Хайран сайхан Аймгийн арслан Б.Золбаяр минь дээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 09-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

Өчигдөрхөн “Цэнгэлийн манлай” гэдэг нэвтрүүлгээр Сэлэнгэ аймгийн Сант сумын харъяат, Сант сумын хамгийн анхны аймгийн арслан Б.Золбаяр агсны тухай тэнгэрлэг сайхан хэрнээ, сэтгэл эмзэглүүлсэн харамсалтай нэвтрүүлэгийг давтан үзүүлэв. Тэрээр дөнгөж 21-хэн насандаа энэ хорвоогоос буцсан ч өнөөдөр ч бөх сонирхогчдын хайраар илбүүлсээр л байгаа нэгэн билээ.

Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат аймгийн арслан Батжаргалын Золбаяр гэж жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер, олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяраар ёстой л тоглоод хаячихдаг үнэхээр тэнгэрлэг сайхан залуу бөх уран хурц барилдаанаараа хэсэгхэн хугацаанд од шиг гялалзаж байгаад 2007 оны тэр нэгэн өдөр өдрийн од шиг гэнэтхэн харваад л унтарч билээ. Тэр өдөр нутагтаа ирсэн хүүгээ аав Батжаргал нь “Миний хүү гэртээ сайхан унтаж амраад маргааш эртхэн явж болохгүй юмуу” гэхэд уран хурц барилдаанаараа Бөхийн өргөөг бараг л өөрийн болгож явсан хүү нь “Үгүй ээ ааваа. Маргааш Бөхийн өргөөнд болох барилдаанд барилдах юм чинь өнөөдөр эртхэн Улаанбаатар руу явъч даа” гэж хэлээд л гэрээсээ хамгийн сүүлчийн удаа яаралтайхан мордсон байдаг. Тухайн үед Бөхийн өргөөнд болдог байсан барилдаануудад тэрээр аварга, арслдангуудын эрлэг болж ихэнхдээ тэднийг ёстой л бэмбэгнэтэл айлгадаг, ёстой л ир бяр тэгширч явсан дөнгөж 21-хэн настай, биерхүү бяр хүч нь тэгширсэн ирээдүйн Их аварга байсан юм.

Сэлэнгэ аймгийн Сант суманд 1986 оны 3-р сарын 23-нд төрсөн тэрээр дөнгөж 21-хэн настай байхдаа энэ ертөнцөөс буцахдаа Дархан-Улаанбаатарын замд осолд орж туйлын харамсалтайгаар аав, ээж, ах эгч хоёрыгоо болон үеийн нөхөд, багш нарынхаа зүрхийг булгилуулсаар одсон билээ. Тэрээр “Аварга” биеийн тамирын Дээд сургуулийг төгссөнөөсөө хойш 2007 оны жүдогийн улсын аваргаар Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аваргыг хөдөлгөлгүй нам дардаг байсан ч 2008 оны Бээжингийн олимпийн урьдчилсан оноо цуглуулах тэмцээнүүдэд Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч нар огт явуулахгүй байсанд анхных нь багш В.Ганболд тун ч их гайхаж, гомддог байсан гэдэг.

Ер нь түүний амжилтууд 2002 оноос буюу 16-хан наснаас нь оргилж эхэлсэн гэж үздэг. Тухайн жилдээ жүдо бөхийн өсвөрийн улсын аваргаас хүрэл медаль хүртсэнээр үеийнхэн дотроо биерхүү, туйлын цайлган зантай тэр хүү ёстой л өдөр хоногоор булгилж эхэлсэн түүхтэй. Ингээд хоёр жилийн дараа буюу 2004 оны жүдо бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийн 81 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэнээр спорт сонирхогч олон түмний харааг яах аргагүй соронздон татаж эхэлсэн түүхтэй. Түүний амжилт дөнгөж л эхэлж байсан учир Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 75 жилийн түүхт ойн баяр наадамд түрүүлж Сант сумаасаа төрсөн хамгийн анхны Аймгийн арслан болж нутаг орныхноо магнайг нь халуу оргитол баярлуулан догдлуулсан байдаг. Ээж Ц.Туул нь өнөөдөр ч 21-хэн насандаа энэ хорвоог туйлын харамсалтайгаар орхин одсон хайртай хүүгээ өдөр бүр санан дурсаж, Сант сумаасаа анхны аймгийн арслан болсон наадам нь байнга бодогддог тул ёстой л зүрхээ шархлуулсаар өнөөдөртэй учран амьдарч яваа хөөрхийлөлтэй нэгэн ажгуу. Аймгийн арслан болохдоо барилдаан бүрийнхээ дараа ээж рүүгээ залгаж “Ээжээ хүү нь тийм мэх хийгээд тэгж давчихлаа” хэмээн ярьж байсан нь өнөөдөр ч хайртай ээжид нь сая л болоод өнгөрсөн юм шиг санагддаг ажээ.

Өдөр бүр хоёр удаа бэлтгэл хийж байсан хүүгээ бэлтгэлээ тараад ирэх болгонд нь цүнхийг нь уудлан хөлсөнд нь нов нойтон болсон бэлгэлийнх нь хувцасыг гарган угаадаг байсан ээж нь өнөөдөр Д.Дагвадорж аваргын хүүг нь бэлтгэлээ хийж байхад нь орж ирээд бэлэглэсэн жүдогиг авдрынхаа хамгийн дээр нь хадгалж, өдөр бүр гарган үнэрлэж, хайртай хүүгээ санан дурсдаг гэнэ лээ.

