Н.Ганбямба: Нөхөн сонгуульд оролцох байр сууриа илэрхийлчихлээ, нэр дэвшүүлэх журмаа баталчихлаа, бүх зүйл яг л хуулийнхаа дагуу л яваад эхэллээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 06-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

МАН-ын ээлжит II Бага хурал ердөө гуравхан цаг хуралдаад л ажлаа өндөрлөж, хаалтаа хийв. Хурлыг хааж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх товчхон илтгэл тавьсан байна лээ.

Ингээд хурал өндөрлөж МАН-ын Бага хурлын гишүүд Тусгаар тогтнолын ордны хоёр давхрын рестораныг дүүргэн хооллож байхад нь орж, ирэх 10 дугаар сарын 7-нд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль явагдах Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай уулзаж товчхон ярилцлага авсан юм. Юуны өмнө Н.Ганбямба дарга “За чи жаахан хүлээж бай би хоолоо идээтэхье” гэснийг хэлэх ёстой. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-МАН-ын II Бага хурал үдээс өмнө хуралдаад үйл ажиллагаагаа өндөрлүүлж, одоо Бага хурлын гишүүд нь хоолонд орцгоож байгаа юм байна. Хурлаар ер нь ямар гол гол асуудлыг авч хэлэлцсэн бол?

-Юуны өмнө УИХ-аас ирэх 10 дугаар сарын 7-нд манай аймгийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг зарласантай холбогдуулан энэхүү нөхөн сонгуульд оролцох байр сууриа илэрхийлэх талаар өнөөдрийн Бага хурлаар хэлэлцлээ. Хоёрдугаарт нэр дэвших журмаа басхүү баталлаа. Ингээд нэр дэвших журмаа батлаад үндсэн хоёр гол асуудлаа хэлэлцээд, эцэст нь цаг үеийн асуудлаар мэдээлэл хийгээд Бага хурал маань үндсэндээ үйл ажиллагаагаа дуусгалаа.

УИХ-аас манай Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг ирэх 10 дугаар сарын 7-нд зарласантай холбогдуулаад бусад бэлтгэл ажлууд Монгол Улсын хуулийн дагуу явагдаж байгаа. Тухайлбал манай Хэнтий аймагт Сонгуулийн хороо байгуулагдах зэрэг ажлууд бүгдээрээ хуулийнхаа хугацаанд хийгдээд л явж байгаа. Гэхдээ бас энэ дээр маргаан үүссэн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гараад байгаа. Тухайлах юм бол “УИХ-ын чуулган завсарлахаасаа өмнө Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийг зарлахдаа басхүү Монгол Улсын нэлээн хэдэн хуулийн заалтыг зөрчжээ” гэдэг нэг ийм маргаан явж байгаа юм билээ. Яах вэ тэр нь хуулийн байгууллагууд дээрээ нэг тийшээ шийдэгдэх байлгүй дээ. Тухайлбал одоо УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшье гэсэн хүмүүс хуулинд зааснаар 6 сарын өмнө төрийн албанаасаа чөлөөлөгдөөд, сонгуульд оролцох ёстой гэсэн Монгол Улсын тодорхой тодорхой хуулиудыг зөрчөөд 10 сарын 7-нд сонгууль болно гээд зарласантай холбоотойгоор маргаан үүсээд байгаа юм билээ. Тэгэхээр энэхүү маргаантай холбогдуулсан хуулийн байгууллагууд, УИХ-ын шийдвэртэй холбогдуулсан энэхүү маргаан бараг Үндсэн хуулийн Цэц дээр хүртэл явж байгаа юм байна. Энэ болгон ямартай ч ойрын үед нэг тийш болох нь дамжиггүй. Тэгэх юм бол ирэх нөхөн сонгуультай холбоотой асуудлууд нэг тийш цэгцрэнэ. Яг хуулийн хугацаандаа хийгдэх ёстой ажлууд нь хийгдээд, нөхөн сонгуульд оролцох байр сууриа илэрхийлчихлээ, нэр дэвшүүлэх журмаа баталчихлаа, бүх зүйл яг л хуулийнхаа дагуу л яваад эхэллээ. 

