Цалинг нь нэмэхгүй бол багш нар "Тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэв ээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 16-нд 14:58 цагт
Мэдээний зураг,

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Багшийн цалин нэмүүлэх түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүн “Соёмбо” Академийн захирал, Боловсрол судлалын доктор А.Санжмятав, Нийслэлийн 44-р сургуулийн Технологийн багш С.Сарантуул, нийслэлийн 84-р сургуулийн Англи хэлний багш Б.Цэрэндолгор, Борнуур сумын сургуулийн Бага ангийн болон Математикийн багшаар 35 жил ажиллаад Тэтгэвэртээ гарсан С.Мөнхсаруул, Нийслэлийн 133-р сургуулийн Дуу хөгжмийн багш Т.Пүрэвсүрэн нар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарт энэ сарын 22-нд хариугаа авах шаардлага илгээж байгаа талаараа Хэвлэлийн хурал зохион байгуулав. Тэдний зүгээс “Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрэээнд хөдөлмөрийн хүний, түүн дотроо төрийн зарим албан хаагчдын Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө зөрчигдсөөр байна. Төрийн үйлчилгээний салбарт ажиллагсадын цалин хөлс амьжиргааны түвшинг хангахгүйд хүрч Олон улсын арга, аргачлалаар тооцоход ядуурлын түвшингээс доош орж, хөдөлмөрийн мөлжлөгт ч өртсөөр байна. Монголын 40 гаруй мянган багш нар 2017 оны аравдугаар сарын 05-ны өдөр хийсэн Онц их хурлаараа багшийн хөдөлмөрийн хөлсийг үнэлж тогтоосон билээ. Боловсролыэн салбарын нийт 68955 багш ажиллагсадын 21381 СӨБ, 28889 нь Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн 75 орчим хувь нь эхчүүд, эмэгтэйчүүд байгаа юм.

“Хүний эрхийн түгээмэл тунхаглалын”-ын 23-р зүйлд:

1.Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт, адил хэмжээний шан хөлс авах эрхтэй.

2. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн аривжуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй хэмээн тунхагласан.

Иймд улс орны эдийн засгийг сэргэж тогтворжсоныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллэсэн. “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн борлуулалтын орлого нэмэгдсэн ч төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдсэнгүй. Монголын мянга мянган багш нарын сэтгэлийг зовоосон асуудлууд, нийгмийн тогтолцооны гажуудлыг засахад улсын тэргүүлэх салбарын мэргэжилтнүүдийн хувьд “Багш бидний оролцоо” зайлшгүй байгаад доорхи тулгамдсан асуудлуудыг Засгийн газарт хандан шийдвэрлэж өгөхийг шаардаж байна.

Үүнд:

1.Засгийн газар, ОУВС-ын 2018 оны наймдугаар сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн багшийн Үндсэн цалинг 2018 оны III улиралд 50 хувиар нэмэгдүүлэх.

2. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл, аюулгүй амьдрах баталгааг хангах, уул уурхай болон архи, тамхины орлогын 5 хувийг хүүхдүүдийн хөгжилд зарцуулдаг болох.

3.Монгол гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, хөгжил төлөвшилтийг төрийн бодлогоор зохицуулан амгалан тайван, аз жаргалтай элэг бүтэн амьдрах эрх, Гэр бүлийн хуулийг дагаж мөрдүүлэх сургалтаар хангах.

4.Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрлөх стандарт, ажлын байрны тодорхойлолтыг Олон улсын стандартад нийцүүлэн хууль эрх зүйн түвшинд баталгаажуулах.

Багш ажиллагсадын нийгмийн хамгаалал, хөгжэлийн асуудал бүрэн утгаараа орхигдсоноос ажил хйисээр жилээс жилд ядуурч, эмзэг давхаргад шилжих боллоо. Үүнтэй холбогдуулан төрөөс буюу УИХ-аас “Хөдөлмөрийн мөлжлөгөөс зайлсхийх, хөдөлмөрийн ялгаварлалтыг таслан зогсоох, төрийн албанд ажиллаад ядуурлын түвшинд амьдрах болсон иргэдийн амьжиргааны баталгааг хангах талаар тусгайлсан тогтоол шийдвэр гаргах зайлшгүй хэрэгцээ гараад байна.

Удаа дараагийн цалинг нэмүүлэхийг шаардсан тэмцлийн үйл ажиллагааг таслан зогсоож МҮЭ-ийн удирдлагууд гартаа авч ажилласан хэдий ч одоог хүртэл Үндсэн цалин хөлсөнд нэг ч төгрөг нэмэгдээгүй байгаа нь харамсалтай тул тэмцлээ эрчимжүүлэхийг шаардаж байна. Төрийн албан хаагчдын Үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын стандартыг хуульчлан хэрэгжүүлэхэд бодит үр дүнд хүрэхгүй байвал МҮЭ-ийн удирдлагуудад ажлын хариуцлага тооцох болно.