Сэлэнгэ аймгийн Сант сумаасаа хамгийн анх аймгийнхаа 75 жилийн ойн наадамд түрүүлсэн жил нь төрсөн ганц ах Б.Цэрэндагва нь Улаанбаатарт орон сууц худалдан авч өгсөн бөгөөд өнөөдөр ганц ахынх нь хувьд улсын баяр наадмын гурван өдөр шиг сэтгэлийн зовлонд унагадаг хэцүүхэн өдрүүд байдаггүй гэсэн.

21-хэн насандаа Дарханы замд туйлын харамсалтай осолд орж энэ ертөнцөөс нисэн одсон Сэлэнгэ аймгийн арслан Б.Золбаяр агсан 2005, 2006, 2007 ондуудад тив дэлхийд нэрээ цуурайтуулж, ирээдүйн олимп, дэлхийн аварга гэдгээ тунхаглаж эхэлсэн байдаг. Тухайлбал Самбо бөхийн дэлхийн Залуучуудын аварга, Кураш бөхийн Ази тивийн аварга, Жүдо бөхийн Ази тивийн аварга болж аль хэдийнэ Олон улсын хэмжээний мастер цолыг өөрийн болгоод байжээ. Жүдо бөхийн Монгол Улсын 9 удаагийн аварга, -100 кг-ын жинд босоо байсан Цэнд-Аюушийн Очирбатын 10 дахь түрүүг зогсоож чадсан ганц бөх бол аймгийн арслан Б.Золбаяр л байсныг өнөөдөр ч бөх сонирхогчид мартаагүй л байгаа.

Тухайн улсын аваргын Зооны аваргын төлөөх барилдаанд хожим нь олимпийн алт, мөнгөн медаль хүртсэн, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг хааш нь ч хөдөлгөлгүй ялж, 2007 оны Улсын аварга болж байсан нь түүний сүүлчийн том амжилт байсан юм. Хэрвээ Б.Золбаяр 2007 оны тэр нэгэн “Хар өдөр” Дарханы замд осолдоогүй байсан бол 2012 оны Лондонгийн олимпийн аварга болж, Монгол түмний зүрх сэтгэлийн “Баатар” болох нь тодорхой байсан юм.

Өнөөдөр Жүдо бөхийн улсын шигшээ багийн Ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа Хөдөлмөрийн баатар О.Балжинням гуайг “Алдар” спорт хорооны даргаар ажиллаж байхад Б.Золбаяр агсан тэдний тамирчин байжээ. Өчигдрийн “Цэнгэлийн манлай” нэвтрүүлэгт оролцсон О.Балжинням баатар “Б.Золбаярыг би сайн мэднэ. Маш сайн хүнд жингийн бөх гарч ирлээ дээ хэмээн тун ч баяртай явтал тэр нэг өдөр туйлын харамсалтайгаар хорвоог орхисонд өнөөдөр ч харамсаж явдаг. Хэрвээ өнөөдөр амьд байсан бол дэлхийд хүнд жингийн нэгэн босоо бөх гарч ирэх нь тодорхой байсан юм. Өнөөдөр манайх хүнд жингийн сайн бөхгүй учир ДАШТ-д өрсөлдөж чадахгүй л байгаа. Хэрвээ Б.Золбаяр агсан амьд байсан бол Монгол Улсынхаа нэр төрийг дэлхийд мандуулах нь тодорхой байсан даа” хэмээн гунигтайхан өгүүлж суусан.

Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат Монгол Улсын Харцага Т.Өсөх-Ирээдүй “Маш цэгцтэй барилдаантай, туйлын даруу төлөв хүмүүжилтэй залуу байсан даа, миний шавь. Хоолонд жаахан тааруухан, бага иддэг байсан юм. Чи жингээ нэмэхийн тулд хоол сайн ид гэхээр нулимс нь цийлэгнээд л идэж харагддагсан. Одоо Б.Золбаяр шиг сайхан цэгцтэй барилдаантай залуу огт харагдахгүй болж дээ. Бид хоёр ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлж, сүүлдээ ах дүүс шиг л дасацгаасан. Одоо ч гэсэн миний хажууд байгаа юм шиг л үргэлж үгүйлэгдэж, санагддаг юм. Одоо үеийнхнийх нь заал танхимын барилдааныг харж суухад байнга л бодогдоод болдоггүй юм. / Нулимс унагасан /.

Хамгийн сүүлд 2007 оны намрын тэр нэгэн “Хар өдөр” аав, ээждээ үнсүүлээд Улаанбаатарыг яаран зориход хотод хоёр эгч нь хоол хийчихээд хайртай ганц эрэгтэй дүүгээ хүлээж суусан байдаг. Гэтэл хайртай хүү, дүүг нь Дарханы замд хорвоогоос булаан туйлын харамсалтайгаар буцаасан талаар өчигдрийн “Цэнгэлийн манлай” нэвтрүүлгээр тодорхой өгүүлэв. Хайран ч сайхан аймгийн арслан Б.Золбаяр минь дээ. Хэрвээ тэр өнөөдөр амьд байсан бол олимп, дэлхийн аварга, Монгол Улсын Даян аварга ч болчихсон л явж байх бүрэн дүүрэн боломжтой, жинхэнэ тэнгэрлэг сайхан бөх байлаа.

Хайран ч сайхан аймгийн арслан Б.Золбаяр минь дээ гэж...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.87.31) 2018-08-10 21:49
      • 0
      • 0

      za boliochee barildaagui hun avarga bolno gej yu baidag, ingeed muiharlaj bicheed baival uhsen hun buriig buh sportiin avarguud gej tsollohnee

      Хариулах