Д.Оюунхорол: Сошиал орчинд нэр хаяггүй, хуурамч хаягаар намайг гүтгэсэн, доромжилсон материалууд зохион байгуулалттайгаар гаргаж байгаа...

Twitter Print
2018 оны 08-р сар 07-нд 14:14 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Хаврын чуулган хаалтаа хийсний дараа Төрийн ордноор орж УИХ дахь МАН-ын Бүлгийн гишүүн Д.Оюунхоролтой уулзаж дараах ярилцлагыг хийлээ.

-УИХ-ын Хаврын чуулган хаалтаа хийсэн ч УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарлан хуралдуулахад буруудах зүйлгүй гэсэн байна лээ. Энэ талаар та ямар бодолтой явна?    

-УИХ-ын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу хуралдаж маш олон асуудлыг хэлэлцэж хуулийн хугацаандаа өндөрлөсөн байгаа. УИХ-ын даргын хаврын чуулганы хаалт дээр хэлсэн үгийг олон түмэн сонссон байх. Хаврын нэгдсэн чуулган 27 удаа хуралдаж, 181 асуудал хэлэлцсэн байсан. Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь гишүүдийн ирц сайжирсан явдал гэж бодож байна. УИХ-ын гишүүд үүргээ ухамсарлаж, хариуцлагыг эрхэмлэж ажилласан гэж хэлмээр байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоох байгууллагынхаа үйл ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай оролцох нөхцөлийг энэ хаврын чуулганаар хуульчилж өгч чадсан. Мөн Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах улс төрийн томоохон түүхэн шийдвэрийг энэ хаврын чуулганаар гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Банкийг дахин хөрөнгөжүүлэх, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулиудыг баталсан. Энэ хуулийн ач холбогдлыг товчхон дүгнэвэл 'Багшийн хөгжлийн төв'-ийн үйл ажиллагаанд ЕБС, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хүртэл хувийг буюу 11.6 тэрбум орчим төгрөг зарцуулдаг болж багш нарт ажилласан жилээр нь бус ажлын амжилт, эцэг эх, хамт олны санал, сэтгэл ханамжид тулгуурлан мэргэжлийн зэргийг нэмэгдүүлэхээр тусгасан байгаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны сургалтын байгууллагын 55 мянга гаруй багшид энэ хууль хамааралтай юм л даа.

-Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах гэж байгааг хуульчид  эсэргүүцэж, Үндсэн хуулийн Цэцэд хандсан байсан. Энэ талаар та  ямар бодолтой байгаа вэ?

-Захиргааны хэргийн хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийг манай бүлгийн гишүүдийн олонх нь дэмжээгүй л дээ. Энэ хууль нь ардчиллын үнэт зүйлүүдээс ухарсан, олон хуультай зөрчилдсөн, олон түмний зүгээс бухимдал дагуулсан маргаантай хууль орж ирсэн

-Тавантолгойн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгоно гэж байгаа. Энэ талаар та ямар бодолтой явна?  

-Тавантолгойн орд бол дэлхийн хэмжээний том орд. Тийм учраас энэ баялгийг Монголын хөгжил дэвшилд, ард түмний сайн сайхан амьдралын үндэс болгох ёстой гэж ойлгож байгаа. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал нь сүүлийн найман жил улс төрийн хүрээний талцаж маргалдах сэдвийн нэг байсан. Энэ тогтоолыг баталснаар Тавантолгойн ордыг олон улсын зах зээл дээр IPO гаргаж Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, иргэдийн 1072 хувьцаа амь оруулах асуудлаар Засгийн газраас оруулж ирсэн саналыг дэмжлээ. Одоо Засгийн газар энэ төсөл дээрээ ажиллаж IPO хэрхэн гаргах, бусад төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн хэрэгжүүлэх, гадна дотнынхонтой яаж хамтарч ажиллах, үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр сайн ажиллах хэрэгтэй. Намрын чуулган эхлэхэд энэ асуудлаар тодорхой шийдвэрүүд гаргаж үр дүнг танилцуулах байх гэж бодож байна.

