон бэлэг, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авснаар Монголын Үндэсний музей, ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн музей, Богд хааны ордон музей нь стандартын шилэн хоргонд үзмэрээ хадгалан, олон нийт болон Монгол орныг зорин ирсэн жуулчдад  дэлгэн үзүүлэх боломжтой болж, нэг алхам урагшилж байгаа хэрэг юм.

Ер нь Монголчууд, Монгол оронд халуун гараа сунгасаар л байгаа БНСУ-д Монголчууд бид үргэлж талархаж явах учиртайг ч энэхүү томоохон хэмжээний бэлэг, музейн тоног төхөөрөмжүүд бидэнд дахин сануулж байгаа нь ч ойлгомжтой юм... 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.