Үй Хуа: “Хятад орныг 10 үгээр” тун ч донжтой илэрхийлжээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 09-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Өчигдөрхөн зохиол бүтээл нь дэлхийн 20 гаруй оронд хэвлэгдэж, ихэд нэрд гарсан БНХАУ-ын нэрт зохиолч Үй Хуагийн “Хятад орныг 10 үгээр” хэмээх алдартай зохиолыг нь уншиж дуусгав. Энэ зохиолын түүхийг өгүүлвэл АНУ-ын нэгэн коллежийн урилгаар "Зохиолчийн нүдэнд туссан Хятад орон" нэртэй лекц бэлдэхээр болж, гол агуулгаа илтгэсэн арван үгийг сонгон авсан байдаг. Тэгтэл урьсан Америк профессор нь "Хятад орныг арван үгээр" гэж нэрлэвэл ямар вэ гэснээр энэ номын нэр өөрчлөгдсөн гэдэг. Тэгээд тэрхүү 10 өгүүллэгтээ

1.Ард түмэн, 2.Удирдагч, 3.Ном, 4.Уран бүтээл, 5.Лу Сюнь, 6.Ялгаа, 7.Хувьсгал, 8.Доод давхаргынхан, 9.Хуурамч бараа, 10.Хулхидах гэсэн арван нэр өгч энэхүү Эссенүүдээрээ Хятад орныг бүхэлд нь илэрхийлж чадна гэж зохиолч үзсэн гэдэг. Үүнээс улбаалаад "Монгол орныг ч арван хэдэн үгээр" хэмээх номыг хэн нэгэн нь бүтээвэл сонин сайхан түүх болох байх даа гэж бодогдсон шүү.

Ингээд БНХАУ-ын зохиолч Үй Хуаг дэлхий даяар нэрд гаргасан “Хятад орныг 10 үгээр” хэмээх алдартай зохиолынх нь 10 өгүүллэгийн гол утга санааг товчхон тэмдэглэвэл доорхи зураглал гарч ирж байна.

1. Ард түмэн 

Хятад болбоос энэ дэлхий дээрх хамгийн олон хүн амтай улс гэдгийг бид мэднэ. Ард түмэн нь эрх баригчдынхаа шударга ёс зүйд эцсээ хүртэл итгэдэг Күнзийн суртлаар хүмүүжсэн байдаг. Хятадын төрийн дуулалд хүн ам олонтой гэдэг санаа нь: 

Мах, цусаараа бид агуу хэрэм босгоё

Магад дайсан ирвээс уухайлан дайрцгаая 

Босоцгоо та минь, босоцгоо 

Түм бумаараа босоцгоо! хэмээн өгүүлсэн байх жишээний. Тэгэхээр "ард түмэн" гэдэг үг/ханз Хятад орныг бүрдүүлэх хамгийн чухал ухагдахуун болж чадна гэжээ. "Хүн олон бол хүч их" гэж Мао Зэдүн ч хэлж байж. 

Сонирхуулахад, миний өмнө танилцуулж байсан Мо Янийн "Улаан тутарга" романд "Манай хүн ам 300 сая. 100 сая иргэнээ дайнд алдлаа ч бид дайнд ялах учиртай" хэмэн нэгэн баатар нь өгүүлж байдаг. Мөн, Хятадын төр, газар нутгаа тэлэх бодлогыг үеийн үед авч явуулдаг байсан нь хүн ам олонтойгоос үүдсэн гэдэг. 

2. Удирдагч 

Энэ бүлэг бүхэлдээ Соёлын хувьсгалын эцэг Мао Зэдүний тухай өгүүлжээ. Хятадын хаад сурвалжит гаралтай эсэхээсээ үл хамааран хаан ширээнээ залармагцаа Тэнгэрийн хүү мэт аягладаг байхад Мао Зэдүн тэгээгүй л гэнэ. Тэр ард түмнийхээ сэтгэлийг жинхэнэ утгаар нь дэврээж чадаж байсан л гэнэ. "Өдгөө Хятад улс багаараа удирдах системтэй... (Гэвч) Хятадад удирдагч гэх хүн үлдсэнгүй. Дарга нар л олширч дээ" хэмээн зохиолч харуусан өгүүлсэн байна. 