-МАН-ын ээлжит II Бага хурлыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлээд, сая хаалтын илтгэлийг ч тавьсан байна. Та Хэнтий аймгийн Засаг даргын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх болов уу яах бол. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Ер нь бол нэр дэвшилтийн асуудал одоогоор яригдаагүй учраас одоо хэн оролцохыг таамаглахад хэцүү. Гэхдээ ирэх есдүгээр сард нөхөн сонгуулийн нэр дэвшилт нэлээн тодорхой болно. Яагаад тодорхой болно гэж үзэж байна гэвэл аль болохоор олон түмний санал бодол дээр тулгуурлаж энэхүү нэр дэвших ажиллагааг явуулах учиртай юм. Тэгэхийн тулд аль болохоор ардчилсан зарчим дээр тулгуурлан, хамтын удирдлагын дагуу нэр дэвшилтийг явуулах ёстой юм л даа. Мэдээж хамтын удирдлагын зарчмаар хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг саналууд нэлээн шаргуу явагдах байх. Түүнээсээ гадна маш нарийн судалгаанууд явагдах учиртай юм. Жишээ нь социологийн судалгаа хийдэг компаниуд өөрсдийнхөө чиглэлээр ажиллаж байгаа бол бид ч ялгаагүй “Хэнийг нэр дэвшүүлэх вэ” гэдгээр судалгааны байгууллагуудыг ажиллуулна. Энэ олон талын хүчин зүйлүүдийг нийлүүлж байж нэр дэвшүүлэх ажил ирэх есдүгээр сард нэлээн цэгцэрнэ дээ.

-Та Хэнтий аймгийн Засаг даргын хувьд өөрийнхөө аймагт намрын ажил аль хэр хэмжээнд явж байгаа талаар тайлбарлахгүй юу. Тухайлбал хадлан тэжээл бэлтгэл болон төмс хүнсний ногоо хураалт гээд л?

-За манай Хэнтий аймаг саяхан улсын баяр наадамтайгаа зэрэгцүүлэн 95 жилийнхээ ойг тэмдэглээд өнгөрсөн байгаа. Ингээд “Наадмын маргааш намар” гэдгээр одоогоор энэ намрынхаа ажилд ороод явж байна. Зуншлага жаахан оройтсон сумдууд дээр хадах өвс ер нь жаахан муухан байгаа. Одоогоор манай Хэнтий аймаг сайхан битүү ногоон л харагдаж байгаа юм. Тэгэхээр манай хадланчид “Хаанаас хадлан авах вэ” гэдгээ одоо тодорхойлж байна. Ингээд тун удахгүй энэ жилийн хадлан тэжээл бэлтгэлийн ажил эхлэх гэж байгаа. Харин хадах тарианы хувьд бол энэ жил хур бороо жаахан оройтсон учраас тарианы хамгийн гол үе нь зургаадугаар сарын 24-нөөс долоон сарын эх хүртэл “Бутлалтын үе” гэдэг л дээ. Одоо тариа маань салаалж ургадаг үе эхэлдэг. “Бутлалтын үе” болоогүй тариа бол ургац алддаг л даа. Хэнтий аймаг маань олон жил дараалан ургац алдаж байсан учраас их анхаарсан тулдаа энэ жил харин “Бутлалтын үе”-ийг их сайхан давлаа. Тэр үед бороо ороогүй байсан ч гэсэн зургаадугаар сарын 22-23-нд “Үүл буудах” замаар зохицуулалтын арга хэмжээ авсны үр дүнд бороо их сайн орсон. Үүнтэй холбогдон “Бутлалтын үе” маань их сайхан амжилттай явагдсан. Харин одоогийн энэ их бороонд тариа бол их зүгширч, гайгүй болчихно.

