Хэнтийн 42-р тойрогт Д.Дагвадорж биш Б.Гарамгайбаатар өрсөлдөж магадгүй гэх юм...

Twitter Print
2018 оны 08-р сар 10-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрөөс хойш ердөө хоёр сар ч болохгүй Хэнтий аймгийн 42-р тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуульд Монголын улстөрийн өнөөдрийн сөрөг хүчин АН-ын тухайд Мэргэжлийн сүмогийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг нэр дэвшүүлнэ хэмээн яригдаж эхлээд байсан ч өчигдрөөс эхлээд Асашёорюү Д.Дагвадорж бус УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлж магадгүй яриа гараад эхлэв. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгийн ойр дотны хүн Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар “Н.Түвшинбаяр эргэлт буцалтгүй улстөрд орж ирлээ. Түүнийг Хэнтийд болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлж таарна” хэмээсэн яриа бас л гараад байсан ч “Монроуд” ХХК-иараа Хэнтийн Жаргалтхаан суманд 50 км ёстой л нүд хуурсан зам тавиулж байсан, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын нэр ийнхүү цуурайтаж эхэллээ.

Түүний мэдлийн “Монроуд” ХХК-ны Жаргалтхаан суманд жинхэнэ хүний нүд хуурч, ихээхэн хөрөнгөөр тоглон тавихчаан болсон 50 км зам нь олон ч хүний эд хөрөнгийг сүйдлэж, олон ч хүний амь нас, эрүүл мэндээр тоглосоор л байгаа билээ. Тэр талаар түүх сөхвөл одоогоос 10-аад жилийн өмнө  “Мянганы зам” төслийн хүрээнд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших Дуутын даваанаас Мөрөн сум хүртэлх 50 км урт, хатуу хучилттай замыг ашиглалтад албан ёсоор хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаа болж байсан түүхтэй. Тухайн үедээ “Монголын түүхэнд анх удаа, монгол хүн өөрийн гар, өөрийн хөрөнгөөр зам барьсан нь энэ” хэмээн цоллож байв шүү дээ. Тэрхүү  “Шинэ замыг нь хүлээн авах ёслолд  уг замыг барьсан “Монроуд” ХХК-ийн захирал Б.Гарамгайбаатар оролцож, тууз хайчиллаа” гэсэн мэдээлэл Монголын бүхий л мэдээллийн хэрэгслээр цацагдаж байлаа. Гэвч хамгийн харамсалтай нь сүр дуулиантай тууз хайчилан хүлээлгэж өгсөн өнөөх Дуутын зам нь нэг их удалгүй энд тэндээсээ ховхорч, энхэл донхолоор дүүрч, өнөөдөр бол чухамдаа машин явах аргагүйд хүрээд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Хэнтийчүүдийн ярьж, тайлбарлаж байгаагаар бол, Дуутын даваанаас уруудаад л бөөн “Туг сүлжих” хэрэгтэй болдог гэх юм билээ. Мэдэхгүй хүн бол осолд орох хэмжээний эвдрэл, гэмтэл нүүрлэж, зам тээврийн ослууд ар араасаа даган гарсаар л байгаа. Тэр ч бүү хэл энэ зам дээр Ерөнхий сайд асан хүртэл осолдох шахсан гэж нутгийнхан нь ярьж байсан удаатай.

Тухайн үеийн Ерөнхий сайд асныг явсны  дараа  Б.Гарамгайбаатарын “Монроуд”-ынхан замаа нөхөн, Хэнтийнхэн хэсэгтээ 60-аас дээш км цагийн хурдтай хот хүртэл давхидаг болсон ч өнөөх зам нь дахиад л эвдэрч хэмхрээд дуусаж байгааг өнөөдөр Хэнтийчүүд маш тодорхой ярьж байгаа. “Монроуд”-ын тавьсан уг замыг чанарын хувьд сайн үнэлгээтэйгээр Улсын комисс хүлээн авсан гэдэг. Гэтэл жил гаруйхны дараа л уг зам нь энд тэндээсээ ховхорч хууран өдгөө машин явах аргагүй болчихсон байгаа. Уг нь тус зам нь зүүн гурван аймгийг Улаанбаатартай холбодог стратегийн ихээхэн чухал бүтээн байгуулалт байсан билээ. Гэвч эвдэрч цуурсан энэ зам хүний амь насанд ч халгаатай болсон учир тус зам руу салах уулзвар дээр “Автозам эвдрэлтэй байгаа тул болгоомжтой яваарай” гэсэн анхааруулга хаддаг болчихоод байгаа юм билээ.