3. Номтой нөхөрлөсөн минь 

Зохиолчийн бага залууд ном ховрын бараа байжээ. Ялангуяа, Соёлын хувьсгалын үед хориодхон "хувьсгалт эх оронч уран зохиол" үлдэж, бусдыг нь "хортой хогийн ургамал" хэмээн нэрийдэж байсан тул бүр ч нүдний гэм болсон байна. Айл бүрт байдаг ганц нь Мао Зэдүний "Сонгомол дөрвөн боть" зохиол. Хорих тусам хоргоддог нь хүний зан хойно хүмүүс нууцаар "хортой хогийн ургамал"-уудыг гар дамжуулан уншдаг л байж. Зарим нь эхэн, төгсгөл нь үрэгдэж алга болсон байдаг тул үйл явдлыг нь хүн бүр өөрийнхөөрөө зохиодог байсан тухай инээдтэй явдал ч бишгүй байж. Хэдийгээр Соёлын хувьсгалын дараа "хортой хогийн ургамлууд" хэвлэгдэж эхэлсэн ч эрэлт их, нийлүүлэлт бага тул картаар өгнө. Гэтэл өдгөө Хятадад жил бүр хоёр зуугаад мянган төрлийн ном хэвлэгдэж байна. 

4. Уран бүтээл 

Энэ бүлэгт зохиолч таван жил хийсэн шүдний эмчийн ажлаасаа залхаад ("Хүний ам шиг муухай газар энэ дэлхийд үгүй" гэж хэлжээ) хэрхэн зохиолч болсон тухайгаа өгүүлжээ. "Уран бүтээл" гэдэг үг нь Хятад орныг төлөөлөх бус, өөрийг нь илэрхийлсэн үг юм уу даа гэж бодогдсон. 

5. Лу Сюнь 

Соёлын хувьсгалын үеийн балчрууд "Хятад улс болбоос Мао Зэдүн гэдэг цорын ганц яруу найрагчтай, Лу Сюнь гэдэг цор ганц зохиолчтой" гэдэг үзлээр хүмүүжжээ. Зохиолчийн хувьд ч нэгдүгээр ангид байхдаа чухам ингэж итгэдэг байсан гэнэ. Хувьсгалт зохиол бүтээл туурвидаг Лу Сюний уншигч нь Мао Зэдүн байсан нь энэхүү зохиолчийг Хятадад алдаршуулжээ. Дээр өгүүлсэн Мао Зэдүний "Сонгомол дөрвөн боть"-той эн тэнцүү шахам тараагддаг байсан нь түүний ном байсан аж. 

6. Ялгаа 

Энэхүү эссенд хоёр эрин үеийн ялгааны тухай бичжээ. Эрин солигдоход Хятад даяар баян ядуу, хот хөдөөгийн ялгааг авчирсан байна. Дэн Сяопиний хэрэгжүүлсэн өөрчлөлт, шинэчлэл - нээлттэй бодлогын хүрээнд ДНБ 60 дахин өссөн ч хот, хөдөөгийн ялгаа газар авчээ. Бээжингийн хүү Боингтой болохыг мөрөөддөгөө өгүүлсэн бол баруун хойд нутгийн жижиг тосгоны охины туйлын мөрөөдөл нь цасан цагаан пүүзтэй байх. Цагаан пүүз нь Бээжингийн хүүгийн Боинг мэт хүршгүй зүйл болж хувирсан байнам. 

Нэмэхэд, хятадын зарим баячууд нь идэх хоолоо гадаадаас захиалж авчруулдаг бол зарим газрын улс амьтан нь дундад зууны үеийн хөөрхийлөлтэй амьдралаар амьдарсаар л гэх юм билээ.

7. Хувьсгал 

"Эдийн засаг үсрэнгүй хөгжихөд ардчилсан тогтолцоотой байх нь нэн чухал" хэмээн барууныхан айлддаг. Гэтэл Хятадад "эдийн засгийн хөгжлийг хувьсгалаар хөглөдөг". 1957 онд Их үсрэлтийн бодлого, 1966-1976 онуудад Соёлын хувьсгал, түүнээс гуч гаруй жил Өөрчлөлт, шинэчлэлтийн нээлттэй бодлогын хувьсгал үргэлжилж байгаа юмсанж. Хятадад хувьсгал хэрхэн өрнөдөг гээч? "Хувьсгал тайван замаар, хүндтэй аргаар, бөхөлзсөн маягтай өрнөдөггүй. Хувьсгал гэдэг нь бослого, нийгмийн нэг анги нөгөө ангиа хүч түрэмгийлэн дарах үйлдэл юм" хэмээн Мао эшилсэн байна. 

