ЗТХЯ-ны Ж.Бат-Эрдэнэ сайд, дэд сайд “Шилэн” Б.Цогтгэрэл болон Төрийн нарийн бичгийн дарга, долоон газрын даргыг чөлөөлжээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 13-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

Цаг үеийн хүндэрч байгаа асуудлуудыг яаралтай авч хэлэлцэхээр Засгийн газрын яаралтай хурал болж зохих шийдвэрүүдийг гаргасан талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийсэн билээ. Түүний мэдээлснээр өнгөрсөн пүрэв гарагийн 21:20 минутын орчимд ажлын дараа өрөөндөө хамтран архидан согтуурч байсан ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ дотоод аудитын Газрын дарга 38 настай ч дөрвөн ч хүүхдийн эцэг, хамт олон болон найз нөхдийнхөө хүрээлэлд “Сайн хуульч, шударга төрийн албан хаагч” нэртэй байсан Л.Гомбосүрэнг тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга 48 настай С.Махбал гэгч гурван цаг гаруй сандал, архины шил, хутга хэрэглэн зодож нүдсээр тун зэрлэгээр амийг нь хөнөөсөн билээ. Тухайн үед С.Махбал нь ОХУ-аас тус яамны дэд сайд Б.Цогтгэрэлийн оруулж ирсэн хугацаа нь дууссан, чанарын гологдолтой 1000 вагоны хэргийг мөрдөж байсан Хяналт, шинжилгээ дотоод аудитын Газрын дарга Л.Гомбосүрэнг байнга дээрэлхэж, ажлыг нь булаан авч өөр нэгэнд өгөхөөр зэрлэгээр давшилдаг байсныг ч тэнд байсан бас нэгэн Газрын дарга болон тус яамны хоёр жолооч харж байсан ч С.Махбалын зэрлэг үйлдлийг таслан зогсоолгүй зүгээр л архидаад суугаад байсныг Ерөнхий сайд мэдээлсэн юм.

Тухайн үед талийгаач нь биендээ хүнд гэмтэл авч газар унасан байхад нь С.Махбал гэгч зэрлэг нь “Босооч чи” хэмээн өшигчиж байжээ. Б.Махбалын энэхүү харгис үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1.2-т заасан “Онц харгис хэрцгийгээр бүлэглэн алах, мөн Эрүүгийн хуулийн 15.2 буюу бусдын амь насыг аюултай байдалд байхад тусламж үзүүлэх үүргээ биелүүлэлгүй хүний амь нас аврахыг оролдоогүй” зэргээр зүйлчлэн шийтгэх нөхцөлтэй ажээ. Мөн хэрэг үйлдэгдэх үед байсан этгээдүүдэд ч дээрхи заалт хамааралтай гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс ард иргэддээ хандаж хоёр асуудлаар мэдэгдэл хийх гэж байна. 2018 оны наймдугаар сарын 9-ний 21.45 цагийн үед Зам тээвэр, хөгжлмйн яамны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга С.Махбал болон Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Гомбосүрэн болон холбогдох албаны хүмүүс архи уусны улмаас Л.Гомбосүрэнгийн амь насанд халдсан ноцтой гэмт хэрэг гарсныг ард иргэд мэдэж байгаа. Талийгаачийн ар гэр, үр хүүхдүүд, ах дүү хамаатан саданд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. 

Мөн дээр нь Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд байгалийн гамшиг, ус үерийн аюул болж 300 метр газарт төмөр замын суурь бүтэц эвдэрсний улмаас Сайншандаас Улаанбаатар руу явсан нэг зүтгүүр, тээшний хоёр вагон, зогчигчдын хоёр вагон замаас гарсан осол боллоо. Уг вагонд 328 зорчигч явсан. Галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Олон улсын чиглэлийн 33 дугаар галт тэрэг хэвийн явж өнгөрсөн. Үүнээс хойш 20 минутын дараа хүчтэй үер бууж, зам эвдэрсэн. Үүний араас галт тэрэг орж, осол гарсан. Вагонд явсан хүмүүсийн биеийн байдалд анхаарал тавьж, аймаг орон нутгийн эмнэлгүүд, онцгой байдлын албаны хүмүүс ажиллаж 88 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүллээ. Хоёр хүний бие хүнд байна гэсэн мэдээлэл байна. Усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас-Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р Галт тэрэг замаасаа гарлаа.

