Төрийн албан хаагч нар олноор амралтаа авч, иргэдийг маш их чирэгдүүлж байна гэлээ

Twitter Print
2018 оны 08-р сар 10-нд 16:29 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 09-нд ЗТХЯ-нд болсон ноцтой асуудлын хүрээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Зам тээврийн бодлогын зөвлөлийн дарга Т.Болдбаатар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс хэвлэлийнхэнд хандаж, байр сууриа илэрхийллээ. 

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар хоорондоо маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрчээ.

Ардчилсан намын удирдлагууд болсон хэрэг явдалд харамсч буйгаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар хариуцлагагүй, ёсзүйгүй ажиллаж байгааг санууллаа. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтай хүн ажлын байран дээрээ амиа алдчихаад байхад Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс албан ёсны байр суурь илэрхийлэхгүй байгааг буруутгаж байгаагаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ төрийн алба мэргэшсэн, хариуцлагатай, ёсзүйтэй хүмүүсээр бүрдэх учиртайг энэ үеэр сануулаад яаралтай хариуцлага тооцох шаардлагатай гэв. 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "Монгол Улсын Засгийн газар, хариуцсан яамдын дарга, сайд нар ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүйгээр энэ асуудлууд замхарч, нэг нэгээрээ чимээгүй болж байна. Монгол Улсын төрийн тангараг өргөж, төрийн өндөр албан тушаал хашиж байсан залуу ажлынхаа байран дээр, тодруулбал төрийн яаман дээр амь насаа алдаж байгаа энэ асуудал маш том хариуцлагагүй, ёс зүйгүй асуудал болж байна.

Энэ хэрэг гарснаас хойш 20-иод цагийн хугацаанд Ардчилсан намынхан төр засаг, мэргэжлийн яамдын зүгээс албан ёсны тодорхой байр суурь илэрхийлсэн, хариуцлагагүй ёс зүйгүй байдалтай холбоотой мэдэгдэл мэдээллийг хүлээсэн боловч ажлын цаг дуустал ямар нэгэн албан ёсны байр суурийг Засгийн газар, тэр дундаа Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс илэрхийлсэнгүй.

Ажлын байрны хариуцлага, төрийн албан хаагчийн хариуцлага алдсан энэ үйлдэлтэй холбоотойгоор тухайн яамны сайд, Монгол Улсын Ерөнхий сайд ямар нэгэн байдлаар нэг ч үг  дуугарсангүй.

Төрийн албан хаагч нар олноор амралтаа авч, ажилдаа орохгүй иргэдийг маш их чирэгдүүлж байна гэж иргэд гомдолтой байна. Ажиллаж байгаа хэсэг нь төрийн албаны нэр хүндийг унагааж, төрийн албаны олон мянган хаагч дундаас нэгнийхээ амийг егүүтгэсэн ноцтой асуудал гарсанд үнэхээр харамсаж байна.

Яамдын асуудлыг тухайн яамны сайд, Ерөнхий сайд шууд хамаарч ажилладаг. энэ утгаар ямар нэг байдлаар мэдэгдэл хийхгүй байгаа нь бидний гайхашралыг төрүүлж байна. Тухайн болсон үйл явдалтай холбоотой асуудлыг мэдээж хууль шүүхийн байгууллага үнэн мөнийг тогтоох байх. Энэ асуудлыг бид анхааралтай ажиглаж байна гэдгээ хэлье” гэв.

Золгүй байдлаар амиа алдсан хүүхдүүд, ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн  ноцтой хэрэг, авлига, 1000 вагоны асуудал зэрэг сүүлийн өдрүүдэд болж буй эмх замбараагүй байдлыг цэгцэлж, зохих хүмүүст нь хариуцлага тооцож,  ажиллахыг Ардчилсан намын зүгээс шаардаж байгаагаа илэрхийллээ. 

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (188.99.109.155) 2018-08-13 03:03
      • 0
      • 0

      Өөрсдийнх нь засаг барьж байх үед ч мөн л адилхан байсан ш дэ.

      Хариулах