Турк сургуулийн захирлыг гэрээс нь хулгайлсан гэлээ

Twitter Print
2018 оны 07-р сар 27-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр буюу 2018 оны 07-р сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд Турк сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат дараах мэдэгдлийг хийжээ. Тэрбээр "Монгол улсад 24 жил үйл ажиллагаа явуулсан Монгол Туркийн хамтарсан сургууль хэмээн олон нийтэд танигдсан сургуульд 24 жил ажилласан Veysel Akcay захирлыг өнөөдөр өглөө 09:45 цагийн үед гэрээс гарч явах үед нь гэрийнх гаднаас нь Старекс машинтай үл мэдэгдэх этгээдүүд хулгайллаа.

Хэн гэдэг хүн, ямар шалтгаанаар хулгайлсныг хүмүүс гадарласан байх.

Бидний мэдээллээр 14 цагт өнөөдөр жижиг хэлбэрийн онгоц Туркээс Чингис Хаан нисэх онгоцны буудал дээр буусан байна. Энэ онгоц 3-4 цагийн дараа буцаад нисэх юм байна. Тэгэхээр энэ хаанаас ямар зорилгоор хийгдэж байгаа ажил нь тодорхой болох шиг боллоо.

Иймд Ардчилсан монгол улсад гарч байгаа энэ бусармаг хүн хулгайлах үйл явдлыг зогсоохыг уриалж байна. Мөн энэ бусармаг үйл явдлыг нэн даруй таслан зогсоохыг Цагдаагийн байгууллагуудаас хүсч байна" гэлээ.  


Тэд энэ талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст мэдэгдсэн байна. 

Чингис хаан нисэх буудалд буусан Туркийн онцгой элчийн онгоц өнөөдөр 18:00 цагт эргээд буцах бүртгэлтэй байгаа бөгөөд буцахдаа хүн зөөвөрлөх зөвшөөрөлгүй гэлээ. 

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нөхцөл байдалтай танилцахаар Чингис хаан онгоцны буудалд ирээд байгаа юм байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр уг онгоцоор зөөвөрлөхөөр Турк сургуулийн захиралыг авчраад байгаа бөгөөд хууль бус хүний хулгайн хэргийг эсэргүүцэн иргэд жагсаж байна.

Уг үйл явдал 2016 оны 7-р сард Туркт болсон төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотой байж болзошгүй юм. Дээрх төрийн эргэлтийн дараахан тус улсын Засгийн газар дэлхийн улс орон дахь Турк сургуулиудаа “Боловсролоо хямдхан худалдахгүй” гэсэн шалтгаанаар хаах тухайгаа зарлаж, мөн Фетулла Гулентай холбогдсон Турк улсынхаа буюу дотоодынхоо 2000 сургуулийг хааж, 61 мянган багш, ажилчдыг ажлаас нь чөлөөлж байсан. Монгол Улсад Турк, Монгол иргэдийн хамтран байгуулсан таван сургууль бүртгэлтэй байдаг. Эдгээр сургуулиудын төгсөгчдийн суурь боловсролын гэрчилгээг Турк улс хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ЭСЯ-аараа дамжуулан мэдэгдсэн. 

Тэрчлэн Туркийн өндөр албаны хүмүүс ээлж дараалан Монголд айлчлал хийсний цаад гол зорилго нь Турк сургуулиудыг хааж, тэдний захирал, багш нарыг Туркийн засаг захиргааны мэдэлд шилжүүлэн өгөхийг шаардсан гэх яриа бий.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.