Б.Гангаамаа: Ээждээ “К2 явахгүй дээ” гэж хэлсэн ч оргилд гарчихаад ирлээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 07-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа эх орондоо ирлээ. Цэнхэр гаригийн долоон ноён оргилыг эзэлсэн амжилтаар дэлхийн уулын спортынхны эрхэм дээд “Seven summiteer” хүндлэлийн эзэн болсон Бадамгаравын Гангаамаа өнгөрсөн сарын 21-нд Улаанбаатарын цагаар 11:00-д уулчдын “эрлэг” K2 оргилд гарсан билээ. Өндрөөр Эверестийн дараах ч гэлээ авирахад хэцүү, дэлхийн олон уулчин амиа алдсан энэхүү оргилд гарах оролдлогыг Гавьяат 2013 онд хийсэн ч, замаасаа буцсан юм. 

Түүний дараа жилээс бэлтгэлээ базаасаар олон улсын уулчдын багийн бүрэлдэхүүнд авирч, зорилгодоо хүрэн, K2 оргилд гарсан анхны монгол хүн боллоо. Чин зоригт, тууштай тамирчнаараа монгол түмэн бахархаж байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан даруйдаа ярьсныг нь буулгаж, уншигчдадаа хүргэж байна.

-Алдарт “K2” амаргүй оргил юм уу?

-Мундаг хайрхан юм. 

-Цаг агаарын байдал ямар байв?

-Биднийг дээшээ гарч, кэмпээ байгуулан, өндөр авалтдаа бэлтгэх үед цаг агаар сайхан байсан юм. Гэтэл яг авирах өдөр муудчихсан. Сүүлийн, IV кэмпээс дээшээ олс тавьж болохгүй байлаа. Тэнгэрийн байдлыг харзнаж, III кэмпдээ байж байтал “Олс тавих боломжгүй болсон тул бүх уулчин бааз руугаа буцна уу” гэж холбоогоор хэлдэг юм байна. Тэгэхэд нь манай шерпа (хөтөч) “Би дээшээ IV кэмп тийш яваад байдлыг мэдээд ирье” гээд явлаа. Багийнхан маань буцахад бэлтгэж юмаа баглаж байх үед эргэж ирснээ “Ямар ч асуудал алга” гэлээ. Надаас санал асуув. “Гангаа, чи өгсмөөр байна уу, буумаар байна уу” гэж байна. Тэгэхэд нь би “Юун буух, өгсөнө” гэлээ. Ингээд хоёулаа багийнхаа гишүүдтэй нэг бүрчлэн уулзлаа. Швейцарь, Ирланд хоёроо бүр ятгалаа. “Манантай, шуургатай байсан ч замаа сайн тавиад явах юм бол дээшилж болно” гэлээ. Цасны зузаан нэг метр орчим байсан. Дээрээ бүр гайгүй, 50 орчим метр хатуурсан цастай байна гэнэ. Ингээд нөхдөө зөвшөөрүүлээд өгссөн дөө. Өнөөх Ботлнэкт (Bottleneck) хүрлээ. Үнэнийг хэлэхэд IV кэмпээс дээшилж байх үедээ “Би юу хийчихэв ээ” гэж бодсон шүү. Харанхуй шөнийг ч хэлэх үү, айсан. Ганцхан олстой. Тэр тасрах л юм бол бүгд эгц доошоо ниснэ. Тэнд 80-аас доош градустай налуу гэж ер нь байхгүй юм билээ. Зарим газраа ерөөсөө л 90 градус. Ядрахаас илүү айсандаа болоод барьц алдах үе байлаа. Нэг удаа хөл алдсан. Эверестэд бол уулчид хөл алдахад дор дороо унаад, босоод ирдэг. Харин “K2”-т тийм юм байхгүй, шууд л ёроол руу нь унана. 

-Оргилд бүгд гарсан уу? 

