Ирэх 10 сарын 7-нд Хэнтийн 42 дугаар тойргийн Нөхөн сонгуульд өрсөлдөх намуудын дарга нарын сураг, ажиг...

Twitter Print
2018 оны 08-р сар 10-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 2017 оны зургаадугаар сарын 11-нд иргэн Ч.Наранзаяаг хүчиндсэн хэргээр буруудаж УИХ-аас мултарсан, МАН-ын бүлгийн 65 дотроо хамгийн залуу нь гэгдэж явсан Д.Гантулга тун удахгүй Шүүхээр орж ямар нэгэн ял сонсох юмуу, ядаж л хэдэн сарын баривчилгаа ч дуулж магадгүй болчихоод байгаа билээ. 

Тэрээр УИХ-ын гишүүнээс хойш татагдаж, сул иргэн болсон тул түүний сонгогдон гарч ирсэн Хэнтий аймгийн 42 дугаар тойрог шинээр хэн нэгэн эзэнтэй болох нь ойлгомжтой болоод байгаа. Тэгээд л тэрхүү тойрогт “Тулга тойрсон” Монголын улстөрийн 14 намын дарга нар “Эр бяр”-аа үзэлцэхээр дор бүрнээ “Жонхуу зуурч” эхлээд байгааг бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхлээд байгаа юм.

Д.Гантулга хийсэн хэрэгтээ буруутгагдаж, эдгээр 14 улстөрийн намын даргы нарын хөлийг газарт буулгахгүй шахам сэтгэлийг нь гижигдэж эхэлсэн эдгээр өдрүүдэд Монголын улстөр гэгч нь ямар ч олон намтай, яасан ч олон эрх мэдэлд дурласан дарга нартай юм бэ дээ гэдгийг ард иргэд дахин нэг олж харж, гайхаж бишүүрхэхдээ дор бүрнээ толгой сэгсэрцгээж байгаа билээ.

Тэдгээр УИХ-руу үхэн хатан дурлацгааж байгаа улстөрийн намуудын дарга нарыг танилцуулвал хамгийн эхэнд мэдээж эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхэнд нь бичигдэж таарна. Гэхдээ өөрөө болохоор “Би Хэнтийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхгүй ээ. Тэртэй тэргүй надад хийх ажил маш их, зав зай ч бараг л байхгүй байна. Тийм болохоор би тэнд өрсөлдөж цаг заваа барахыг хүсэхгүй” хэмээн намынхаа гишүүдэд мэдэгдсэн гэх юм билээ. Гэхдээ намын гишүүд нь яалт ч үгүй түүнийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр зүтгээд байгаа учир эцсийн бүлэгт яалт ч үгүй нэр дэвшиж л таарах болов уу.

За дараагийн хүйтэй өрсөлдөгч нь ялынх нь хугацаа дуусч, яалт ч үгүй ямарваа сонгуульд өрсөлдөх эрх нь нээгдсэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэгтэй олон хүн санал нэгдэх болов уу. Энэ жил 60 нас зооглосон Н.Энхбаяр даргын хувьд яалт ч үгүй Хэнтийн 42 дугаар тойрогт ялалт байгуулан УИХ-д ороод ирэхэд гайхаж алмайраад байх хүн бараг л гарахгүй болов уу. Учир нь тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж үзсэн, Монгол төрийн дээд гурван местэнд сонгогдон ажиллаж үзсэн ганц улстөрч учир Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчид төдийлөн гайхалгүйгээр түүнд саналаа өгчих бүрэн боломжтой гэж дүгнэж болно.

За дараагийн бас л өөртөө нэлээн найдлага тавьж, нөхөн сонгуульд хүч үзэхээр яарч байгаа улстөрч бол энэ жил 59 насыг зооглоод байгаа Бүгд найрамдах намын дарга, “Буян” компанийн босс Б.Жаргалсайхан гэдэгтэй олон хүн санал нийлэх нь ойлгомжтой. Б.Жаргалсайханы тухайд УИХ-д орж ирж Үйлдвэр, худалдааны яамны сайд хийгээд үзчихсэн товариш учир Хэнтийн 42 дугаар тойрогт ялалт байгуулж, УИХ-д орж ирэхийн төлөө хөрөнгө мөнгөө хайрлахгүй давших болов уу. Магадгүй түүний туслахууд боссыгоо Хэнтийн 42 дугаар тойрогт ялалт байгуулан УИХ-д оруулан ирэхийн тулд сонгогчдод юу ч амлаж, юугаар ч гарыг нь цайлгаж мэдэх л юм.

За “Буян”-гийн Б.Жаргалсайхантай эцсээ хүртэл тэмцэлдэх, магадгүй эцсээ хүртэл ”Навшилцах” дараагийн өрсөлдөгч бол “Ард түмнээ хайрлая” хэмээх гажигтай гэмээр нэртэй намын дарга, өнөөх Л.Гүндалай хэмээх энэ жил 55 настай, жаахан гажигтай эр байх нь тодорхой юм. Тэрээр гурван ч удаа УИХ-д суугаад үзчихсэн, хааяа хааяа жаахан элийрч балайраад явчихдаг, бас л нэлээн ойлгомжгүй товариш гэдгийг Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчид андахгүй мэдэх нь ойлгомжтой. Тэрээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр юу ч гэж айлдаж магадгүй, бас гурил, будаа гээд юу ч тараагаад шидэлж болзошгүй сүрхий адармаатай тогтолцоотой нөхөр гэдгийг Монголчууд андахгүй мэдэх билээ. Тэрээр анх Хөвсгөлд бие даан нэр дэвшин өрсөлдөхдөө Нисдэг тэрэгнээс гурил, будаа тараан шидэлсээр байгаад л гараад ирж байсныг Монголчууд одоо ч сайн санаж л байгаа болов уу.