Г.Гарамгайбаатар УИХ-ын гишүүн байхдаа хүүхдийн тоглоомын үйлдвэр байгуулж, банкны хувь нийлүүлэгч болж, шатахуун зөөж, замын компани байгуулж байсан байдаг. Гэвч  энэ эрийг саяхан болтол монголчууд “Банк дампууруулсан хүн” хэмээн тодорхойлж байсан нь гарцаагүй үнэнийг нь л хэлсэн хэрэг байв даа. Учир нь Б.Гарамгайбаатар гишүүн дээрх замын ажлыг хийж гүйцэтгэхдээ “Монроуд”, “АР ПИ ЭМ”, “Дээд цэг”,“Улбаа” хэмээх дөрвөн компанийнхаа нэр дээр 17.5 тэрбум төгрөгийг “Анод” банкнаас зээлж байсан түүхтэйг хэн хүнгүй л сайн мэднэ. Тэрээр энэхүү 17,5 тэрбумын  долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийнхаа нэр дээр авсан байдаг. Харин “Ар Пи Эм” ХХК нь хоёр ч удаа зээл авсан байдаг юм билээ.  Тухайлбал, 2007 оны есдүгээр сарын 13-нд нэг тэрбум 349 саяын зээл, мөн ондоо 400 сая төгрөгийн зээл авч байж. “Дээд цэг” компани нь хоёр тэрбум 800 сая, “Улбаа” компани нь таван тэрбум 715 сая төгрөгийн зээлтэй байсан нь гарцаагүй үнэн баримт билээ.

Гэвч тэрбээр энэхүү зээлээ төлж барагдуулалгүй байсаар “Анод” банкийг сөхрүүлж орхисоныг хэн хүнгүй л мэднэ. Улмаар банк дампуурсны дараа хяналт шалгалтын комиссынхон Б.Гарамгайбаатарын зээлийг эргэлзээтэй зээл гэсэн ангилалд оруулж байсан байдаг. Түүний “Улбаа” компанийн зарим зээл нь 2008 оны дөрөвдүгээр сар, зургаадугаар сард гарсан байсан нь Б.Гарамгайбаатарыг “Анод”-ын мөнгөөр 2008 сонгуульд өрсөлдсөн гэх хардлагыг улам гүнзгийрүүлсэн билээ. Харин Төмөр, бетон гүүрний ажил гүйцэтгэдэг “Улбаа” компанийг “Монроуд” буюу Б.Гарамгайбаатар хувьчлалаар авч, охин компаниа болгож байсан байдаг. Гэвч “Анод”-ын дампууралд “Үнэтэй хувь нэмэр” оруулсан АН-ын ҮЗХ-ны гишүүн, Хэнтий аймгийн АН-ын дарга асан Б.Гарамгайбаатар бүх өр зээлээ төлсөн эсэх нь тодорхойгүйгээр 2012 оны сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулж байв даа.  Мөн зээл авч барьсан замынхаа мөнгийг төрөөс гаргуулаад авчихсан тун ч сүйхээтэй товариш юм.

Харин тун удалгүй энэ товариш нь “Анод” банкыг дампууруулсан компанийн эзэн биш УИХ-ын гишүүн болж бүр башийгаад явчихсан. Гэвч түүний тавьсан муу зам өнөөдөр дан ганц Хэнтийчүүдийг ч бус, зүүн аймгийнхныг бухимдуулж, тэнд иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа гэдгийг УИХ-ын гишүүн асан, тун удахгүй дахин Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвшиж ч магадгүй болоод байгаа "Тэргүүний замчин" гэгдэх Б.Гарамгайбаатар танд  дахин, дахин сануулчихад гэмгүй л болов уу. Тэгээд ч Жаргалтхаан сумын Дуутын даваанаас эхлээд Мөрөн сум хүртэл энхэл донхол болж, эвдрэл сүйрэл дагуулан нугалан шамалчихсан хромон гутлын түрий шиг энд тэндээ овоорч мушгиралдан сунайх 50 км зам шиг юмаа засч янзлаагүй хэрнээ дахин Хэнтийчүүдийг хууран мэхэлж, сэтгэл санаа, эд хөрөнгөөр нь тоглохоор ичиж нэрэлхэлгүй нөхөн сонгуульд нэр дэвшихээр байж ядаж байгаа бол “Та битгий давар. Таниар Монголын улстөр тадийлөн дутахгүй л болов уу” гээд хэлчихэд буруудахгүй л санагдана.

Та Монголын улстөрд дахин орж ирж, УИХ-д болж бүтэхгүй зүйл ярьж суухаар Жаргалтхаан сумын Дуутын даваанаас эхлээд Мөрөн сум хүртэл энд тэндээ овоорч, гогцоорон олон хүний эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээр наадсаар байгаа 50 км замаа засч янзалчихаад дараа нь улстөрд эргэн орох талаараа намынхантайгаа ярилцвал зүй зохилтой санагдана. Тэгээд ч УИХ дахь сөрөг хүчин АН-ын хувьд таниас арай нэр цэвэр, улстөрийн мэдрэмж арай дээр залуучууд байж л таарна.

Ер нь ч тэгээд АН-ын дарга С.Эрдэнэд Ерөнхийлөгч Х.Баттулга арай өөр заавар чиглэл өгч, уулзаж ярилцах нь тодорхой болов уу. Хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулга намаасаа албан ёсоор татгалзаж, үйл ажиллагаанд нь төдийлөн хутгалдаад байхааргүй болсон ч хоёрхон сар хүрэхгүй хугацааны дараа болох Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өөрийн төлөөний аль нэг хүнийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх талаар санаа бодлоо чилээж яваа нь ч тодорхой билээ. Тэгэхээр Б.Гарамгайбаатар та арай л эрт баярлаж хөөрсөн болов уу даа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.