УИХ дахь АН-ын Бүлэг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийг унагахаар хөдөлж эхэллээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 13-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг унагахаар санал нэгдэцгээжээ. Тэгээд ч тэр талаараа Бүлгийн хуралдааныхаа дараа мэдээлэл хийв. Хэвлэлийн бага хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцжээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна. Тэгээд ч тэр тухай албан шаардлагаа хүргүүлж байгаа” хэмээн мэдэгдэв.

Мөн цааш нь "Эрх барьж байгаа намын дотоод зөрчлийн асуудлаас үүдэн эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Цаашлаад улс орны ирээдүй болсон хүүхдийн амь нас, эрүүл мэнд ноцтойгоор хохирсоор байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй иргэдийн амь нас хохирсоор байгааг анхаарах хэрэгтэй. Манай улсад вагоны осол гарсан түүх ховор. Гэтэл вагоны осол гарсны улмаас 88 хүнд эмнэлэгт хандаж, хоёр хүний биеийн байдал хүнд байна. АН энэ бүхнийг сөхөж ярихаар байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ослыг улстөржүүллээ гэж байна. Төмөр замын байгууллага бол хагас цэрэгжсэн, маш сайн зохион байгуулалттай ажиллаж ирсэн түүхтэй газар. Энэ сахилга бат, ажиллах арга барил хаачив. Энэ асуудал дээр Засгийн газрын нэг сайд, дэд сайдыг огцруулаад яах вэ дээ. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээх ёстой. Цаашлаад Засгийн газраа бүрдүүлсэн УИХ энэ асуудалд анхаарал хандуулж чадахгүй бол тарах ёстой гэсэн байр суурьтай байна" хэмээн онцолсон юм. Мөн түүнчлэн АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ч “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө хариуцлага хүлээж албан тушаалаасаа түргэхэн татгалзах ёстой. Тэгээд ч ард түмнийхээ өмнө амлаж байснаа биелүүлж, нэг яамны Газрын дарга нь нөгөө Газрын даргынхаа амь насыг бусниулчихаад байгаа энэ бусармаг үйлдлийн эсрэг дорвитой ажиллаж чадаагүй буруугаа хүлээхгүй бол бид дараагийн тэмцлийн замд шилжих болно. Ингэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайд бушуухан ажлаа хүлээлгэн өгч, дараагийн Ерөнхий сайдыг УИХ-аас түргэхэн томилох цаг нь болчихоод байна” гэв. Ийнхүү Монголын улстөр дахин бужигнаж эхлэх нь тодорхой болов. У.Хүрэлсүхийг УИХ дахь АН-ын Бүлэг түлхэн унагах нь тодорхой болж байна. Харин У.Хүрэлсүхийн оронд хэн гээч нь дараагийн Ерөнхий сайдын суудалд залардаг юм бол доо. Үүнийг УИХ дахь МАН-ын Бүлэг болон УИХ-ын дарга М.Энхболд нар л тохиролцон шийдэх нь тодорхой болж байна.

Мэдээж дараагийн Ерөнхий сайдын суудалд шунахайран дурлаж байгаа этгээдүүд өнөөдөр, маргаашнаас оволзож эхлэх нь ч тодорхой. Тэр суудалд залрахаар УИХ дахь МАН-ын Бүлгээс Ц.Нямдорж, Д.Хаянхярваа, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Тэрбишдагва гээд олон эрхэм ил, далд өрсөлдөж эхлэх нь тодорхой. Магадгүй У.Хүрэлсүхийн оронд Ерөнхий сайдын суудалд залрахаар түүний тэргүүлсэн танхимын гишүүд болох Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, Д.Цогтбаатар нар ч харилцан өрсөлдөж эхлэхийг ч үгүйсгэх аргагүй л юм. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 20-оор л бүрэлдэн тогтож Ж.Эрдэнэбатаас Ерөнхий сайдын албыг хүлээн авч байсан У.Хүрэлсүх жил ч бололгүй Ерөнхий сайдын албан тушаалаас туугдах нь тодорхой болж байх шиг. Харин түүний албыг чухам хэн гэгч нь залгамжлан авах нь одоогоор хараахан тодорхой биш л байгаа юм. Ямартай ч эрх баригч МАН-тай ямагт нэгийгээ үзсээр л ирсэн УИХ дахь сөрөг хүчин АН-ын Бүлгийн хувьд Монголын улстөрийг дахин савалсан хөдөлгөөнд оруулж, өөрсдийнхөө зугааг гаргаж эхлэхээр давалгаалж эхлэв. Тэдний сэтгэлийг долгилуулах энэхүү давалгаа нь аль хэр өндөрт гарч, тэднийг зугаацуулах хийгээд Монголын нийгмийг аль хэр бужигнуулахаас энэ намрын улстөр аль хэр савлах нь тодорхой болох бизээ.