Тавантолгойн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 'Эрдэнэс Тавантолгой'-н хувьцааны 30 хувийг арилжаалахын тулд хэд хэдэн асуудлыг нарийвчлан тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлаар гаргасан шийдвэрийн төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулах ёстой. Хоёрдугаарт, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 30 хувийн IPO гаргахын тулд хууль эрх зүйн орчноо эргэж харах шаардлагатай. Гуравдугаарт, одоогийн байгаа ордын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг маш сайн хийлгэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, ордын нөөцийн үнэлгээг маш сайн боловсруулж дахин танилцуулах шаардлагатай. Энэ бүхнийг хариуцлагатай хийж байж өгөөжтэй, үр ашигтай төсөл болно. Ийм агуулгаар дэмжсэн. Мөн ордын 30 хувийг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр борлуулалт хийчихээд босгосон мөнгөөрөө яг юу хийх вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Дэд бүтцийн салбаруудаа илүү бэхжүүлэхэд зориулна гэж ойлгож байгаа. Концессийн гэрээгээр баригдах болон бусад санхүүгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажлынхаа жагсаалтыг гаргаж ил тод болгож олон нийтэд нээлттэй танилцуулах хэрэгтэй. Түүнчлэн усны нөөцийг хамгаалах чиглэлээр онцгой анхаарах ёстой. Балгасын улаан нуурын гүний усыг ашиглаж энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүйг анхаарах ёстой. Говь шиг ус багатай газар нүүрсээ илүү зарах гээд хамаг усаа шавхаад хүн нь уух ундны усгүй, мал нь бэлчих газаргүй, элсний нүүдэл, цөлжилтөд нэрвэгдэж байгаль экологийн тэнцвэрээ алдах вий гэдгээс болгоомжлох ёстой. Тийм учраас гадаргын усыг ашиглах төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй, илүү хурдтай, өгөөжтэй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Эрчим хүчний хувьд ус бага ашиглах, нар салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр иновацийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. 

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн энгийн хувьцааны 34-өөс доошгүйг иргэдэд нэмж эзэмшүүлье гэдэг зарчмын саналыг АН-ын бүлгийн зүгээс гаргасан ч дэмжигдэлгүй уначихсан.  Энэ юунаас болов?

-Засгийн газраас Тавантолгойн ордын 30 хувийг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргах тухай тогтоолын төслийг УИХ-д оруулж ирсэн. Үүнтэй зэрэгцүүлээд АН-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс Монгол” компанийн 34-өөс доошгүй хувийг иргэдэд эзэмшүүлье гэж Засгийн газрын тогтоолын төслөөс өөр агуулгатай заалтыг нэмж оруулж ирсэн учраас УИХ-ын гишүүд дэмжих боломжгүй гэж үзсэн. Тухайн оруулж ирсэн заалт нь эдийн засгийн бодит  тооцоо судалгаа хийгдээгүй байсан. Тавантолгойн бүлэг ордын 30 хувийг IPO хийж гаргаад эдийн засгийн эргэлтэд оруулснаар  иргэдэд олгосон 1072 хувьцааг амь оруулах тухай асуудал яригдана.

-Саналыг дэмжээгүй нь “Эрдэнэс Монгол” компанийг ард түмнээсээ харамлалаа гэдэг байр суурийг АН-ын зүгээс илэрхийлж байсан?

-“Эрдэнэс Монгол” компанид харьяалагддаг стратегийн олон ордуудын 34 хувийг ард түмний нэрээр хувьчлах тухай ярьж, нарийвчилсан тооцоо судалгаагүйгээр хөнгөн гоомой шийдвэр гаргаж болохгүй гэсэн байр суурьтай байсан. Түүнээс биш ард түмнээсээ харамласандаа тус саналыг дэмжээгүй гэсэн үг огт биш. Өнгөрсөн хугацаанд өмч хувьчлалын үр дүнг цөөн хэдэн хүн хүртсэн. Тухайлбал, өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбараар тодорхой аж ахуй нэгж байгууллагуудын хувьцааг авсан иргэд маань өнөөдөр мөнгөө ч авч чадахгүй тухайн компани нь дампуураад байхгүй болчихсон, эсвэл хэсэг бүлэг хүн эзэн суусан ийм л хариуцлагагүй үзэгдэл бий болсон учир олон нийтийн дунд өмч хувьчлалын асуудлаар эргэлзээ бий болсон нь үнэн. Тиймээс өмч хувьчлалын асуудалд бид илүү хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах ёстой.

