Төрийн өндөр албан тушаалтнууд ажлынхаа байранд архидаад нэгнийхээ аминд хүрдэг болж дээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 10-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороон дарга, НИТХ-ын дарга байсан Ц.Сандуй болон түүний туслах байсан А.Ганбаатар гэгч нөхдүүд Монголын төрийн албыг 60 тэрбумаар үнэлж, багахан албан тушаалд томилогдох сонирхолтой товариш болгоноос тодорхой хэмжээний мөнгө авч, төрийн албанд томилох саналаа УИХ-ын дарга М.Энхболдод танилцуулж байсан нь 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнөхөн болсон явдал гэдэг. Тэгээд ч тодорхой хэмжээний товаришуудыг Монголын төрийн албанд шургалуулсан л байж таарна. Гэтэл тэрхүү арга саам, элдэв хачир хахуулиар Монголын төрийн албанд шургалссан этгээдүүдээс нэлээн олон нь төрийн албыг гувчуулах, хээл хахуулиар хөөцөлдөх, ажлын байран дээрээ архидан согтуурах гээд аль болж бүтэхгүй бүхнийг гүйцэлдүүлсээр яваа нь тун удалгүй олон нийтэд тодорхой болсоор л байгаа.

Төрийн албаар өөртөө болон хамтрагч нартаа янз бүрийн ашиг завшаан гаргаж байгаа этгээдүүд баярлан хөөрч, хамтран архидан согтуурдаг болсон нь эцэстээ элдэв төрлийн гэмт хэрэг рүү тэднийг түлхэх аян шалтаг болчихоод байгаа нь нууц биш билээ. Тэгвэл яг ийм нэг төрлийн аймшигтай гэмт хэрэг өчигдөр орой 21:45 цагт Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, Шуурхай бүрэлдэхүүн ЗТХЯ дээр яаравчлан очсон ч нэг Хэлтсийн дарга нь нөгөө Хэлтсийнхээ даргыг нухчихсан байж таарчээ. Бүр тодруулвал Засгийн газрын XIII байр буюу Зам тээврийн хөгжлийн яаманд өчигдөр 21:30 цагийн үед тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, Дотоод аудитын газрын дарга Г-г тус яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга М амь насыг нь бүрэлгэсэн харамсал, жигшүүртэй хэрэг гарсан нь тодорхой болчихоод байгаа юм. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тэд ажлын байран дээрээ архидан согтуурч, маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрчихээд байгаа юм билээ. Энэ талаар албаныхан ч "Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гээд байгаа. Тэд бүр хоёулаа ч бус тавуулаа байсан, хамт архидан согтуурсан хэмээн нэрс нь хүртэл ил болоод байгаа. 

Ямартай ч Монголын Төрийн албанд ямар нөхдийг, ямар шалгуураар авч, ямар местэнд томилоод байгааг нь сайтар шалгууштай, хяналт шалгалтыг ч өргөн утгаар нь хийгүүштэй санагдаж байгаа нь энэхүү аймшигтай аллагаас хойш улам ч өргөжих нь тодорхой болж байна.

Гэтэл энэ яамны сайдаар хэсэг хугацаанд ажиллаж байсан АН-ын гишүүн Д.Зоригт “Энэ яаманд тийм хэрэг хийх хүн байхгүй” хэмээн албатуудаа өмөөрсөн мэдэгдэл хийж, цахим хуудсаараа тараасан байх юм. Яах аргагүй хоёр Хэлтсийн даргынх нь нэг нь нөгөөтэйгөө маргалдан, муудалцаад амь насыг нь үрээчихээд байхад сайд асан тийнхүү мэдэгдэл бичээд сууж байж боломгүй л юм.

Ер нь аль ч яамны хурган дарга нар ажил тарсны дараа яаман дээрээ архидан согтуурч, төрийн албыг үнэд хүргэж, тодорхой хэмжээний хээл хахууль гулгуулан оруулж ирж, хувааж хүртсэнээ тэмдэглэдэг байж яагаад ч зохилдохгүй гэдэг нь энэхүү аймшигтай аллагын хэргээс тодорхой харагдаж эхэллээ.

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч тодорхой үүрэг, чиглэлийг яамны сайд нартаа өгч, биелэлтийг нь цаг тухайд нь хянаж байхгүй бол хойшид иймэрхүү аймшигтай хэрэг хэд ч гарах юм билээ, хэн ч таамаглахгүй шүү дээ. Төрийн албыг 60 тэрбумаар үнэлж, тодорхой хэмжээний ашиг унагаж эхэлсний гай балаг ийнхүү гарч эхэллээ дээ гэж... 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.