Д.Болдбаатар: Хоёр төрлийн хүн гадаад хэлийг маш сайн сурч чадна

Twitter Print
2018 оны 08-р сар 14-нд 17:54 цагт
Мэдээний зураг,

Д.Болдбаатар: Гурван зүйлийн үнэ цэнийг ойлгосон хүн ямар ч хэлийг төгс эзэмшинэ

Гэгээ боловсролын төвийн үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Болдбаатар 33 нэр төрлийн ном орчуулан гаргасны 10-аад нь толь бичиг. Бидний сайн мэдэх “Чонон сүлд” номыг тэрбээр орчуулсан билээ.

Д.Болдбаатар багшийн гадаад хэлийг хэрхэх хурдан, хялбар аргаар сурах тухай лекцийг тоймлон хүргэж байна.

Хүнд гурван нандин эрдэнэ бий   

Түүний нэг нь цаг хугацаа. Цаг хугацаанаас илүү үнэ цэнэтэй нандин эрдэнэ байхгүй.  Нөгөө хоёр зүйл нь хүмүүн заяа, оюун ухаан юм. Хорвоо ертөнцөд төрсөн хүмүүн заяа гэдэг хүний хамгийн дээдээр нандигнаж хайрлаж явах ёстой зүйлүүдийн нэг мөн. Аливаа зүйлийг сурч мэдэхийн үндэс нь өөрийнхөө үнэ цэнийг, хүмүүн заяанд төрсөн гэдгээ ухаарч мэдэх явдал юм. Түүнчлэн Монголын баялаг бол Оюутолгой, Таван толгой бус та бүхний оюун ухааны баялаг юм шүү. Оюуны уурхайгаа нандин эрдэнэ мэтээр хайрлаж, гамнаж, хөгжүүлж, ашиглаж байх хэрэгтэй юм. Энэ гурван зүйлийн үнэ цэнийг ойлгосон хүн ямар ч хэлийг төгс эзэмших боломжтой.

Түмэн бодлыг цөөлөх үндсэн арга буюу сэтгэл тогтох ёсон

Оюун ухааныг нартай зүйрлэж болно. Үүл халхалсан нар илчгүй байдагтай адил хүний элдэв бодол буюу нисваанис оюун ухааныг дүүргэсэн байдаг. Оюун ухааныг халхалсан элдэв бодол сарниулж түүнийг эрдэм, мэдлэгээр дүүргэх хэрэгтэй. Үүний тулд тухайн хүн өдрийн зөв дэглэмтэй болох ёстой. Хэрвээ хүн байгаль, нийгэм, гэр бүлийн зэрэг гадаад орчноос үүдэлтэй түмэн зүйлийн бодлоо аль болохоор цөөлж чадвал билиг оюуны хурц чанар улам бүр тодордог. “Төрөө зас, төрөө засахын тулд гэрээ зас, гэрээ засахын тул биеэ зас, биеэ засахын тулд эрдэм сур, эрдэм сурахын тулд сэтгэлээ тогтоо” гэсэн үг бий.

 

Тэгэхээр эрдэм сурах, ялангуяа гадаад хэл сурахын урьдчилсан нөхцөл нь сэтгэлээ тогтоосон байх хэрэгтэй. Орчин үеийн хүүхдүүд интернет, гар утас гээд ухаалаг хэрэглээнд автаж билэг оюуны чадвар нь сарниж байгаа юм. Тиймд хүн өдрийн зөв дэглэмтэй болж, муу зуршилд автахгүй, биеэ хол байлган зөвхөн сурахаар зорьсон эрдэмдээ сэтгэлээ төвлөрүүлж чадвал амжилтад хүрнэ.

Нэг үүдийг нээвэл нэлээд үүд нээгдэнэ

Бурхан багшийн сургаалд “Нэг үүдийг нээвэл үүд үүд нээгдэнэ.” хэмээсэн байдаг нь аливаа эрдмийг сурахдаа нэг чигийг барьж сурваас төгс амжилтад хүрнэ гэсэн утгатай юм. Үүнийг гадаад хэл сурахтай холбон тайлбарлавал илүү ойр дөхөм болно.  Тухайн гадаад хэлээр дурын ном сонин уншиж, кино болон телевизийн нэвтрүүлэг үзээд ойлгодог, Монголоос тухайн хэл рүү, тухайн хэлнээс монгол хэл рүү ямар ч сэдвээр чөлөөтэй орчуулж, чөлөөтэй сэтгэж ярьж чаддаг хүнийг л сая тэр хэлэнд төгс боловсорсон хүн гэж хэлнэ. Эдгээр олон чадваруудыг тэнцүүхэн эзэмшдэг хэрэг гээд энэ олон чиглэл рүү зэрэг зэрэг дайрах нь тийм ч үр дүнтэй арга биш байдаг.  Тиймд даалгавар өгөхгүй, шинэ үг цээжлэхгүй, дүрэм үзэхгүй.  Зөвхөн утга оньсыг нь бариад явах ухаан чухал.

Гадаад хэлний яриагаа хэрхэн сайжруулах вэ?