-Төрийн өмчийн 27 Аж ахуйн нэгжийг хувьчлах асуудал УИХ-ын чуулган, Байнгын хороодоор хэлэлцэгдээд янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарч хойшлогдсон. Та тэдгээрт ямар байр суурьтай байсан бэ?

-1995 оноос хойш 2000 орчим аж ахуйн нэгжийг хувьчилж, хэсэг бүлэг хүмүүс төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан л гэж ард түмэн үздэг. Дээр хэлсэнчлэн, улсынхаа өмчийг бүх нийтээрээ хувааж авна гэсэн нэрийдлээр ягаан, цэнхэр тасалбар болгоод өмчийн талаар ямар ч ойлголтгүй ард түмэнд тарааж өгсөн. Энэ тасалбаруудаа энд тэнд өгөх нь өгөөд сураггүй алга болгоцгоосон. Үйлдвэр аж ахуйн газрууд хаалгаа барьж  ажилгүйдэл, ядуурал бодитойгоор нүүрлэсэн. Баян ядуугийн ялгаа хоёр тийш туйл болсон, ард иргэд бухимдуу байгаа энэ үед өмч хувьчлалын асуудалд маш нухацтай, хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах ёстой. Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлана, хэн ч хувьцаа худалдаж авах эрхтэй гэж байгаа ч нөгөө л хэсэг бүлэг олигархууд л авна гэсэн эргэлзээ байсаар байна. Жирийн иргэд өнөөдөр хувьцаа авах нь бүү хэл амьжиргаагаа залгуулах орлогогүй шахуу байна. Үүнээс гадна төрд үлдсэн цөөн хэдэн ААН-ийн асуудлыг багцаар нь нэг дор хэлэлцэнэ гэдэг нь буруу. Үл хөдлөх хөрөнгийн, бэлэн мөнгөний үнэлгээнүүдийг нь нарийвчлан хийлгээд, аж ахуйн нэгж тус  бүрээр нь хэлэлцэх хэрэгтэй. Мөн хувьчилж үл болох объектын жагсаалтаа эргэж харах, нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

-УИХ дахь МАН-ын 32-ын бүлэг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа юмуу. Энэ ер нь үнэн үү?

-МАН-ын бүлэгт одоогоор бий болсон 32,33 гэсэн фракц бүлэглэл байхгүй ээ. 65 гишүүнтэй нэг л бүлэг хуралдаж асуудлаа шийдвэрлэж байгаа. Асуудлуудыг хэлэлцэх явцад тал бүрээс олон ургалч үзэл бодлыг уралдуулан, бүлэг дотроо гишүүд маань дотоод ардчилалтайгаар, шүүн тунгаан  ярилцдаг л даа.

а ер нь өнөөдрийн У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд аль хэр итгэлтэй байдаг вэ?  

-Засгийн газрын ажлыг үнэлж дүгнэхэд арай эрт байна шүү дээ. Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах, агаар, орчны бохирдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гээд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр болон нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажлуудыг хийж, төрийн ажил залгамж шинж чанараараа үргэлжилж байна. Томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг зоригтойгоор эхлүүлж байна. Мөн эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулан Олон улсын Валютын сангаас тавьсан хатуу заалтуудыг уян хатнаар зохицуулж хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгуулахаар боллоо. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг ч ярьж байна. 

-Хэнтий аймагт нөхөн сонгууль ирэх аравдугаар сард болно. Танай намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших болов уу?  

-Одоогоор манай намын бүлэг энэ талаар яриагүй. Тухайн тойрогт нэр дэвших боломжтой хүмүүсийнхээ судалгааг эхлээд явуулах байх. У.Хүрэлсүх даргын хувьд Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ намын Бүлгийн хурал дээр мэдэгдсэн л дээ.

