Байт харваачид анх удаа олон улсын стандартад бүрэн нийцсэн бэлтгэл сургуулилт, тэмцээний талбайтай боллоо

Twitter Print
2018 оны 08-р сар 02-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр нээлтээ хийж буй байт харвааны “360” талбайн нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.

Энэхүү байт харвааны талбайг иргэд болон аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан “360” төслийн хүрээнд барьсан байна. Мөн талбайд геннесийн номд бичигдэхүйц том буюу 27*13 метр хэмжээтэй олимпийн цагираг босгож байгаа нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн медальтай болохыг билэгшээж байгаа аж.

“Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбайд байт харвааны мэргэжлийн тамирчид ирж хичээллэхээс гадна сонирхогчид сум тавьж, байт харвааны спортоор хичээллэж болох юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байт харвааны талбайн нээлтийн ёслолд оролцохдоо хэлсэн үгийг хүргэе.

“Спорт сонирхогчид, дэмжигчид ээ,

Харваачид, зочид оо

Та бүхний энэ өдрийн амгаланг эрье. Монгол Улсад орчин үеийн байт харвааны спорт үүсч хөгжсөн 58 жилийн түүхийн хуудаснаа нэгэн шинэ хуудас болон нээгдэж буй үйл явдалд оролцохоор Та бид энд цуглаад байна.

Дэлхийн зэвсэг техникийн хөгжилд композит нум буюу эвэр нумыг монголчууд анхлан зохион бүтээж, хэрэглээнд орлуулсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Сур харвааг үндэсний уламжал, хэрэглээ болгож байсан үндэстний хувьд байт харвааны спортыг хөгжүүлснээр Монголын анхны Дэлхийн аварга, Паралимпын аварга энэ спортоос төрж байсан билээ. Аливаа спортоор өндөр амжилт гаргахад гурван суурь нөхцөл шаардлагатай байдаг гэж судлаачид хэлдэг.

Энэ нь :

  • уламжлал
  • сургалт
  • авьяастан гурав юм.

Байт харвааны спортыг хөгжүүлэх энэ суурь нөхцлүүдээс сургалт нь ихээхэн доголдож явсныг өнөөдөр спортод элэгтэй, зүрх сэтгэлтэй хүмүүсийн ачаар нөхөж байна. Энэхүү талбайг бий болгохын төлөө сэтгэл оюун, зүтгэл, хандиваа зориулсан бүх хүмүүст дахин дахин талархал илэрхийлье.

Байт харваачид анх удаа олон улсын стандартад бүрэн нийцсэн, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий бэлтгэл сургуулилт, тэмцээний талбайтай боллоо. Бүтээн байгуулалтын ажилд ахмадын туршлага, идэрчүүдийн зүтгэл, залуусын тэмүүллийг уялдуулан холбож, мэдлэг туршлагаа солилцон, бие биеэ дэмжсэн зохион байгуулалт, менежтентээр асар богино хугацаанд барьж, өнөөдөр нээлтээ хийж байна. Олон нийтийг хоёр сарын турш идэвхжүүлж, урмыг бадраан, сайн сайхан зүйлд уриалан дуудсаар байт харвааны “360” талбай сүндэрлэн бослоо.

Бүтээн байгуулалтын ажлыг санаачлан, гардан удирдсан Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч Пунцагийн Цагаан, Удирдах зөвлөлийн гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд нар болон бүтээн байгуулалтад оролцсон, дэмжсэн бүх хүмүүст халуун талархал дэвшүүлье.

Монголчуудын хамтын зүтгэл, нэгдмэл сэтгэлээр боссон энэ талбайгаас тив, дэлхий, Олимпын аваргууд төрөн гарч, улсынхаа нэрийг өндөрт өргөн, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа аялгуулахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Буянт үйлс бүтээхийн сэрүүн гэрлээр бүрнээ тусыг хүргэн амжилт дуудах болтугай” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа байт харвааны “360” талбайн бүтээн байгуулалтын ажилтай танилцав.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.