Автобусаар зорчсон тэмдэглэл...

Twitter Print
2018 оны 08-р сар 15-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн сард автобусаар идэвхитэй зорчсон юм. Эхлээд сонирхолтой, заримдаа төвөгтэй, заримдаа бухимдмаар... Ер нь бол: 

-Ариун цэвэр муу! 

Ариун цэврийг автобус компаниуд анхаарах, долоо хоногтоо дор хаяж нэг угааж байх, нэг угаадаг бол хоёр угаадаг болох хэрэгтэй. Цэвэрхэн байж зорчигчдын тоогоо нэмэгдүүлэх боломжтой санагдлаа. ихэнхи тохиолдолд хүмүүс хувцсаа бохиртуулахгүйн тулд автобуснаас татгалздаг байх. "Өвөл дулаахан, зун цэвэрхэн" байвал...

-Цагийн хуваарь байхгүй!

Ямар автобус хэзээ ирэх нь тодорхойгүй, үүнээс үүдэн цаг нартай ажил сургуультай хүмүүст хоцрох, хүлээх, өөр тээврийн хэрэгсэл сонгохоос өөр аргагүйд хүрэх асуудлууд байнга үүсэж байна. Өвлийн хүйтэнд үүрээр эсвэл оройгоор бүр хэцүү байдаг байх. Тэгхээр автобус бүр GPS-р нь хаана явж байгааг харж болдог болмоор байна. Энэ нээх хэцүү биш ердөө UBCAB шиг апп байхад болно. Угаасаа бүх автобусанд байгаа кард уншигч хар төхөөрөмж дотроо GPS байрлал тодорхойлогчтой тэрийг нь аппаар хардаг болчвол, өөрийн ойр хавьд байгаа автобуснуудийг хараад талбай дээр явж байгаа автобусанд багшийн дээдээс үсрээд л суучихаж болно. Одоо 1-р эгнээгээр явдаг болсон юм чинь хуваарь гаргахад ч болохгүй юм байхгүй.

-Чиглэл ойлгомжгүй!

Ямар дугаартай автобус хаашаа явах нь тодорхойгүй байдлыг ерөнхий нэг том мап дээр тэмдэглэж гаргаад хүн бүр утсандаа татаад авах, эсвэл автобусны буудал бүр дээр томоор наах. Тэр буудалд ирж явдаг автобуснуудийн чиглэлийг тодоор тэмдэглэх. Томоор!

-Автобусны хүрэлцээ бага!

Автобусныхаа тоог нэмэгдүүлэх, хүн ихтэй баруун зүгт зорчих автобусны тоог оргил цагаар ойр ойрхон олон рэйстэй тавихгүй бол наанадаж чихцэлдсэн зорчигчдийн дунд хулгай дээрэм, цаашлавал халдварт өвчин дамжих нөхцөл өсдөг юм байна. Гэх мэт олон шалтгаанаар зорчигчдоо алдаж, автомашины хэрэглээг дэмжиж байгаа.

-Карт цэнэглэх үйлчилгээ хүртээмжгүй!

Umoney картаа цэнэглэнэ гэдэг бас ухаан шаардсан ажил юм шиг байгаа юм. Зарим газар цэнэглэдэггүй, зарим нь хаачдаг. Энийг Мобайл, Интернэт банкны үйлчилгээ өргөн дэлгэрсэн энэ цагт данснаасаа, утаснаасаа цэнэглэдэг болгомоор юм. Жишээлбэл картнуудийг баркодтой бол Qpay-р уншуулаад 1000, 3000, 5000 G-д цэнэглэчдэг. Эсвэл мобайл, интернэт банкны үйлчилгээнд автусны карт цэнэглэх гд картын дугаараа оруулаад хэзээ ч хаанаас ч цэнэглэдэг болчмоор байна. 

-Зарим хороололд автобусны чиглэл байхгүй. 

Энэ асуудлыг дээш нь уламжилмаар. Манай гэр нарны зам дагуу нэг л автобус Толгойт - Улаанхуаран чиглэлд хаа нэг явдаг. Танайх автобус очдоггүй газар амьдардаг гээд хүмүүс ирдэггүй ш дээ манайд.

-Холын рэйс, ойрын рэйсээр ялгах

Толгойтоос Амгалан, Шархаднаас 5 шар, Зайсангаас 7 буудал, Офицерээс Орбит, Багшийн дээдээс Нисэх, Эмээлт, Баянзүрх ч гэдэг юм уу, хол рэйснүүд гаргаад энгийн автобуснаасаа хурдан явхаар, буудал алгасаж гол гол буудлууд дээр зогсдог байхаар төлөвлөөд тайлбарлаад өгчихвөл маш олон асуудал шийднэ дээ гэж бодлоо. Хол рэйсний автобусанд зогсох биш суух суудал ихтэй, замын талаас илүү явахад 1000 картнаас хасагддаг байвал хаа хаанаа хохиролгүй байх.

Ямар ч хотод машингүй бол хохь нь гэдэг тээврийн зохицуулалт байж болохгүй. Аль болох нийтийн тээврийн хэрэгслийг гол унаа болгож байж агаарын бохирдол, хүлэмжийн хий, замын түгжрэлд алдах цаг хугацаа, эдийн засгийн алдагдлыг бууруулна. Хотын төвлөрлийг ч сийрүүлэх боломжтой. Налайх, Эмээлт, Орбит, Зуслангуудийн автобусны хүрэлцээг нэмэгдүүлчээд 30 минут дотор орж ирж болоод байвал төвд амьдрах шаардлагагүй. Нээх сүртэй зардал мөнгө шаардах төсөл ярихаасаа өмнө байгаагаа аятайхан зохицуулаад хэрэглэчихвэл болохоор юм шиг.

Лхагвасүрэнгийн Ану-Үжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.