-Та Баянзүрх дүүргээс УИХ-д дахин сонгогдон гарч ирсэн.  Тойрогтоо энэ 2018 онд ямар шинэлэг ажил, бүтээн байгуулалт хийх гэж байна даа?   

-Манай тойрогт Баянзүрх дүүргийн Сансар, Дарь-Эх чиглэлийн зургаан хороо хамаардаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багагүй асуудлуудыг шийдвэрлүүлсэн. Энэ онд Баянзүрх дүүргийн 2-р хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орох гэж байна. Мөн Ганц худгийн амнаас орж ирдэг үерийн усыг зайлуулах хамгаалалтын далангийн барилгын ажил эхлээд явж байна. Удахгүй 48-р сургуулийн спорт заалны барилгын ажил эхлэнэ. Мөн хотын даргад хүсэлт гаргаснаар замын арчилгаа, засвар, байрнуудын дээврийн засварын ажлууд, хүүхдийн тоглоомын талбай тохижуулах ажлууд хийгдэж байна. Үүнээс гадна гэр хорооллуудад иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдруулахад нэн даруй шийдвэрлэх асуудал бол гудамжны гэрэлтүүлэг, камержуулалтын асуудал. Мөн хорооны цагдаагийн орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Эдгээр асуудлаар ХЗДХ-ийн сайдад хандаж санал, хүсэлтэй уламжилсан, удахгүй шийдэгдэх байх.

-Үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ямар бодлого барьж байгаа вэ?   

-Дотоодын үйлдвэрлэлээ нэн тэргүүнд дэмжих бодлого барьж байна. Жишээ нь цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, төрийн өмчит компаниудын хэрэглэдэг гутал, зөөлөн эдлэлийг худалдан авах ажиллагааг нэгтгэн дотоодын үйлдвэрлэгч нарын дунд худалдан авах ажиллагааг зохион байгуулж шалгарсан 2-оос дээш үйлдвэрлэгчтэй 3 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулах боломж бүрдэнэ. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд гадаадын этгээдийг оролцуулахыг хориглосон. Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна.  Мөн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэхээр оруулж байгаа. Ингэснээр  цаг хугацаа хэмнэх, үргүй зардал гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, ил тод нээлттэй байлгах, байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах,түүнчлэн захиалагч байгууллагын  гомдол маргаан гаргах харилцааг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулахаар тусгасан.

-Сүүлийн үед таны эсрэг хатуу ширүүхэн мэдээллүүд энд тэнд гардаг болсон. Та тэр талаар ямар бодолтой явдаг вэ?

-Сошиал орчинд нэр хаяггүй, хуурамч хаягаар намайг гүтгэсэн, доромжилсон материалууд зохион байгуулалттайгаар гаргаж байгаа. Би энэ асуудлаар холбогдох хуулийн байгууллагуудад нь хандсан байгаа. Тэр бүрийн араас хөөцөлдөж тайлбар хийгээд явбал бодлого боловсруулах ажлаа хийх цаг гарахгүй. Ард түмнээ төлөөлөн сонгогдсон элчийн хувьд нийгмийн өмнө тулгамдсан, олон нийтийг бухимдуулсан, эрх ашгийг нь зөрчсөн асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, зүтгэж байна даа. Зарим асуудлыг шийдвэрлэснээр олонхын эрх ашгийг хамгаалдаг ч цөөн хэдэн хүний ашиг сонирхол хөндөгдөж байдаг. Гэсэн ч өөрийн байр сууриндаа баттай зогсч ирсэн маань сүүлийн үед цахим орчноор гүтгүүлэн доромжлуулах үндэс суурь болж байх шиг байна. Монголын ард түмний мэргэн ухаанд би итгэдэг. Хэдхэн хүний мөнгө төлж, захиалж явуулсан хуурамч мэдээлэлд иргэд, олон нийт итгэхээсээ илүүтэй бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч чадна гэдэгт эргэлздэггүй.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.