Ц.Нямдорж: Ерөнхий сайдтай санал зөрөлддөг ч ам мурийж үзээгүй дээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 10-нд 16:46 цагт
Мэдээний зураг,

Хууль зүй, дотоод хэргийн яам орж Ц.Нямдорж сайдаас доорхи жаахан ярилцлага, тодруулгыг авснаа хүргэж байна.

-Таныг Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй тааруухан харилцаатай болсон. Тэр ч байтугай Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаар сэтгэл шулуудсан гээд байгаа. Энэ үнэхээр таны шийдвэр болчихоод байгаа хэрэг үү?

-Гүтгэлэг, цуурхал, худлаа яриа хөөрөө давамгайлж байна л даа. Би тэрхүү гүтгэлэгийн мэдээллүүдийг өчигдөрхөн л олж үзсэн. Ер нь бол намайг Засгийн газрын хурал дээр сууж байхад л нэлээн олон хэвлэл дээр гарч эхэлсэн байдаг л даа. Өчигдөр жишээ нь нэмээд л Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс урвалаа гээд л нэмээд, угсраад л янз бүрийн зохиомол гүтгэлгүүд ар араасаа цуварч байна лээ л дээ. Би У.Хүрэлсүхийн Засгийн газарт орсон минь үнэн, тэгээд өнөөдрийг хүртэл аль болох чадлаараа ажиллаж байгаа нь ч үнэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноос хойшхи хугацаанд Ерөнхий сайдтай санал зөрөх юм байлгүй л яах вэ. Харин гэхдээ ам мурийж үзээгүй юм билээ. Хамгийн сүүлд нэлээн олон хэвлэл мэдээллээр “Ц.Нямдорж сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна гэнэ” гэсэн мэдээлэл тараагаад байгаа нь бол “МАН-ын ээлжит Бага хурлын дараа “Их тэнгэр”-т болсон арга хэмжээний үеэр хэлсэн байна” хэмээн бичигдээд байгаа юм л даа. Тэгж ярьвал би МАН-ын ээлжит Бага хурлыг тараад шууд яаман дээр, ажил дээрээ очсон л доо. Тэр “Их тэнгэр”-т ямар арга хэмжээ болсныг ч мэдэхгүй. Ер нь бол дараачийн ямар ч арга хэмжээнд оролцоогүй л дээ.

-Та МАН-ын ээлжит II Бага хурлын дараа УИХ-ын аль нэгэн гишүүнтэй огт уулзаагүй хэрэг үү?  

-Тийм ээ. Бага хурлын дараагаар УИХ-ын ямар ч гишүүнтэй огт уулзаагүй юм. Харин зүгээр яг Бага хурлын дараа уулзсан ганц хүн нь бол Ө.Энхтүвшин бид хоёр л байгаа юм. Тэгээд тэндээс гарангуутаа л ажил руугаа явсан. Ердөө ийм л үйл явдал болсон юм л даа. Ер нь бол Бага хурлын дараачийн арга хэмжээнүүдийн тухайд надад мэдсэн, мэдэх зүйл бараг л байхгүй гэхэд болно. Тэгэхээр миний эсрэг тарааж байгаа дээрх мэдээллүүд нь алсын бодлоготой, цаанаасаа зохион байгууллалттай явуулагууд гэж л харагдаад байгаа шүү дээ.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эсрэг сэтгэл санааг нь урвуулсан гээд тавьчихаар нь “Энэ зохиол нь нэлээн хорон үргэлжилтэй юм байна даа л” гэж би ойлгосон. Ер нь бол одоохондоо өөрт чинь ийм л зүйлийг хэлэх байна даа. Ер нь бол энэхүү “Яс хаях” гэдэг юм чинь бол ихээхэн явдалтай, тун чиг хэцүү зүйл шүү дээ. Одоо жишээ нь Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёрын хооронд “Яс хаяна”, зүгээр ч үгүй ихээхэн хорон “Хар муур” гүйлгээд л байгаа. Дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид хоёрын хооронд “Яс хаяна”, бас л том “Хар муур” гүйлгээд л байгаа юм. Тэгж амьдардаг, тодорхой орлого олдог хүмүүс байж л байна. Тэгж байж өөрсдийнхөө гэмтэй, нүгэлтэй зорилгыг биелүүлэх гэж мэрийж явдаг нөхдүүд байна. Түүнийг нь дэвэргэж, дундаас нь ашиг харж амьдардаг, хөлсөөр тэрхүү гажигтай материалыг нь хэвлэдэг хэвлэл мэдээллүүд ч байж л  байна. Ийм л хачирхалтай, жигтэй зүйлүүд надад харагдаж байгаа юм.

