"Жаахан шарга" дууны түүх

Twitter Print
2018 оны 09-р сар 29-нд 14:38 цагт
Мэдээний зураг,

Жаахан шарга

Энэ дуу Дарьгангын овооны хийд орчим зохиогдсон гэж үздэг. Далин дагын хүү Инзноров, Ургамал зундаагийн охин Чимэдлхам хоёр хайр сэтгэлийн холбоотой болж, хурга тугалын бэлчээрээр уулзан учирч явсаар амьдран суухаар болоод байтал хошууны ноён Чимэдлхамыг хүчээр богтолж авчээ.

Зунд гэдэг нь цол бөгөөд Дарьганга хошуунд ийм цолтой хүн дөрөвхөн байсан гэдэг. Зунд цолтой хүнийг ойсон голтой отого жинсээр шагнадаг бөгөөд тэр хүн эзэн хаанд биеэр бараадах эрхтэй байсан юм. Ургамал зунд охиныхоо инжид их олон юм өгсөн гэдэг.

Чимэдлхам ноёныд хүрээд хэд хонож байтал, Норов "Удахгүй ургуулж дутаалгана шүү, сэрэмжтэй байгаарай" гэж хэл ирүүлжээ. Энэ чимээг сонссон Чимэдлхам ойр зуур хэрэглэх хувцас хунараа бэлтгэх гэтэл хадам ээж нь хувцасны авдрын түлхүүрийг нь авчихсан болохоор ил байсан ганц уужийг аргал дор нууж бэлджээ.

Болзсон цагтаа гэрээс гарахдаа үдшийн бүрийгээр аргал хормойлж ирье гэж гараад нуусан уужаа нөмгөн дээл дээрээ өмсөөд зугатсан байна.

Тэр хоёр шөнөжин давхиад Лхамаа гангын бургасанд нуугдаж амьдарчээ. Тэндээ намрын туршид бургасанд хоол ундаа зөөж авчирж иддэг байснаа "Таг ширээ нутаг нь, Таван өнгөөр найгана. Танхил өссөн тэр минь, Танихгүй хүнээс дайжиж суудаг болбуу? Дүш ширээ нутаг нь дөрвөлжилж барайгаад харагдана. Түмгэр жаахан чамдаа, төдлөх тусмаа санагдана" гэж дуулсан байдаг.

Ноёдын эрэлчин ч цөхөрсөн байлгүй, төдөлгүй чимээ тасрав. Нэгэн өдөр, Инзноров гэрийхээ гадна сууж байхдаа "Лхамаа одоо гэртээ харья. Яавал яаг" гээд оройхноор хөтлөө морьтой мордож, Лхамааг гэртээ аваад ирсэн гэдэг. Ноёныхон хэзээ л ирдэг бол гэж хэдэн хоногоор дэн дунтай суулаа. Хосуудын аз ивээж тэднийг сандаргааж зовоосонгүй. Тэгээд л Инзноров, Чимэдлхам хоёр арваад хүүхдийн ээж аав болж амар мэнд амьдарсан гэдэг.

Жаахан шаргын шогшоонд нь

Томоо нь муухай тасарлаа

Жаахан түүнийхээ аашинд нь

Сэтгэл муухай гунихарлаа

Хоёр морьтой гарлаа даа

Хонгорын ширээг дамжлаа даа

Хоноглосонгүй явсныг нь бодохоор

Хоёр нүдэндээ нулимстай

Буйлаад байгаа тэмээг

Бурантагны үзүүрээр тогтооно

Булиглаад байгаа сэтгэлийг

Одоо юугаар тогтоох вэ

Дэрвээд байгаа дээврийг

Дээсний үзүүрээр тогтооно

Дэнслээд байгаа сэтгэлийг

Одоо юугаар тогтооно вэ...

Эх сурвалж: Уртын дуу

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.