Аав хүн гэдэг...

Twitter Print
2018 оны 08-р сар 10-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

Орноосоо буулгүй эцэг болох амархан, орноосоо буугаад аав болох хэцүү". Энэ бол зүгээр л хошигнол, гэхдээ эрэгцүүлж нэг бодмоор хошигнол. Үүлэн борооны үйлдлийн дараа хайртай бүсгүйгээсээ "би жирэмсэн болчихжээ" гэж хэлэхийг нь сонсоод нэгэнтээ цочирдоно, томорч түрсэн гэдэстэй хайртай бүсгүйгээ олны газар хөтлөн алхахдаа бусдын сонжсон харцан дор хоёронтоо ичингүйрнэ, өвдсөндөө чарлан ёолох хайртай бүсгүйн дуу алдах чимээний хэмнэлд энэ ертөнцөд хүн болж ирснээ уйлж хашгиран чарлах үрийнхээ дууг сонсохдоо гурвантаа уярч балмагдана. Яг л тэр мөчид "би аав боллоо шүү дээ" хэмээн сэтгэлдээ хашгирахдаа энэ ертөнцөд яах гэж зорьж ирснээ гэнэт ухаардаг. Тэр мөч эр хүний амьдралд эргэлт болж амьдралын утга учрыг, хүн болж ирсэн тавилангийн хариуцлагыг, сэтгэлдээ наран мэт хайрласан бүсгүй нэгэн тавилангийн түшиг, бас салшгүй нэгэн холбоосыг мэдэрдэг. Олон олон бардамхан залуусын амьдралд нэгэнтээ зогтусдаг зогсоол нь энэ. Ухаарал ч бий, учирлал ч бий энэ зогсоолд. 

Өөрийн үргэлжлэл болох үртэй болохдоо эр хүн гэнэт амьдралыг огт өөрөөр хардаг. Өөрийг нь өвчсөн мэт адилхан тэр л үрийнхээ үнэгчлэн инээмсэглэх төрхийг харахдаа хад чулуу мэт хатан зүрх нь хайлан уярч, урсгал ус мэт намуухан урсдаг. Үрийг нь хэвлийгээсээ төрүүлсэн тэр бүсгүй өмнө сөгдөж, үүнийх нь төлөө насан туршдаа хайрлах болно хэмээн сэтгэлдээ андгайлдаг. Өдөр хоногоор өсч өндийж, элдвийн ааш араншингаараа бусдын өхөөрдлийг татаж, ядарч бухимдсан сэтгэлд нь наран мэт мэлтийн гэнэт уяруулах тэр л бяцхан үр нь амьдралынх нь утга учир болно. Зүгээр л гар дээрээ наран мэт өргөж зөөлхөн зулайг нь үнэрлэхэд сэтгэлийн чанадаас уярал залж, зүрхний тэртээгээс хайрын булаг урсана. Хүүхдээ уйлахад нь зүрх нь урагдаж, сэтгэл нь сэмэрч, бачимдал нь бараан үүл мэт хуралдан аянга мэт цахилна, гэхдээ түүнийгээ ил гаргахгүй. Хүүхдээ өвдөхөд нь уйлж хашгирахгүй ч гэлээ сэтгэлдээ тарчлан хашгирна, гэхдээ ил гаргаж дуугарахгүй, борооны өмнөх бараан үүлс мэт дүнсийнэ. Үрээ инээж баясахад нь үүлгүй тэнгэрийн наран мэт мишээнэ, муухан мушийна. Эр хүний үрээ хайрлах хайр нь сэтгэлдээ буцалж, хал нь гаднаа чулуу мэт цахилж байдаг. 

Санаснаар болдоггүй энэ орчлонд аав хүн үрийнхээ төлөө шаналж амьдардаг юм. Үгэнд нь оролгүй огт өөрөөр явж одоход ч сэтгэл дотроо л аргадаж учирладаг юм. Өөрийг нь огт тоохгүй юм шиг авирлаж, ээжийгээ баярлуулж байхад нь хүртэл эр хүний ууч сэтгэлээр "овоо доо миний муу хүүхдүүд" гэж сэтгэлдээ хайрыг ширгээж байдаг юм. Насны хяруун дор хүч нь дутаж суухдаа хэдэн муу хүүхдээ л сэтгэлдээ өмөөрч "за яахав дээ, залуу явж үзээгүй юм биш" хэмээн уучилна.

Замбуулин энэ хорвоод бүргэд шиг дэвж явахдаа омголон байсан үеэ хүүхдүүдээсээ анзаарч "ертөнцийн нэгэн жам" хэмээн хэгжүүрхэнэ. Шүүдрийн мянган дуслаар цай чанаж эхийгээ ачлаарай гэж үрдээ захихдаа өвсний нэгэн дусал шиг сэтгэлдээ уяран бөнжийж байдаг юм, аав хүн. Сэтгэл нь хорвоогийн жаргал зовлон дунд сэмэрч байхдаа үрээ л "сайн явахыг нь үзэх" гэж өөрөө зуу наслахыг хүсдэг юм сэтгэлдээ. Өөрийнх нь үргэлжлэл үр хүүхэд нь энэ ертөнцөд үлдэж байгаа болохоор амьсгал хураахдаа хүртэл амгалан тайван байж чаддаг юм, аав хүн. Үүлтэй тэнгэрийн тэртээгээс даль жигүүрээ хумин довтолгох эр бор харцага, жигүүрхэндээ хүчтэй байсаар халихдаа үртэй хүний мянган жаргалыг сэтгэлдээ тээж оддог юм. Аяа аав мину зээ.

Г.Галбадрах

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.