Сэргээн босголтын ажил үргэлжилж байна. Улаанбаатар төмөр замын сэргээн засах анги, ОХУ-ын төмөр замын сэргээн засварлах техникийг авчирч үерийн улмаас бий болсон гэмтлийг арилгахаар ажиллаж байна. 

Бидэнд ийм эмгэнэлтэй явдал тохиолдсонд чин сэтгэлээсээ харамсаж, эрдэнэт хүний амь эрсэдсэнд Монгол Улсын ЗГ-ын тэргүүний хувьд Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэн, Ард түмнээсээ уучлалт хүсэж байна.   
Засгийн газар байгуулагдсанаас хойш хоёр зорилт дэвшүүлэн тавьсан. 

Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ажлыг хариуцлагыг сайжруулах зорилт тавьсан.  
Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засгийн уналтыг зогсоож, эргэлтийг хангах ажлыг зохион байгуулах чиглэлээр бид ажлаа явуулж байна. Хоёрдахь зорилт хэрэгжиж байгаа. Улсын маань эдийн засаг Хүрэлсүхийн ЗГ-ыг хүлээж авахад 1.2 хувийн өсөлттэй хүндхэн нөхцөлд бид үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдөр Улсын эдийн засагт сэргэлт гарч, эдийн засгийн бодит өсөлт 6.2 хувьд хүрсэн. Энэ намар өсөлт 8 хувьд хүргэх боломж байна. 

Бидний ажилд дутагдал бас гарлаа. Энэ дутагдал бол эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдал юм. Тэр тусмаа төрийн албан хаагчид, тэр дундаа яамны удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс архидан согтуурч нэгнийхээ амийг хөнөөсөн явдалд үнэхээр харамсаж байна. Энэ бүхий төлөө дахин уучлалт хүсэж байна. 

Сахилга хариуцлага, дэг журмыг шат шатандаа бэхжүүлэхийг энэ үйл явдал маш тодорхой харууллаа. Цаашдаа төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт тавьж ажиллах ёстойг дахин мэдэрлээ.

Тийм ч учраас ЗТХЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл болон Төрийн нарийн бичгийн дарга, 7 Газрын дарга нарыг ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. 

Яамны сайд нь УИХ-аар томилогддог тул энэ асуудал УИХ-аар эцэслэн шийдэгдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин ЗТХЯ-ны сайдын ажлыг түр орлон гүйцэтгэх болно. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ гурван хүн ажлын алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, ажлаас чөлөөгдөх тухай хувийн өргөдлөө өгснийг онцолж хэлмээр байна” гэж мэдэгдсэн юм.  

Ямартай ч ЗТХЯ-ны сайд асан Ж.Бат-Эрдэнэ болон дэд сайд асан Б.Цогтгэрэл нар Монголд анхлан улстөрийн соёлыг харууллаа хэмээн дүгнэж болох юм. Тэд яаманд нь гарсан эдгээр хэрэг зөрчил, ажлын хариуцлага алдсан тохиолдлуудыг хүлээн зөвшөөрч халагдах өргөдлөө өргөн барьсныг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ. Одоо харин нэг Газрынхаа даргын амийг зэрлэгээр бүрэлгэсэн С.Махбал гэгчийн эсрэг төрийн хууль хэрхэн хөдөлж, ямар ял шийтгэл оногдуулах нь сар гаруйн дараа болох үйл явдал болчихлоо. Шударга, залуухан хуульч, дөрвөн хүүхдийн эцэг, хүний сайн ханийг гурван цагийн турш сандал, архины шил, хутга шөвөг хэрэглэн зодож нүдсээр амийг нь бүрэлгэсэн тэрхүү зэрлэг танхай С.Махбал гэгчэд төрийн хууль чангахан үйлчлэх учиртай санагдана. Учир нь нэг яамны төрийн захиргаа, удирдлагын Газрын дарга байсан этгээд яагаад тийм зэрлэг, догшин авиртай, хүний амийг юман чинээ бодолгүй хөнөөчихдөг болсны учрыг чангахан асууж, хариултаа ч чангахан өгөх хэрэгтэй бус уу... 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.