-Манай багийнхан 10-уулаа, бүгд оргилд гарсан. Найман орны уулчинтай баг л даа. Хоёр хятад, хоёр японтой, бусад нь өөр өөр орных. К2-т гарсан Латин Америкийн анхны эмэгтэй, анхны швейцарь, Бельги уулчин, Ирландаас амжилттай гарсан анхны тамирчин, анхны монгол гээд таван анхдагч манай багаас төрлөө. Япон бүсгүй маань энэ оргилд гарсан хоёр дахь япон эмэгтэй болов. Манай багийн 10 гишүүний тав нь эмэгтэй, нөгөө баг бас нэг эмэгтэйтэй, нийлээд зургаан бүсгүй байлаа. Ер нь энэ жил K2-т нэлээд олон эмэгтэй гарсан. Дэлхийд нь нийтэд нь аваад үзэхэд энэ оргилд гарсан эмэгтэйчүүдийн тоо 26 юм уу, 27 болж байгаа юм билээ. Ер нь бол энэ ууланд 337 хүн гарсан ч, эндсэн хүн олон. Сүүлийн жилүүдэд энэ оргилыг зорих уулчдын тоо эрс өсчээ. Хамгийн олон гэвэл 2012 онд 28-уул, харин энэ удаа бид 31-үүл гарлаа. 

-Гангаа, банштай цай сайн уудаг юм байна.

-Банш идэж, цай ууна гээд онгоцны хоол идээгүй (инээв). Баяраа ах (Монголын уулчдын холбооны нарийн бичгийн даргаар 30-аад жил ажилласан, Гавьяатын арын албаны ажлыг зохицуулагч) явахаас өмнө “Миний дүү буухдаа их болгоомжтой байдаг юм шүү” гэж захиад байсан. Тэгэхэд нь би “Гараагүй байхад, буух тухай яриад байх юм” гэж байлаа. Оргилоос буух үед ахын хэлсэн үг бодогдож байсан шүү. Манай багийнхан оргилд гарчихаад, нэлээд яаруу буусан. Зарим нь II кэмпэд хүрсэн бол, бусал нь бүр буучихсан байсан. Цасаар шуураад байсан болохоор би яараагүй. Нэг японтойгоо IV кэмпэд хоносон. Үргэлж чангааж явсаар байтал гар цуцчихсан байлаа. Шөнө явж байж өнхөрчихвал яах юм гэж бодсон л доо. Манай япон “Яагаад хонох гээд байгаа юм бол” гэж бодоод, гайхаад байх шиг байсан. Бид маргааш нь тааваараа буугаад ирсэн. 

-Их ажлын ард гарлаа. Одоо сайхан амарна биз дээ? 

-Би арав хоног амраад ажилдаа орно. 2013 онд К2 яваад ирэхэд ээж маань маш ихзовсон байсан. Өмнө нь ийшээ, тийшээ явлаа гэхэд “За, сайн яваад ирээрэй” гээд юм хэлдэггүй байсан юм. Тэгтэл 2013 онд яваад ирэхэд “За, хүү минь, намайг амьд байхад дахиж тэр уул руу явж намайг зовоов оо” гэсэн. Тэгэхэд нь би “За, явахгүй дээ” гэсэн мөртлөө дотроо “Явах л болно” гэж бодож байлаа (инээв). 

-Өндрийн нөлөөлөл байв уу?

-Гайгүй. Манай багийнхан K2-т авирах бэлтгэл хийж өнгөрсөн тавдугаар сард Эверестийг оролцуулаад дөрвөн оргилд авирсан байна лээ. Тэгж хэлэхийг нь сонсоод би “Яана аа” гэж бодсон. Шууд өндөр авахад бэлэн хүмүүс ирсэн байдаг. Гэтэл би авирахын өмнө бүгдээрээ хоёр удаа дээшлээд буух байх гэж бодож очсон юм. Гэтэл байдал өөр болж ирэхэд “Би өмнө нь хоёр удаа өндөр авъя аа” гэлээ. Тэгэхэд манайхан “Чи хаваржингаа ууланд авираа биз дээ” гэж байна. Эльбруст гарсныг мэдэж байна лээ. Тэр чинь таван мянган метрт л юм чинь. Ингээд би II кэмп хүртэл 6800 метрт гарч, бууж байж сая бэлэн болсон. 

-Ирж, очих замдаа нэлээд хэд хонов оо?

-Ууландаа хүрэх гэж тав, буцахдаа гурав хоносон. Буцахдаа нисдэг тэргээр ирцгээсэн. Армийн, төлбөр төлсөн тохиолдолд л үйлчилдэг тэрэг байна. Төлбөр төлөөгүй бол тэнд хүмүүс үхэж байсан ч хамаагүй. Их үнэтэй юм. Аюулгүй байдлын шаардлага байх, хоёроороо явдаг юм билээ. Төлбөр нь 30 мянган доллар болж байсан.

