Өнөөдрөөс яг 10 жилийн өмнөх энэ өдөр буюу Н.Түвшинбаяр аварга...

Twitter Print
2018 оны 08-р сар 14-нд 13:03 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрөөс яг 10 жилийн өмнөх энэ л өдөр Монгол түмэн Бээжингийн олимпийн Жүдо бөхийн -100 кг-д гайхамшигтай сайхан барилдан түрүүлж, БНХАУ-ын тэнгэрт Монгол төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн өнөөдрийн Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяраараа амьсгалж, төрийн өндөрлөгүүдтэйгээ нийлээд Д.Сүхбаатарын талбайг долгилуулан мяралзуулж байсан түүхтэй билээ. Монголын анхны хоёр олимпийн аваргын нэг Н.Түвшинбаяр аваргын намтар түүхээс сонирхуулвал тэрээр 1984 оны зургаадугаар сарын 1-нд хуучнаар БНМАУ-ын Булган аймгийн Сайхан  суманд малчин эцэг  Т.Найдан, эх Д. Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон мэндэлсэн түүхтэй.

Монгол хөвүүдийн жишгээр үндэсний бөхөд дуртай, зүтгэлтэй байсан Н.Түвшинбаяр 2002 онд өсвөрийн 16 настнуудын бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэр буюу 17-18 настай бөхчүүдийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цолтой залуу хүчтэн болсон байдаг. Удалгүй Булган аймгийн арван жилийн II дунд сургуулийг төгсөөд Улаанбаатарт ирж, "Авар­га" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж эхэлсэн байдаг. Ингээд “Аварга” биеийн тамирын сургуулиа 2006 онд Багш дасгалжуулагч мэргэжил эзэмшин төгссөн байна. Аймагтаа н.Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага доор барилдаж байсан бол нийслэлд ирээд Монгол Улсын гавъяат тамирчин Халиуны Болдбаатарын шавь болсон байдаг. 2006 оноос Монгол Улсын жүдогийн шигшээд багтаж Олон улсын тэмцээнүүдийн -100 кг жинд барилддаг болжээ. 2007 онд Эль-Кувейтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэж, намар нь болсон Бээжингийн олимпийн наадaмд таван учраагаа савсаар Монгол Улсын түүхэнд олимпийн анхны алтан медалийг авчирсан билээ. Ингэхдээ эхний тойрогт Японы алдарт бөх Сүзүкиг давхар хамж цэвэр, хоёрдугаар тойрогт ХБНГУ-ын бөх Берлаг юүко үнэлгээгээр, гуравдугаар тойрогт Өмнө Солонгосын Чанг коко үнэлгээгээр, дөрөвдүгээр тойрогт Азербайжаны Миралиевийг цаг сунгаж юүкогоор, алтан медалийн төлөөх шигшээ барилдаанд Казакстаны бөх Асхат Житкеевийг вазари үнэлгээгээр хожиж аваргын тавцанд зогссон билээ.

Түүнээс дөрвөн жилийн дараа 2012 оны Лондонгийн олимпод дөрөв ялж, алтын төлөөх барилдаанд гэмтэлтэй байхдаа Оросын Тагир Хайбулаевтай шалгаран үлдэж, сууж үүрүүлэх мэхээр хожигдон мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын анхны олимпийн хос медальтан болсон түүхтэй. Энэ хооронд хоёр удаа буюу 2010, 2011 онуудад Монгол Улсын аварга болсон энгүй хүчтэн, уран барилдаанч аварга билээ. Лондонгийн олимпоос таван жилийн дараа "Будапешт-2017” жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний +100 кг жинд барилдаж Гүржийн шинэ залуу од Гурам Тушишвилийг даралтаар цэвэр хожиж, хүрэл медаль хүртсэн нь бас л гайхалтай том амжилт байсан билээ. Тэгээд ч тэрхүү гавъяаг нь үнэлэн 2017 онд Монгол төрийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Чингис хааны одонгоор шагнаж урамшуулсан билээ.  