За Л.Гүндалай хэмээх энэ сүрхий эрийн дараагийн өрсөлдөгч бол өнгөрсөн сонгуулиар Завханд өөрийн төрсөн дүү Ш.Батсамбуутай өрсөлдөж, хоёр биенээ түлхэн унагаж байсан “Үнэн ба зөв” гэгч сүрхий нэртэй намын дарга “Нарантуул зах”-ын босс Ш.Сайхансамбуу байгааг Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчид эхнээс нь олж мэдсэн л байж таарна. Энэ жил бас л 59 настай “Нарантуул зах”-ын босс Ш.Сайхансамбуугийн хувьд Хэнтийн 42 дугаар тойрогт ялалт байгуулан, хууль тогтоох дээд байгууллага УИХ-д орж ирэхийн төлөөнөө өөрийн их хөрөнгөнөөс чамгүй зарлагадаж, Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчдод гурил, будаа, элсэн чихэр гээд гол хэрэгцээтэй хүнсийг нь чамлахааргүй тарааж мэдэх л юм. Магадгүй түүний туслахууд нь Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчдод хөөрхөн мөнгө тараагаад гүйцгээхийг ч үгүйсгэх арга байхгүй юм. Ямартай ч “Нарантуул зах”-ын босс Ш.Сайхансамбуу өөрийнхөө тухайд бараг л эцсийн байж болзошгүй энэхүү сонгуульд ялалт байгуулахын тулд багагүй хүчин чармайлт гаргаж болзошгүй л юм.

За дараагийн өрсөлдөгчөөр “Монголын Консерватив нам”-ын дарга, энэ жил дөнгөж л 38 нас зооглоод байгаа Н.Дашдаваа хэмээх эрхэмийн нэр тодроод байгаа юм. Н.Дашдаваагийн хувьд бусад нэр дэвшигчдийн хажууд Монголын улстөртэй тэгтлээ ойр зууралдаж байгаагүй, улстөрийн аливаа хор найруулах, эрх мэдэл рүү үхэн хатан шунан дурлах талаар төдийлөн урагшлан давшиж байгаагүй, нэр төр нь арай жаахан цэвэр нэгэн гэдгийг Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчдын зарим хэсэг нь мэдэх болов уу. Ямартай ч Хэнтийн 42 дугаар тойрогт “Монголын Консерватив нам”-ын дарга Н.Дашдаваа ялалт байгуулах нь төдийлөн итгэлгүй ч хэрвээ тэрээр ямар нэгэн байдлаар ялалт байгуулчихвал Монголын улстөрд бас нэгэн арай дөнгүүр товариш орж ирэх нь ойлгомжтой болох болов уу.

За бусад намын тухайд УИХ-д суудалтай ч Д.Муратаа алдаж ч магадгүй байдалтай болоод байсан ч Шүүхээс түүнийг нь өршөөсөн АН-ын тухайд Сүмогийн Их аварга Д.Дагвадоржийг нэр дэвшүүлэхээр яригдаж эхлээд байгаа. Магадгүй Их аварга Д.Дагвадорж тун хүчтэй өрсөлдөгч байх нь дамжиггүй билээ.

АН-ын хувьд ийм шийдвэр гаргах дээр хүрээд байгаа бол 2016 оны УИХ-ын сонгуульд ихээхэн том ам гарч байсан ч төдийлөн олигтой амжилт үзүүлж чадаагүй “ХҮН” намын дарга Хэнтийн 42 дугаар тойрогт ирэх 10 дугаар сарын 7-нд болох Нөхөн сонгуульд хүч үзэхээ мэдэгдээд байгаа. Мөн түүнчлэн С.Оюунаас хойш УИХ-д суудалгүй болоод байгаа ИЗНН-ын тухайд “Залуу хүн нэр дэвшүүлнэ” гэдгээ мэдэгдээд байгаа билээ. За бусад намын тухайд одоогоор төдийлөн мэдээлэл тараагаагүй байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын эхээр аль намаас ямар ямар товаришууд нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой болох болов уу.

Ямартай ч “Хүчингийн хэрэг”-ээр УИХ-аас "туугдсан" МАН-ын хамгийн залуу гишүүн асан Д.Гантулгын буянаар ирэх 10 дугаар сарын 7-нд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт “Гал гарсан” өрсөлдөөн болж эдгээр 14 улстөрийн намын нэг дарга нь ялалт байгуулан хууль тогтоох дээд байгууллага УИХ-д орж ирэх нь тодорхой болоод байгаа юм. Магадгүй МАХН-ын дарга Н.Энхбаяр ч юмуу, аль эсвэл Бүгд найрамдах намын дарга “Буян”-гийн Б.Жаргалсайхан ч ороод ирэхийг үгүйсгэх аргагүй л юм. Ямар ч гэсэн ирэх есдүгээр сарын эхээр хөврөх нэр дэвшигчдийн тухай мэдээллүүдийг сонсохыг хүлээх, тэгээд сарын дараа нь Хэнтийн 42 дугаар тойрогт хэн нь ялалт байгуулан УИХ-д орж ирэхийг харах, хүлээх л үлдэж байна...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.