Эх орондоо амьд явах баталгаа байна уу, та минь ээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 12-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарчээ. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарч, эцэст нь онхолдож осолдсон байна. Уг галт тэргэнд нийтдээ 328 зорчигч зорчиж байж. Уг галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрсөн юм билээ. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байгааг мэдээлсэн. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, усархаг борооны улмаас үүссэн аваарын нөхцөл байдлыг арилгахаар УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ажиллаж байгаа юм байна. Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр орж байгаа хүчтэй усархаг аадар борооны улмаас зам тээврийн хөдөлгөөнд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байгааг ч хэлэх ёстой. Ер нь ингэхэд Монгол орондоо амьд, мэнд явах баталгаа алдагдсаар байгааг юу гэж ойлговол зохилтой бол. Урьд шөнийн усархаг борооны улмаас ийнхүү төмөр зам дээр ноцтой осол гарч олон вагон замаасаа гарч, эцэст нь онхолдоод уначихаж байна. Хүний амь нас сүйдээгүй ч мэдээж, олон хүн гэмтэж бэртсэн байж таарна.

Урьд нь ч Замын-Үүдээс Улаанбаатар чиглэн явж байсан суудлын вагон ачааны вагонтой мөргөлдөж үүнээс ч томоохон осол гарч хүний амь нас сүйдэж л байсан. Ер нь Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд явдаг суудлын вагонууд яагаад иймэрхүү гэнэтийн осолд өртөж, хүний амь нас, эрүүл мэнд хохироод байдаг нь ёстой л “Хав дарсан зүүд” шиг л хачин жигтэйхэн асуудал болчихоод байгаа нь нууц биш билээ.

Гэхдээ бидний эх орон Монголд маань дан ганц төмөр замын осол, сүйрэл ч манлайлаад байдаг юм биш билээ. Тухайлбал Эрдэнэт, Дархан-Улаанбаатарын засмал зам гэж гэнэтийн осол сүйрэл ямагт гарч байдаг, олон ч хүний амь насыг сүйдэлж, олон ч гэр бүлүүдийг гэнэтийн аймшиг, гэнэтийн үхэл хагацал, уйлаан майлаанаар нам дарж байдаг айхтар зам, маршрут бас бий. Тэр замд байнгын осол сүйрэл гарч, өнөөдөр, маргааш ч үргэлжлэх нь тодорхой гэхэд буруудах зүйлгүй л юм. Гэтэл дан ганц Эрдэнэт, Дархан-Улаанбаатарын замд л осол сүйрэл гарч хүний эрдэнэт амь насыг сүйрүүлээд байдаг юм биш билээ.

Жишээлбэл УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын эзэмшлийн “Монроуд” ХХК-ны тавьсан Хэнтийн Жаргалтхаанаас Мөрөн сум хүртэлх 50 км овоорч, гогцоорон, мушгиралдан тахиралдсан эвдэрхий замын оронцог л гэхэд олон ч хүний амь нас, хөрөнгө мөнгөөр тоглосон, амьд явах баталгааг нь үгүй хийсэн замын тамтаг бас бий. Улаанбаатарыг зорьдог баруун гурван аймгийнхан болон Хан Хэнтийчүүдийг “Тамлан зовоодог” Жаргалтхаанаас Мөрөн сум хүртэлх 50 км тамтаг болсон замаа "УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар хэзээ засч янзлан” хүний нүүр эгцлэн харахтайгаа болох юм бол, бүү мэд. Гэтэл тэрээр тийм нэг “Замын тамтаг” тавьчихсан мөртлөө ирэх аравдугаар сарын 7-нд болох Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд “Хүч үзнэ” хэмээгээд яваа сурагтай байгаа.

Хэдийгээр урд шөнийн борооноос үүдсэн дээрх ослын газар нэг Газрын даргаа нөгөө Газрын даргад нь нухуулчихаад хэцүүхэн л яваа ЗТХЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнэ ажиллаж, удирдлагаар хангаж байгаа ч дээрх ослын улмаас хөнгөн ч гэлээ гэмтэж бэртсэн 8 том хүн, 3 хүүхдийг яаралтай эмнэлэгт хүргээд байгаа дуулдана. Бас нэг хүний хөл хугарсан нь бас л багагүй гэмтэл гэж хэлж болох юм. Энэ ослын улмаас зорчигч тээврийн Галт тэрэг болон Олон улсын ачаа тээвэрлэлтэнд тодорхой хэмжээний хүлээлт үүсгэж, хохирол учруулах нь тодорхой болчихлоо. Ер нь ингэхэд “Амьд явах баталгаа алдагдсан” энэ Монголд маань ямар ч янзын улстөрчид бидний толгой дээр язганалдаж, хаашаа ч янзын тээврийн хэрэгслүүдээр ард олон бид “Хөл дүүжлээд” байдаг хэрэг вэ дээ. Зүгээр нэг “Хал балгүйхэн шиг явж байгаад” энэ ертөнцөөс буцахсан даа гэж...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.