Хүн бүр гадаад хэлээр ярьдаг болохыг мөрөөддөг. Гэтэл ярианы хэл гэдэг нь зөв сайн хичээллэвэл сургалтын доод шатанд бүрэлддэг чадвар юм. Оюутан залуусаас яаж ярианы хэлэнд сайн болох вэ.  Шинэ үгийг яаж цээжлэх вэ гэсэн асуулт хамгийн олон тохиолддог. Тэдгээр хүмүүст хөнгөвтөр бичвэр өгөөд уншуулах гэхээр түг таг хийгээд сайн уншиж чадахгүй байх нь олонтоо. Цагаан цаасан дээр хараар бичсэн бичвэрийг түгдрэлгүй сайхан уншчиж чадахгүй байгаа хүн юу ч харалгүй толгойгоороо сэтгээд гадаадын хүнтэй хурдан түргэн ярина гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор гадаад хэлийг амжилттай сайн суралцъя гэсэн чин хүсэлтэй залуустаа зөвлөхөд эхлээд тухайн гадаад хэлний зөв сайхан дуудлагыг сайн эзэмш. Дараа нь хөнгөн хялбар бичвэрийг хурдан түгдрэлгүй яруу сайхан уншиж сурахыг зөвлөж байна. “Longman”-ий цуврал хялбаршуулсан номуудыг түлхүү унших  хэрэгтэй. Дэлхийн сонгодог зохиолуудыг цөөн үгээ товчилсон эдгээр зохиол нь сонирхолтойгоос гадна дотроо гурван зэрэглэлд хуваагдсан байдаг. Анхан шатны зохиол нь ердөө 450 хан үгэнд багтаан бичигдсэн бол хоёрдугаар шатны ном нь 800 орчим үгээр бичигдсэн. Гуравдугаар шатны номнууд нь 1200 орчим үгсээс бүтсэн байх жишээтэй.

Өдөрт 20-30 минут чанга дуугаар унших хэрэгтэй

Чанга унших үед харааны тогтоолт, сонсгол дээшлэх, хэл эвлэх зэрэг олон чадвар нэгэн зэрэг сайжрахаас гадна хамгийн гол нь төрөлх хэлний сэтгэлгээний саадыг гэтлэн харь хэлний сэтгэлгээнд нэвтрэхэд маш чухал нөлөөтэй.   Хүний тархи гэдэг компьютертой төстэй байдаг. Гадаад хэл сайн сурмаар байгаа бол сканер шиг тусгаж, спикер шиг чанга дуугаар уншиж, гаргах хэрэгтэй.

Яагаад чанга унших нь гадаад хэл сурахад өндөр ач холбогдолтой вэ гэхээр би өөрийнхөө тухай нэг түүх ярья.

Амжилт гэдэг алдаа онооны нийлбэр

Бавуугийн Лхагвасүрэн гуайтай хамт Хятад руу нэг төрийн уулзалтад орчуулагчаар явж байсан. Их сургуулиа улаан дипломтой төгссөн, дээрээс нь нэг жил багшилчихсан,  нэлээд орчуулга хийж хүмүүст танигдаж байсан үе л дээ. Тэгсэн тухайн уулзалт дээр синхрон орчуулга хийх гэсэн чинь таг болчихсон. Тэгсэн надаас залуухан хятад залуу орчуулна гэж тачигнуулж байна. Хоёр талын дарга нар гэж  шкаф шиг ханхайсан эрчүүд өөдөөс хараад суучихсан, гацаахад заал дүүрэн хүмүүс шогшроод, гэрэл зургийн аппарат дуугараад орох газар олдоогүй. Улсын ажил баллаа, хариад юу болох бол гээд л толгой дотор түмэн бодол эргэлзэж байсан. Гэхдээ би тэр үед шантраагүй.

Яагаад гэвэл алдаа дутагдал, амссан бэрхшээл миний амьдралын үнэ цэнэ юм. Майкл Жордонгийн нэг хэлсэн үг байдаг. Амжилтад хүрсэн нууц гэхээр “Нэг секунд дутуу байхад нэг оноо алдсан” гээд л дандаа алдаа харамсал бодогдоод байх юм гэж хэлсэн байдаг. Тэгээд тэрээр ерөөс амжилт гэдэг чинь алдаа онооны нийлбэр юм биш үү гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бэрхшээл тулгараад байна би ямар зовлонтой хүн бэ гэж гашууддаг залуу хүн байхгүй байх гэж бодож байна. Бэрхшээл гэдэг хурцалдаг билүү юм шүү. Зовлонгоос битгий зугтаарай давж сураарай гэж хэлмээр байна.

Тэгээд сүүлд нөгөө надаас насаар дүү орчуулагч залуугаас яаж ингэж сайн сурсан талаар асуухад, өөдөөс “Би өдөр бүр танай “Ардын эрх” сониныг 30 минут чанга дуугаар уншдаг. Өөр зүйл хийдэггүй” гэж хэлсэн юм. Миний хувьд түүнээс хойш чанга дуугаар унших арга барилыг хэрэгжүүлж эхэлсэн. Тиймд гадаад хэлийг сайн сурсан нууц чанга дуугаар унших гэж залуустаа зөвлөмөөр байна.

Хоёр төрлийн хүн гадаад хэлийг маш сайн сурч чадна

Аливаа зүйлд хандлага чухал юм. Хоол идэж байгаа бол идсэн шиг идэх хэрэгтэй. Хичээлээ сайн хийхэд ч гэсэн зөв суухаас эхэлдэг. “Сунайвал сурсан эрдэм сугаар гарна” гэдэг мэргэн үг бий. Энэ үгийн цаад утга хандлагыг хэлээд байгаа юм. Тэгэхээр гадаад хэлийг маш эзэмшиж чадах хүн бол зөв эерэг хандлагатай, эвсэлтэй байдаг. Нөгөө нэг төрлийн хүн нь өнөөдрөөр амьдардаг, одоо гэдэг цаг хугацааг маш сайн ашигладаг хүн юм.  Одоог л зөв ашиглаад сурчих хэрэгтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.