С.Чинзориг: Ц.Сандуй, А.Ганбаатар нартай хариуцлага ярих байлгүй дээ...

Twitter Print
2018 оны 08-р сар 06-нд 11:47 цагт
Мэдээний зураг,

МАН-ын ээлжит II дугаар Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 10:00 цагт эхлэв. Тийш орох гэтэл өмнө нь нэрээ өгч Мандат аваагүй хэмээн оруулахгүй байлаа. Харин хаалга хавиар нь явж байж сураг сонсвол II дугаар Бага хуралд 300 орчим төлөөлөгч сонгогдон оролцохоор болсон ч “Бага хурал 52.8 хувийн ирцтэйгээр саяхан эхэллээ” гэж байв. Хурлаар үндсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн. Тэр хоёр асуудал нь УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох асуудал, мөн нэр дэвшүүлэх асуудал багтаж байгаа юм билээ. МАН-ын II дугаар Бага хурлыг энэ удаад УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин удирдан явуулахаар болж орлогч даргаар нь Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун ажиллах болсныг гишүүд нь дэмжсэн ажээ.

Хурлын эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж байна гэсэн. Ингээд дотогш орж чадалгүй гадагшаа гарвал үүдний довжооны тэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой тааралдаж цөөхөн асуулт тавьж хариулт авсан юм.

-Та Бага хурлынхаа нээлтээс жаахан хоцорчихов уу даа?

-Яаман дээр жаахан яаралтай ажилтай байгаад жаахан хоцорчихлоо. Гэхдээ ирц сайн бүрдээгүй байгаа гэдгийг сая ирж байх замдаа утсаар яриад мэдсэн л дээ. Одоо ингээд гүйгээд ороход таарах байлгүй дээ.

-Энэ удаагийн Бага хурлаар хоёр гурван чухал асуудал хэлэлцэнэ гэж дуулдсан. Та эдгээр асуудлуудын талаар ямар бодолтой, байр суурьтай байгаа вэ?

-Тэр талаар бусдын л адил бодол санаатай явна. Мэдээж УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт ирэх 10 дугаар сарын эхээр болох нөхөн сонгуульд оролцох асуудлыг хэлэлцэх, хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэх талаар яригдах нь тодорхой. Мөн 60 тэрбумд нэр холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар болон УИХ-ын дарга М.Энхболд зэрэг гурван гишүүнд хариуцлага тооцох асуудал ч хөндөгдөх байх. Гэхдээ энд нэг зүйл хэлэхэд хууль тогтоох дээд байгууллага, УИХ-ын дарга М.Энхболд даргыг энэ асуудалд тэгтэл нь хутгалдуулах хэрэг байгаа ч юмуу, үгүй ч юмуу мэдэхгүй. Намын нэлээн олон гишүүд л энэ асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай гэсэн саналыг ирүүлээд байгаа юм билээ. Ямартай ч төрийн албыг үнэд оруулж, олон хүнээс мөнгө салгах санал дэвшүүлж байсан Ц.Сандуй, А.Ганбаатар нартай хариуцлага тооцох асуудлыг нэг тийш болгох нь зүйтэй болов уу. Би ийм л бодолтой явдаг.

-Яг одоо МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дарга хурлыг нээж үг хэлж байгаа юм билээ. У.Хүрэлсүх дарга яг ямар асуудлыг хөндөөсэй гэж та бодож байна?

-Мэдээж намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дарга бол ямар асуудлыг хөндөх, аль талаас нь ярихаа хэнээр ч заалгахгүй мундаг зарчимч хүн л дээ. Тэгэхээр гол гол асуудлуудыг дэвшүүлэн тавьж, шийдвэрлэх арга замын талаар үгэндээ хөндөх нь тодорхой. Энд мэдээж өөрийнх нь Хэнтий аймагт ирэх 10 дугаар сарын эхээр болох УИХ-ын нөхөн сонгуульд намаас ямар хүнийг нэр дэвшүүлэх, мөн түүнчлэн намын нэр хүндийг улс орон даяар ихээхэн халтартуулсан 60 тэрбумын хэрэг зэргийг тодорхой ул үндэстэйгээр үгэндээ дурдах болов уу. За тэгээд улс орны амьдралын өнөөдрийн байдал, хадлан тэжээл, төмс хүнсний ногоо хураалт гээд олон чухал асуудлыг хөндөх болов уу.

-УИХ-ын хамгийн залуу гишүүн асан Д.Гантулга гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсаны дараа УИХ дахь МАН-ын хоёр хуваагдал 32:32 гэсэн тоон үзүүлэлттэй болж хүчний харьцаа нь тэнцээд байгаа гэсэн. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Мэдээж энэ бол тун эвгүй хуваагдал болчихоод байгаа юм. Яах аргагүй хамгийн залуу гишүүн асан Д.Гантулга УИХ-аас явсны дараа энэ үзүүлэлт яг өөрийн тань асууснаар болчихоод байгаа. Миний хувьд яаман дээр ажил ихтэй байдаг тул УИХ-ын үйл ажиллагаанд тун ч яаруу сандруу, зав зай муутай л оролцдог доо. Манай нам энэ асуудлаа нэг тийш болгохгүй бол УИХ дахь залуу гишүүд янз бүрийн акци зохион байгуулахаар шамдаад байх болж дээ. Ийм л байна. За би яаралтай Бага хурал руу орохгүй бол ихээхэн хоцорвол бас жаахан эвгүй юм даа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.