БНХАУ, Пакистан улсын хил дээр орших Чогори буюу европчууд 1856 онд нээхдээ “K2” хэмээн нэрлэсэн оргил бол уулчдын хувьд дэлхийд хамгийн аюултай нь аж. Түүний өндөр Эверестэд арай хүрэхгүй, 8611 метр ч гэлээ авирахад илүү хэцүү юм байна. XIX, XX зуунд тус оргилд 284 уулчин авирчээ.Харин энэ хугацаанд Эверестэд 3000 гаруй хүн гарсан байна. K2-т зун л авирдаг. Статистикийн мэдээллээр одоогоор 66 тамирчин энэ ууланд амиа алдсан байна. 2012 онд Оросын уулчдын баг оргилыг өвөл эзлэхээр “дайраад” амжилтгүй болжээ. Багийн гишүүд амь үрэгдсэн. “Bottleneck” буюу “Лонхны хүзүү” гэж орчуулж болох хэсэг нь хамгийн аюултай. Сүүлийн жилүүдэд уг оргилыг чиглээд нас барсан 14 уулчны 13 нь энэ хэсэгт эндсэн байх юм. 

Уулчдын холбооны нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Баярсайханы хэлснээр бие нь жижиг ч, бэлчээр нь том, Гавьяат тамирчин Б.Гангаамаагийн гаргасан амжилтууд. Монголд төдийгүй, дэлхийд байхгүй үзүүлэлт аж. 

Уулын спортынхны эрхэм дээд хүндлэл “Seven summit” алдартан Б.Гангаамаа дэлхийн долоон ноён оргилыг хэзээ эзэлж, Монгол Улсынхаа далбааг мандуулж байсныг дурдъя. 

2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус (5642 м)

2011 онд Ази тивийн ноён оргил Эверест (8848 м)

2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро (5895 м)

2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали (6194 м)

2016 онд Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа (6962 м)

2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид (4 884 м)

2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив (4897 м) 

2018 онд Дэлхийн хоёр дахь ноён оргил K2 (8611м)

Б.Гангаамаа уулын спорт гэж юу байдгийг 27 жилийн өмнө мэдсэн. Завхан аймгийн Их-Уул сумын уугуул тэрбээр 1989 онд төвийн арван жилийн сургуулийн сурагч байхад нь уулын спортынхон Отгонтэнгэр хайрханд гарахаар очжээ. Ууланд гарах, аялах дуртай охин “Би гармаар байна, хамт явъя” гэж багийн ахлагчид нь хэлэхэд “Найдан багш мэднэ, уулз” гэсэн аж. Багш болгоомжтой, зөвлөгөөний дагуу авирахыг үүрэгдээд дагуулж явжээ. Түүнээс хойш уулын спортоор хичээллэхээр шийдсэн юм билээ. 

Анагаах ухааны коллеж төгсөж, микробиологич мэргэжилтэй болоод Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт есөн жил ажилласан ч уул түүнийг даллан дуудсаар байж. Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн бүсгүй уулын спортоор дагнаж, аялал жуулчлалын салбарт ажиллах болов. Хожуухан МУБИС-д сурч, дасгалжуулагч болсон. 

Дэлхийн тэргүүлэх уулчдын санаж явдаг “Seven summit” төсөл хэрэгжүүлэхээр зориглож, энэ гаригийн тив бүрийн долоон өндөр оргилыг эзэлснээр төслөө амжилттай өндөрлүүлж, “Seven summiteer” хэмээх хүндлэлийн эзэн болж, дэлхийн уулын спортын талбарт Монголоо тамгалсан орчин цагийн эрэлхэг дайчин. 

Р.Оюунжаргал

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Гэрэл зургийг: Г.Аргуужин

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.106.119) 2018-08-08 07:44
      • 0
      • 0

      estoi muhdag bayr hurgeigaihamshigtai bysgyi

      Хариулах

    • Зочин

      (64.119.27.35) 2018-08-07 14:02
      • 0
      • 0

      Ёстой гайхалтай, гйхамшигтай юмаа. Эрэлхэг, дайчин Гавьяатдаа сайн сайхныг хүсье

      Хариулах