Тухайн үед буюу 2008 оны 8-р сарын 25-нд тэр үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлигаа гаргаж Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнаж байсан түүхтэй. Н.Түвшинбаяр 2009 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Болдпүрэвийн Оюунбилэгтэй гэр бүл болж, Манлай, Мандах гээд хоёр хүү, Өэлүн хэмээх охиноо бас нэг жаахан охин дүүтэй болгосон гээд дөрвөн хүүхэдтэй болсон бөгөөд гэр бүлээрээ Улаанбаатар хотод амьдарч байгаа билээ. 

Гэхдээ энд Монголчуудын түүхэнд нэгэн муухай хар өдрөөр тэмдэглэгдсэн нь 2008 оны долоодугаар сарын 1-ний “УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн ард олны тэмцэл, хөдөлгөөн”-ийг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Тухайн өдөр залуучууд голдуу жагсаж, эцэст нь тухайн үеийн МАХН-ын төв байр “Тусгаар тогтнолын ордон”-г галдан шатааснаар тэмцэл туйлдаа хүрч, эцэст нь цагдаа нар таван залууг буудан хөнөөснөөр “2008 оны долоодугаар сарын 1 Монголын түүхэнд Хар өдрөөр тэмдэглэгдэн үлдсэн” билээ. Харин энэ муухай өдрийн нүгэл хилэнцийг 45 хоногийн дараа Бээжингийн олимпийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр л нам дарж, тухайн үеийн Монгол төрийн удирдагчдыг Д.Сүхбаатарын талбайд согтуу хөлчүү гарган ирж, ард олонтойгоо баярлан хөөрөх боломжийг олгосон гавъяатан билээ. Тэр түүхэн өдрөөс хойш өнөөдөр яг 10 жил өнгөрч байнам. Тухайн үедээ таван залууг буудан хөнөөсөн гэм буруутан нь тодроогүй ч Монголчуудыг нэгтгэж, Үндэсний их баяр цэнгэл, хөгшин залуугүй хөөрөн догдолсон агуу их урмаар тэтгэсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпийн “Баатар”, Лондонгийн олимпийн магнай болсон Н.Түвшинбаяр аваргаараа Монгол түмэн өнөөдөр ч бахархан цэнгэж байгаа нь тодорхой. Яагаад гэвэл тэрээр Монгол түмний анхдагчдын өлгий Булган хангай нутгийн Сайхан сумын уугуул, өнөөдөр гэвэл Жүдо бөхийн дэлхийн хэмжээний аварга, Олон улсад алдраа мандуулсан сүр жавхлангийн эзэн билээ.

Тэрээр энэ жилийн үлдсэн хугацаанд Олон улсад болох жүдогийн Гранпри, Гранд Слам тэмцээнүүдэд амжилттай зодоглох нь ч ойлгомжтой. Энэ оны эцсээр болох Токиогийн “Их дуулга” тэмцээнд амжилттай барилдаад их спортоос зодог тайлах болов уу. Түүний дараа түүнийг их спортод гаргасан агуу их амжилт шиг нь Монголын улстөрд ч цахиур хагалах гайхалтай цаг хугацаа хүлээж байгаа хэмээн бодогдоно. Учир нь түүний их холбоотон Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулга Монгол төрийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд хоёр ч олимпоос алт, мөнгөн медаль энгэртээ гялалзуулсан агуу их гавъяаг нь үнэлж, Монголын улстөрд эргэлт буцалтгүй орох замыг нь тэгшлэн засах үйлдлээр мялаах нь тодорхой юм. Эцэст нь тэмдэглэхэд өнөөдрөөс яг 10 жилийн өмнөх энэ өдөр Монголчуудын хувьд сэтгэлийн цэнгэл, хөөр баяраар амьсгалсан түүхэн өдөр байлаа гэж. Яагаад гэвэл яг л энэ өдөр Н.Түвшинбаяр хэмээх агуу жүдоч Бээжингийн олимпийн аварга болж байлаа даа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.