Даргын арын өрөөнд архи ууж, авлигаа ярина, бас авна...

Twitter Print
2018 оны 08-р сар 11-нд 14:12 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 5-р сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүнийг шинээр томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Шинээр томилогдож байгаа хүмүүст хэлэхэд, улстөрчдийн арын өрөөнд битгий согтуу таараарай. Өмнөх гишүүд чинь таарч байсан шүү. Улстөрчидтэй битгий наймаа хийж найзархаарай” хэмээн захиж байсан. Түүний энэ үг товчхон хэрнээ том асуудлыг ил гаргасан юм. Ил гаргах ч гэж хүн болгон мэддэг ч улстөрч ингэж илчилж байсангүй гэвэл таарна. 

Арын өрөөнд шууд утгаараа ажлын байран дээрх архидалт болж, албан тушаалын наймаа явдаг аж. 

2000 онд анх баталж, хэд хэдэн удаа шинэчлэн найруулж сайжруулсан “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” гэж бий. Энэ хуулийн 7.1.1 дүгээр зүйлд “Төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд  согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэсэн  заалт бий. 

Хэдэн жилийн өмнө Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга арын өрөөгөө сонгодог загварын тавилга, хувцасны шүүгээ, усанд ордог душ зэргээр тохижуулсан төдийгүй өрөөгөө чимж төсвийн мөнгөөр төгөлдөр хуур тавьж гангарсан байсныг сэтгүүлч ил гаргаж, шуугиан дэгдээж л байсан. Бас Төрийн нарийн бичгийн дарга нар хурлын өрөөтэй, ажлын өрөөтэй, амралтын өрөөтэй, ариун цэврийн өрөөтэй, бүүр саунтай ч байна гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч л байсан, нэр устайгаа.

Ийм л нэгэн арын өрөөний архидалтаас болж нэг яамны хоёр газрын дарга нэгнийхээ аминд хүрчихээд байгаа. Энэ талаар олон нийт хүчтэй шүүмжлэл өрнүүлж, төрийн албаныхны нэр хүнд навсайтлаа унаж буй энэ үед "Буян" хэмээх Б.Жаргалсайхан ийнхүү бичжээ. Тэрбээр "Хамгийн тансаг өрөө тасалгаатай сайд бол Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай байсан юм. Амралтын өрөө, цайны өрөө, хурлын өрөө, уулзалтын өрөө, фитнесс хийх өрөө, туслахуудын өрөө, угаалгын өрөө гээд бараг нэг давхарыг ганцаараа эзэмшин суудаг байв. Тусгай уулзалтын өрөө нь ерөнхийдөө баар рестран хэлбэрээр тохижуулсан байдаг. 

Дүүргийн хэлтсийн даргаас хэлээд Ерөнхий сайдын арын өрөөнд орсон хэн ч гэсэн улаа бутраад гарах жишээний. Тэндээ архиа ууна, авлигаа ярина.

Зурагтаар хүртэл Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар "Ерөнхий сайдын арын өрөөнд ажлаа яриад тавин грамм виски татаад гарах л сонирхол байсан" гээд яриад байна лээ. Үүнийгээ намын нөхдийн журмын харьцаа гээд ойлгочихсон тууж явна лээ.

Уг нь бол сайд дарга архи ууж болно бусад нь болохгүй гэсэн журам байхгүй. Бүгд болохгүй. Зам тээврийн яамны эх захгүй архидалтаас үүдэн нэг нь шоронд, нөгөөх нь шоронд орохоор болжээ.

Ерөнхий сайдаасаа эхлээд "Арын өрөөнд ороод 50 грамм виски татаад гар" гэдэг заншил гэмээр зүйлээ өөрчлөгдөхгүй бол албан байгууллага дахь архидалт тасрахгүй" гэсэн байна.

Тэгэхээр дарга нарын арын өрөө хэмээх авлига, архины үүрийг устгаж алга болгож байж архидалт, янхандалт, эмх замбараагүй эрх мэдэл, эдийн засгийн наймааг бага ч гэсэн хазаарлах бололтой.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.