АН-ын дарга С.Эрдэнэ "Ер нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах баталгаа үндсэндээ алдагдаж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай эрх баригчид ард түмний тархийг угаах замаар 49 хувийг хэсэг бүлэг хүмүүс дээрэмдчихсэн мэтээр ярьж, ухуулж явсаар өнөөдрийг хүрсэн. 49,51 хувийн асуудлыг нэгтгэж, нэгдсэн ажлын хэсэг гаргаж шалгах шаардлагыг би удаа дараа тавьсан. Одоо болтол 51 хувийн асуудал шийдэгдээгүй л байна. Английн арбитрын шүүхээс эцсийн шийдвэр нь гарч ирсэн байна. Энэхүү мэдээллийг ажлын хэсгийн ахалж байгаа УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсээс ирүүлсэн бичиг ирчихсэн байна. Энэ бичигт дурдсанаар бол өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийг царцаах, битүүмжлэх, Эрдэнэт үйлдвэрийн эрх бүхий этгээдүүдийг гадаад улс оронд зорчих эрхийг хязгаарлах зэргээр маш олон арга хэмжээг авахаар бэлэн болчихсон байгаа юм байна. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсэх юм бол зэсийн баяжмалаас гэхэд л бараг нэг их наяд гаруй төгрөгийн орлого олох боломжгүй болж гадаад зах зээл царцах болно. Олон улсын хооронд хийгдэж байгаа гүйлгээ үндсэндээ зогсоно гээд ноцтой үр дагаврууд гарах байдал үүсээд байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газар одоо болтол ганц ч дорвитой алхам хийхгүй байна. Энэ Засгийн газрын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Зүгээр золгүй байдлаар хүний амь нас эрсдэж байгаа биш санаатайгаар хөнөөж байгаа нь аймшигтай. Эрх барьж байгаа намын дотоод зөрчлийн улмаас эрдэнэт хүний амиа алдаж байгаа нь үнэхээр ноцтой асуудал. Төрийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж, бидний ирээдүй болсон хүүхдүүд эндэж, алга болох асуудал газар авч байна.Бид хариуцлага ярьж байгаа. 60 тэрбумын нөлөөгөөр мэдлэг боловсролгүй хүмүүсийг төрийн нарийн мэргэжлийн албанд аваачиж тавьсан гор нь гарч байгаа. Тиймээс өнөөдөр салбарын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга арга хэмжээ аваад өнгөрөх биш удаа дараагийн хариуцлагагүй үйлдлүүдийнхээ хариуцлагыг хүлээж энэ Засгийн газар огцрох нь зүйтэй. Хэрвээ хариуцлагагүй Засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй юм бол УИХ өөрөө тарах ёстой. Бид ард түмний өмнө хариуцлага хүлээх гэж гарч ирсэн тиймээс бид хариуцлагаа хүлээх л ёстой. Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ыг тараахад ямар нэгэн байдлаар сандал суудалтайгаа зууралдаад байх сонирхол алга байна. Бид УИХ-ыг хариуцлага тооцуулах асуудалд хатуу чанд ажиллах болно" гэв. 

Түүний дараа УИХ дахь АН-ын Бүлгийн гишүүн Ж.Батзандан "Ардчилсан намын бүлэг болон  Ардчилсан намсын Улс төрийн зөвлөлөөс  үүсч буй зарим асуудлуудтай холбоотойгоор албан ёсны мэдэгдэл хийх шаардлага гарсан. Төрийн систем байгууллагын төвшинд хаа хаанаа хариуцлага алдаж буйг бид дүгнэж үзсэн.Монгол Улс ардчилсан орон болохынхоо хувьд  гаднаас хүн хулгай хийхгүй, мөн  хууль ёсоор амьдарч байгаа хүнийг хулгайд алдахгүй байх үүрэгтэй. МАН эрх барьж байхад гаднаас хулгай хийдэг, дотроосоо зөвшөөрдөг явдал газар авч байгаа. Энэ нь саяхан болсон БНТУ-ын иргэнийг өгч явуулахаар энэ Засгийн газар гадны байгууллагатай тохиролцсон явдлыг бид эрс эсэргүүцэж байна. Энэ хариуцлагагүй байдлынхаа тухай Засгийн газрын нэг ч сайд, дарга мэдэгдэл хийгээгүй. Олон улсын гэрээ конвенци, Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэсэн энэ байдал нь Засгийн газар,УИХ огцрох хангалттай шалтгаан мөн гэж харж байна. Мөн 60 тэрбумийн асуудлаар нээлттэй сонсгол хийе гэж санаачилга гаргасан байхад энэ тухай огт ярихгүй хойшлуулж буй УИХ-ын дарга М.Энхболд, үнэмлэхүй олони буюу 65 гишүүнээс бүрдэж буй эрхбаригчид огцрох нь зүйтэй гэсэн байр суурийг Ардчилсан намын бүлэг барьж байна. Төрийн албан тушаалыг мөнгөөр худалдаж авч, зардгаас болж хүний амь эрсдэж байна.  Энэ олон шалтгаан бол УИХ-ыг тараах үндэслэл мөн. 
Хариуцлагын системийг сайжруулна гэж ярьж байсан Ерөнхий сайд, хуулийн хайчийг ажиллуулна гэж байсан хуульзүйн сайд нь хаана байна. 60 тэрбум бол эвлүүлэг гэж хэлж байсан хуульзүйн сайд өнөөдөр хаачив. Хариуцлага ярихаар зугтаж, булттаг ийм УИХ, Засгийн газар байж болохгүй. Ганцхан дарга, сайдад хариуцлага тооцож бултана гэсэн зүйл байхгүй.Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа хүлээхийг шаардаж байна. Үүний төлөө Ардчилсан намын бүлэг ард түмэнтэйгээ хамт зогсох болно" гэлээ. Ямартай ч УИХ дахь сөрөг хүчин АН-ын Бүлгийн У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын эсрэг тэмцэл ийнхүү эхэллээ. 

Аль алиндаа үргэлж саад гай тарьж байдаг Монголын улстөрийн хүчнүүд, харгиа цалгиа ихтэй, ард түмэндээ үргэлж гай тарьж суудаг Монголын улстөрчид өө гэж...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.74) 2018-08-13 15:10
      • 0
      • 0

      Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо хэлж байсан сүржин үгэндээ хүрэх эсэхийг харах үлдлээ. Хэвлэл мэдээлэлүүд тэр сүржин мэдэгдэлийг нь ард түмэнд одоо дахин нэг хүргэх нь зөв байхаа

      Хариулах