-Ер нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаа аль хэр учир  зүйгээ олж, аль хэр ахиц дэвшилтэй явж байгаа бол?

-Засгийн газрын үйл ажиллагаа ихээхэн амаргүй нөхцөл байдлын дунд явж байгаа шүү. Гялтайх, гялайх сайн зүйл гэх юм бол Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр шал өөр байдалтай болж, ер нь л хөл дээрээ босч ирж байгаа шүү. Ер нь бол 2017 онд ч муугүй л байсан. Энэ 2018 онд бол бүр тэрнээс хамаагүй гайгүй болж байгаа. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын ээлжит Бага хурал дээр тавьсан илтгэлдээ тодорхой дурдаад явсныг хүмүүс санаж байгаа байх. Иймэрхүү гайгүй дэвшлүүд байна. Харин бас болж өгөхгүй байгаа, бүтэхгүй байгаа зүйлүүд ч бий. Тухайлбал тодорхой бэрхшээлтэй, би ганцаараа шийдээд явдаг бол өнөөдөр ч гэсэн шийдээд хаячихмаар, олны дургүйг хүргэсэн ичиж үхмээр юмнууд байж л байна. Тэдгээрийг шийдээд явах гэхээр замд нь тэдгээрийг хянадаг, шүүдэг газрууд нь будилуулаад, шийдвэр гаргах ажлыг саармагжуулж байгаа бэрхшээлүүд бол зөндөө л байж байгаа. Тэгээд эдгээрийг яриад байх юм бол ихээхэн ярвигтай, хүчтэй шийдвэр шаардлагатай асуудлууд юм л даа.

Ямар ч байсан энэ 2018 оны хувьд бол Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал бол эрс өөр болж, ард түмний амьдралын баталгаа ч эрс сайжирч байгаа гэж хэлж болно. Жишээлбэл Төв цэвэрлэх байгууламжийн ажил урагшаа явж байна, сургууль, цэцэрлэгүүдийн ажлууд бас л урагшаа явж байна, Газрын тосны үйлдвэрийн ажил эхэлж байна. Гэхдээ энд бас нэг зовлон байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй. Тухайлбал заримынх нь саснхүүжилтийн эх үүсвэр гадна талаас орж ирэх ёстой учраас бидний санасан зоргоор бүтээн байгуулалтыг нь хурдан хийчихэж чадахгүй байна л даа. Халааснаасаа шууд мөнгө гаргаад ажлыг нь эхлүүлчих боломжгүй учраас цаг хугацааны жаахан бэрхшээл байгаад байгаа юм. Гэхдээ манай Засгийн газрын төлөвлөсөн ажлууд эхнээсээ явж л байна. За энэ бидэн рүү чиглэсэн гүтгэлэг, доромжлолын асуудал бол ажлыг дундаас нь зогсоох, саарамжуулах гэсэн, дээр нь нэмээд будлиан хутгах гэсэн л юмнууд яваад байгаа нь тэр юм.

-Та тэгээд өөрийн тань талаар тиймэрхүү мэдээлэл гаргаж байгаа Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдтэй яагаад тэмцдэггүй хэрэг вэ?

-Би тэдэнтэй яаж ч тэмцэх вэ дээ.1990 оноос хойш л энэ улстөрд байхад миний эсрэг янз бүрээр л дайрч давшилж байсан даа. Тиймэрхүү юмыг нь тоогоод байх ч шаардлага байхгүй санагддаг болсон доо. Сонгогч олон Ц.Нямдорж гэдэг хүн юу хийж байгаа, ер нь ямаршуухан улстөрч юм бол гэдгийг анзаардаг, мэддэг болсон шүү дээ. Надад хэвлэл мэдээлэлтэй хэрүүл, тэмцэл хийгээд явах зав зай ч алга, тэгээд ч би тэд нартай тэмцэж нэр төрөө хугалах, заазуурдах тэнэг нь биш л дээ. Миний тухай элдэв гүтгэлэг тарааж, худлаа зохиол бичиж байгаа хэвлэл мэдээллүүд удахгүй алдаагаа ойлгож, элдэв дэмий юм эрээчихээ болих байлгүй дээ. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.