Шүүх хурал иргэн Д.Мурат бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан эсэхийг л хэлэлцээд цагаатгасан, тэрнээс...

Twitter Print
2018 оны 08-р сар 10-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг хэлэлцэж, түүний хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгав. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 11.6.1, 21.2.1-д зааснаар буюу Эрүүгийн хуулийн 11.6.1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 21.2.1-д Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн хэмээн заасан байдгаар яллах дүгнэлт бүрдүүлэн шүүсэн билээ.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс УИХ-ын гишүүн Д.Мурат түүний хань хамсаатан гэгдэх М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Харин хохирогч Д.Бахытгүль Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ илэрхийлсэн байна.

Энэхүү шийдвэртэй холбоотой нийгмийн сүлжээнд маш их эгдүүцэж бухимдсан сэтгэгдэл бичиж, шүүх цагдааг харааж зүхэж буйтай холбогдуулан хуульч О.Алтангэрэл дараах тайлбарыг хийжээ.

"Д.Мурат гишүүний шүүх хурлын дараа эгдүүцэл, бас шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн элдэв сэтгэгдэл их явж байна. Гэхдээ нэг зүйлийг ойлгоцгоох хэрэгтэй байх;

Болж өнгөрсөн шүүх хурал иргэн Д.Мурат бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан эсэхийг л хэлэлцсэн юм билээ. Өөрөөр хэлбэл өнөөх элдэв юмны зураг, эсвэл бэлгийн хүчирхийлэл зэргийн талаар огт хэлэлцээгүй гэсэн үг. Анх хэрэг үүсгэсэн, шалгасан нь Д.Мурат хүн зодсон уу, үгүй юу гэдгийг тогтоохын тулд явагдсан, тийм байдал тогтоогдоогүй тул цагааджээ.

Санал: Шүүх иймэрхүү олны анхааралд орсон хэрэг дээр шийдвэрийнхээ талаар тайлбар хийж баймаар байна. Би хувьдаа энэ тухай цөөнгүй бичдэг.

Шүүхийн шийдвэр алдаатай, буруу гэж үзвэл дээд шатны шүүхээр нь шийдүүлэхээс бус сошиалд учрыг нь ололгүй харааж зүхэхийн хэрэг юун!" гэсэн байна. 

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.