8. Доод давхаргынхан 

Хоёр сая юанийн үнэтэй BMW760H гм маркийн машин зардаг салонд нэг удаа хараажаар тариачин байрын нэг өвгөн микро автобуснаас ач гуч нийлсэн арваад хүүхэдтэйгээ буун иржээ. Машинуудын тухай "Яагаад ийм үнэтэй байна?" гэж асуух өвгөнд бишгүй олон талаас нь менежер тайлбарласан боловч ойлгосонгүй. Яриан дундаа "суудалд нь хоёр үхрийн арьс орсон" гэж хэлүүт өвгөн илт сэргэж, хүүхдүүддээ "Ганцхан суудалд нь хоёр үхрийн арьс орсон гэхээр сайн эд байх нь" хэмээгээд өөртөө 760H серийнхийг, хэдэн хүүхдүүддээ 7-3-р загварын машин авчээ. Хүүхдүүд нь микроноосоо хэд хэдэн том хайрцаг мөнгө гарган тоолж тооцоо хийв. Өвгөн банкинд итгэдэггүй юмсанж. Доод давхаргын олон хүн Хятадад хөлгүй баяжсаны нэгээхэн жишээ нь энэ юм. Нийгмийн доод давхаргынхан гэгддэг энэ хүмүүс Хятадын үсрэнгүй хөгжлийг нөхцөлдүүлжээ. Тэд юунаас ч, хууль бус, гэмт үйлдлийн шинжтэй үйлдлээс ч эмээдэггүй. Алдах юмгүй учраас тэд ер эмээсэнгүй. "Хөл нүцгэн хүн гуталтай хүнээс айдаггүй" юмсанж. Тэдний онцлог нь "Бусдын хийхийг хүсээгүй ажлыг хийж" хөрөнгө хуримтлуулжээ. Тэдний дунд бараг дэлхийн бүх хувцасны товчийг үйлдвэрлэдэг бизнесмэн ч байх вий. 

9. Хуурамч бараа 

Хятадын нийгэмд хуурамч бараа бүтээгдэхүүн идээт үрэвсэл болон буглажээ. Идээ бээр өвчин эмгэгийг өөртөө шингээх ч биед таагүй, аажмаар үхүүлдэг. Хуурамч бараа олширсон нь Хятадад ёс зүйн хэм хэмжээ алдагдсаны бэлээхэн жишээ юм. Үй Хуа өөрийн алдарт "Ах дүүс" романыг хулгайгаар хувилан зарж байсан хүмүүстэй таарчээ. "Хулгайн хэвлэл байна" гэвэл зарагч нь "Хулгайнх биш ээ, хуурамч эд" гэж залруулсан байдаг. Огт уулзаж байгаагүй сэтгүүлч өөртэй нь ярилцлага хийгээд тавьсан байхаар нь "Би танд ярилцлага өгч байгаагүй юмсан" гэхэд "Хуурамч ярилцлага байгаа юмаа" гэж хээв нэг хариулж байжээ. 

10. Хулхидах 

Хулхидах нь Хятадад хуурамч бараатай ижил дэлгэрсэн арга болон үржжээ. Хуурч мэхлэх нь бага зардлаар их ашиг олох арга юм. Үүнээс үүдээд "Худлаа хэлэх бол далайцтай ярих хэрэгтэй" гэсэн цэцэн үг гарчээ. Гадаад орны төрийн тэргүүд Хятадад айлчлахад хятадууд "Хулхидах гэж ирээ биз!" гэдэг бол Хятадын удирдагч гадагш явахад мөн л "Цаадах чинь улс амьтан хулхидаж хуурахаар явлаа" гэлцэнэ. Хулхидах нь Хятадад хуурамч бараатай ижил Хятадын ёс бус нийгэмд ужиг болсон өвчин болжээ. 

Ямартай ч БНХАУ-ын зохиолч Үй Хуаг дэлхий даяар нэр алдрыг нь улам өндөрт өргөсөн “Хятад орныг 10 үгээр” хэмээх зохиолыг Монголын залуучууд сайн уншиж, өөрсдийнхөө мэдлэг оюуныг тэлвэл илүүтэй сайн санагдаж байна.

Ер нь л БНХАУ-ын нэрт зохиолч Үй Хуа БНХАУ-ыг 10 үгээр тун ч донжтой, уран сайхан илэрхийлсэн байдаг шүү...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.