“Нүүдэлчин Монгол” урлаг, спортын наадам маргааш эхэлнэ...

Twitter Print
2018 оны 08-р сар 09-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 10-12нд “Хүй долоон худаг”-т “Нүүдэлчин Монгол” урлаг спортын наадам болох гэж байна. 

Монголын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Юнескогийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенци, “Соёлын өвийг хамгаалах тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, БСШС-ын сайдын 2018 оны А196 дугаар тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын даргын 2016 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А157, А19 дугаарт хамтарсан тушаалыг тус тус үндэслэн “Нүүдэлчин Монгол” наадамыг 2018 оны наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулахаар бэлтгэл ажлууд хийгдээд дуусч байна.

“Нүүдэлчин монгол” наадам нь Монгол түмний олон зуун жил өвлөн уламжилж ирсэн соёлын биет бус өвийг хамгаалах, судалж сурталчилах үйл ажиллагааг өргөжүүлэх, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авъяас билгийг нь хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулах зорилготой бөгөөд дараах таван ай савын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Үүнд:

1.Эх хэл аман уламжлал,

2. Ардын язгуур урлаг,

3. Монголын уламжлалт гар урлаг,

4. Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи,

5.Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам зэрэг болно.

Уг наадам 2018 оны эхний хагас жилд аймаг, нийслэл, сум, дүүрэгт зохион байгуулагдсан “Соёлын биет бус өвийн их наадам”, “Үндэсний спортын VI их наадам”-ын анхан шатны тэмцээн, уралдаанд шалгарч шигшээ тэмцээн, уралдаанд оролцох эрхээ авсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 700 гаруй ардын авъяастан, гар урчууд болон 2000 гаруй Үндэсний спортын баг, тамирчид Хүй долоон худагт отголон бууж өөрсдийн авъяас билэг, авхаалж самбаа, ур чадвараа сориход бэлэн болоод байгаа юм.

“Нүүдэлчин Монгол” урлаг, спортын наадмын хөтөлбөрт

Ардын язгуур урлагийн тоглолт, Эх хэл аман уламжлалын урлагийн тоглолт, Язгуур урлагийн тоглолт, Үзэсгэлэн худалдаа, Уламжлалт гар урлалын үзэсгэлэн худалдаа, Уламжлалт цагаан идээ, хоолны үзэсгэлэн худалдаа, Үндэсний спортын тэмцээн уралдаан, Үндэсний бөх, Үндэсний сурын харваа, Шагайн харваа, Ширээний шагай, Жороо морины уралдаан, Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч шалгаруулах, Буриад, Урианхай уламжлалт сурын харваа зэргээс бүрэлдэх юм байна.

Мөн энэ наадмыг үзэж сонирхохоор ирсэн иргэд олон нийт, жуулчдад зориулсан Ардын урлаг, Үндэсний спорт, тоглоом наадгай, ёс заншил, зан үйлийг таниулах олон арга хэмжээ зохион байгуулагдах аж.

Дөрөв хоног Хүй долоон худгийн энгэрт хүн зоныг цуглуулан бужигнах “Нүүдэлчин Монгол” урлаг, спортын наадамд зориулан шагнал, худалдаа, Хүй долоон худгийн энгэрт налайтал суурьшиж байгаа 21 аймгийнханд зориулан гаргах мөнгийг бодолцон Засгийн газар 250 сая төгрөг төсөвлөн олгоод байгаа аж. Одоо зөвхөн 11-15-нд Хүй долоон худгийн энгэрт налайтал байрласан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн оролцогчдыг хангалттай хоол хүнсээр хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд тэнд Цагдаагийн хангалттай хүч гаргах л үлдээд байгааг Соёл, урлагийн газрын дарга Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Эрдэнэбат дэлгэрэнгүй тайлбарлав.

Мөн БТСГ-ын Биеийн тамирын Хэлтэсийн дарга Г.Одбаатар Хүй долоон худгийн энгэрт эхнээсээ хүрэлцэн ирж майхнуудаа босгон байрлаж эхлээд байгаа 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 2000 орчим тамирчдын эхний хэсэг нь аль хэдийнэ байрлалаа эзэлж, наадамдаа идэвхтэй бэлтгэж эхлээд байгааг ч дурдлаа.

Харин энэ удаагийн “Нүүдэлчин Монгол” урлаг, спортын наадмыг үзэж сонирхох гадаадын жуулчдын нэгдсэн тоо одоогоор хараахан гараагүй байгааг Г.Эрдэнэбат дарга дурдаад одоогоор Япон улсаас л нэлээн олон тооны үзэгч, жуулчид хүрэлцэн ирэх болоод байгааг дурдсан юм. Энэ удаа өмнөд хөрш БНХАУ-аас аль хэр олон жуулчин хүрэлцэн ирэх нь одоогоор сайн тодорхой болоогүй байгааг ч дурдлаа. Харин Европын холбооны Швед, Швейцарь, Австри, ХБНГУ, Франц, Англи, Бельги, Дани, Финланд зэрэг орноос нэлээн олон жуулчин “Нүүдэлчин Монгол” урлаг, спортын наадмыг үзэх болов уу гэдэг дээр Соёл, урлагийн газар болон БТСГ-ынхан санал нэгтэй байгааг ч дурдсан юм.

Ийнхүү ирэх хагас сайнаас дараагийн лхагва гараг хүртэл Хүй долоон худгийн энгэрт “Нүүдэлчин Монгол” хэмээх Юнескогийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцид хамаарах томоохон урлаг, спортын наадам эхлэхэд хоёрхон хоног үлдлээ. Та бүхэн Хүй долоон худгийг зорин очиж, Монгол түмнийхээ урлаг, спортын гайхамшигтай наадмыг сэтгэл догдлон үзэж сонирхож, амтлаг сайхан Монгол хоолоо зооглож, уртын дуугаараа амьсгалж, Монгол наадмаа үзэж баясаарай. Тэгээд ч ''Монгол түмний олон зуун жилийн турш хамгаалж ирсэн соёлын биет бус өв, ардын урлагийн наадмыг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ наадмыг соёлын биет бус өвөө хойч үедээ өвлүүлэн үлдээх болон соёлын үнэт зүйлээ түгээн дэлгэрүүлэхийн тулд зохион байгуулж байгаа'' гэж Соёлурлагийн газрын дарга, Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Эрдэнэбат онцолсон билээ…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.