Багшийн цалинг Нэмэгдүүлэх Түр хорооны шаардлагын хариуг 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр ирүүлнэ үү.

Багшийн цалинг нэмэдүүлэх Түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүд С.Сарантуул, А. Санжмятав, Б.Бат-Эрдэнэ, Т.Пүрэвсүрэн, Б.Цэрэндолгор, С.Мөнхсаруул нар” хэмээсэн мэдээлэл хийсэн юм. Уг Хэвлэлийн хурлыг нээж “Соёмбо” Академийн захирал, Боловсрол судлалын доктор А.Санжмятав үг хэлэхдээ “Багшийн цалинг нэмэгдүүлэх “Түр хороо” жилийн өмнө байгуулагдсан. Тэр цагаасаа хойш бид бүхэн тэмцлийн олон хэлбэр сонгон тэмцэж, Засгийн газар, МҮЭ-үүдэд зохих шаардлагуудыг тавьсаар л ирсэн билээ. Өнөөдөр яагаад багш нарын цалин нэмэгдэхгүй байгаагийн учир шалтгааныг хүн болгон мэдэж, барагцаалж байгаа. Энэ нь Засгийн газрын зүгээс тодорхой дорвитой хариу ирүүлэхгүй, асуудлыг олон талаас нь аргацаасан байдалтай л байгаад байгаагаас болж Багш нарын цалин нэмэгдэхгүй байна. Гэтэл энэ жилийн эхний хагаст Монгол Улсын эдийн засаг 6.3 хувиар өссөн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлсэн. Мөн Татварын орлого ч 30 хувиар нэмэгдсэн байх жишээтэй. Эндээс харвал Монголын эдийн засаг ”Гэрлийн хурд”-аар өсч байгаа юм. Дээр нь уул уурхайн компаниуд бүтэн жилийнхээ ашгийг хагас жилд л хийдэг болчихсон байх жишээтэй. Энэ бүхнээс дүгнэхэд Монголын багш нарын цалинг нэмэх бүрэн бололцоо байгаа юм. Дээр нь ОУВС-ын төлөөлөгчид саяхан Монголд ирээд явсан. Тэдний зүгээс “Засгийн газарт нь цалин нэмэх бололцоог нь олгосон. Одоо тэд түүнийгээ өөрсдөө мэдэж шийдээд л явах ёстой” хэмээсэн байсан. Иймээс ч бидний зүгээс энэ сарын 3-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд цалин нэмэгдүүлэх шаардлагаа хүргүүлсэн.

Гэтэл яг үнэндээ Багшийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг Ж.Эрдэнэбатын болон У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрууд судалсаар байгаад л өнөөдрийг хүрчихлээ. Хэдийгээр нь эдийн засаг өсөөд байгаа ч гар дээрээ авдаг цалингийн хэмжээ нь, өрийн дарамт, үнийн өсөлтөөс хамааран авдаг цалингийн хэмжээ улам л буурч, ядуурлын түвшин нь нэмэгдсээр л байгаа юм. Гэтэл өнөөдөр асуудлыг шийдэх учиртай дарга нар маань өөрсдөө сандал ширээтэйгээ үхтэл зууралдаад л илүү их ашиг олохын төлөө л зүтгээд байгаа боловч яг амьдрал дээрх ард түмнийхээ халаасны, санхүүгийн болон цалингийн асуудлыг яагаад шийдэхгүй, зориглохгүй байгаа нь хачирхалтай хэрнээ, эмгэнэлтэй болж байна. Тийм ч учраас бидний зүгээс энэ сарын 22-нд манай шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж бүх нийтийн ажмл хаялт зохион байгуулж, энэ хичээлийн шинэ жилийг тэмцлээр эхлүүлэх болно” гэсэн юм. Түүний дараа Улаанбаатар хотын 44-р сургуулийн Технологийн багш С.Сарантуул, 84-р сургуулийн Англи хэлний багш Б.Цэрэндолгор, Борнуур сумын бага ангийн болон Математикийн багшаар ажиллаж байгаад Тэтгэвэртээ суусан С.Мөнхсаруул, нийслэлийн 133-р сургуулийн Дуу хөгжмийн багш Т.Пүрэвсүрэн гээд Багшийн цалинг нэмэдүүлэх Түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүд ээлжлэн эсэргүүцлээ илэрхийлж, ширүүхэн мэдэгдлүүд хийсэн юм. Ямартай ч Багшийн цалинг нэмэгдүүлэх Түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүд МҮЭ-ийн Ерөнхийлөгч х.Амгаланбаатар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тодорхой шаардлага хүргүүлж, энэ сарын 22-нд хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ ийнхүү мэдэгдэцгээсэн юм...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.