Харин ч тарианд долоон сарын сүүлээс өнөөдрийн найман сарын бороо их гай тарьдаг юм шүү дээ. Нөгөө ургаагүй байсан үр нь дахин соёолж ирээд л тариандаа саад болж, гай тариад байдаг юм. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар манай Хэнтийн тариаланчид борооноос залхаж л байгаа. Одоо энэ хадлангийн үед ч гэсэн бороо хур жаахан бага шиг байгаасай гэж Засаг даргын зүгээс ч залбирч байдаг гэх юмуу даа. Хэдийгээр зуншлага оройтсон ч гэлээ гэсэн бэлчээрийн хувьд нэлдээ сайхан ногоорч, ер нь л Монгол орон даяар сайхан зун болж байна. Малын тарга хүчний хувьд бол сүүлийн үед мал аж ахуйн технологи нэлээн их алдагдаж ирсэн л дээ. Ер нь шууд л өөхөн тарга аваад байдаг нь өвөлдөө тун их хэврэг мал болчихдог гэмтэй. Тухайлбал эрт сайхан яргуйны үеэс эхлээд “Элгэн тарга” гэж ярьдаг даа. Тэр таргыг авхуулах учиртай юм. Дараа нь “Махан тарга” авахуулах ёстой юм. Тэгж гэмээн өвөлдөө өнөтэй орж мал болдог учиртай. Яг ийм л үе шатаараа явчихвал, нэг ёсондоо мал их гайгүй тарга тэвээрэг авчихвал өвөл нь их чангарсан ч гэсэн их сайхан тэвчээртэй давж туулаад явчихдаг. Энэ өвлийн бэлтгэл ажлууд одоо л явж эхлээд байгаа. Ингээд хадлан тэжээлээ сайхан базаагаад авчихвал өвөлжилтийн бэлтгэл ажлын маань гол үе амжилттай болоод явчихна гэсэн үг л дээ. Аймгийн Засаг даргын хувьд хоёр чиглэлээр Албан даалгавар гаргасан байгаа. Нэгдүгээрт өвөлжилтийн бэлтгэл хоёр чиглэлээр хийгдэх учиртай юм. Эхнийх нь төв суурин газруудын өвөлжилт, хоёрдугаарх нь “Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл” гэсэн хоёр чиглэлээр Албан даалгавар гаргаж ажлууд хийгдээд явж байгаа даа.

-Хадлан тэжээл бэлтгэх, төмс ногоогоо хураахад комбайны хүрэлцээ ер нь ямархуу байдалтай байгаа бол. Шинээр трактор, комбайн авч байгаа юу?

-За энэ жилийн хувьд бол техникийн шинэчлэлт манай  Хэнтий аймагт гайгүй сайн явагдаж байгааг хэлэх ёстой. Тарианы компаниуд маань нэлээн олон трактор, комбайн шинээр авсан байгаа. Манай аймгийн тариа ногооны компаниуд “KES” гээд компанийн нэлээн олон техниктэй болоод байгаа. Мөн гадаадын өөр ч олон компаниудын техникээр парк шинэчлэлээ хийж байна. “KES”-ийг оруулж ирдэг компани нь манай аймагт тариа ногоо тарьдаг л даа. Тийм ч болохоор техникийн шинэчлэл манай Хэнтий аймагт арай илүү сайн явагдаж байгааг хэлэх ёстой юм. Тухайлбал Монголд огт байхгүй Ариутгалын бодис цацдаг техник гэхэд л зөвхөн манай аймагт л орж ирчихээд байж байх жишээтэй. Тэгэхээр техникийн шинэчлэлийн хувьд манай Хэнтий аймаг гайгүй сайн болж байна. Дээр нь энэ жил шиг дандаа л сайхан хур бороотой байгаад байхгүй л дээ. Тариа ногоо хамгийн гол нь Байгалийн хараат байдаг л даа. Энэ бол бас л явдалтай хэцүү технологи л доо. Тийм болохоор тариаланчид маань сүүлийн үед ядаж нэг 20 хувь, болж өгвөл 30 хувиа “Услалтын систем”-тэй болгочих гээд их л мэрийж байгаа юм. Ингэхээр “Услалтын систем” бас тавьж эхэлчихсэн байгаа. Саяхан нэг компани надад тэдгээрийгээ үзүүлсэн. Бас нэг тодорхой 30 гаруй хувьд нь “Услалтын систем” тавьчихсан байна лээ. Гэх мэтчилэнгээр “Техникийн шинэчлэл” цаашдаа ч амжилттай үргэлжлэх бүх бололцоо нээгдсэн байгааг хэлэх ёстой.

За ингээд яриагаа дуусгах уу. Тэнд намайг хүлээгээд байгаа юм.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.