Улсын начин Д.Цэрэнтогтох: П.Бүрэнтөгс арслантай удаж болохгүй байсан учраас шууд л санасанаа хийсэн

Twitter Print
2018 оны 07-р сар 26-нд 09:44 цагт
Мэдээний зураг,

Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын начин Дашдоржийн Цэрэнтогтохтой уулзаж ярилцлаа. Тэрээр өнөө жилийн наадамд үнэн хүчийг үзэн барилдаж түүхт Хүрэн бэлчир, Залаа, Чандмань овоо, Загийн голдоо улсын начин хэмээх цолыг анх удаа авч ирсэн билээ.

-Төрсөн нутгаараа овоглож явахаас сайхан зүйл хаа байх сан билээ?

-Би Баянхонгор аймгийн Заг сумын харьяат хүн. Аавыг маань Б.Дашдорж, ээжийг минь Болормаа гэдэг. Миний хувьд 1992 онд төрсөн айлын ганц хүү.

-Заг сумын сургуульдаа хэддүгээр анги төгстөлөө суралцав?

-Нутагтаа би дөрөвдүгээр ангиа төгсгөөд нийслэл хот руу шилжиж ирсэн. Хотод ирээд IV хорооллын 86дугаар сургуульд суралцаж, жүдогийн секцэд явдаг байлаа. Энэ сургуульд зургадугаар ангиа төгстөл суралцаад “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн лицейд шалгалт өгч тэнцэн орсон.

-Япон руу нэг явж байсан санагдах юм?

-“Ирээдүйн аваргууд” сумогийн тэмцээнд түрүүлэн, Кекүшюзан Д.Батбаярын зодог тайлах ёслолд очиж оролцож байсан. 2007 оны долоон сард наадмын бэлтгэлд Баянхонгорынхоо бөхчүүдтэй гарчихсан байж байхад Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Японоос хүмүүс ирчихсэн шалгалт авч байгаа юм байна” гээд намайг авчирч шалгуулсан. Тухайн үедээ ч юунд шалгаж байгааг сайн ойлгоогүй өнгөрлөө. Сүүлд аравдугаар сард “Тэнцсэн байна” гээд Японы сургуулийн урилга өгсөн. Ингэж Японы Нагаяогийн жудогийн сургуульд дөрвөн жил суралцсан.

-Жудогоороо аль хэр амжилт үзүүлж байв?

-Жудогийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байрт орж байсан. Бүстэй барилдаан, самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс хэд хэдэн медаль авч байлаа.

-Заг сум бөх аль хэртэй нутаг билээ дээ?

-Аймгийн арслангууд бол нэлээд хэд байдаг. Бүүр дээр үеийн бөхчүүдийг би сайн мэдэхгүй. Аймгийн арслан Баасанбат ахыг сайн мэднэ. Аймгийн арслан Даваажанцангийн Батбаяр ах маань байна.

-Заг сумаас түүхэндээ анх удаа улсын цолтон төрлөө гэж зарлаад байх шиг байсан?

-Анхны улсын цолтон нь би болж байх шиг байна.

-Аав тань барилддаг байв уу?

-Аав маань намайг бага байхад сумын наадмын тавын даваанд Анхныбаяр гэдэг ахтай тунаж барилдаад гараа хугалж байсан ч гэл үү. Би жаахан хүүхэд байсан болохоор тэрийг нэг их сайн санадаггүй юм аа. Сумын начин цолтой, үедээ сайхан барилддаг л бөх байсан гэх юм билээ.

-Аав, ээжийн чинь талд бөхийн удамтай хүн байдаг бол уу?

-Манай ээжийн талд Самбуу гэж аймгийн цолтой хүн байсан гэдэг. Ээж маань Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул хүн.

-Үндэсний бөхийн анхны амжилтаа дурсахад сонин доо?

-Би 2011 онд Заг сумынхаа наадамд барилдаж сумын начин цол авсан юм. Тухайн үедээ жудогоор барилддаг байсан болохоор үндэсний бөхийн бэлтгэл хийдэггүй байсан. Хойтон жилийнх нь наадамд сумандаа түрүүлж заан цол авлаа. 2013 онд сумын заан цолоо баталж байсан.

-Сумын заанаас цэргийн цол хүртсэн байх аа?

-Сумандаа түрүүлсэн жилийнхээ намар аравдугаар сард цэрэгт явж албаа хаагаад халагдахдаа “Үндэсний бөхөөр барилдая” гэсэн бодолтой ирсэн. Үндэсний бөхийн бэлтгэлдээ 2014 оноос тууштай хичээллэж эхэлсэн дээ. Ингээд 2015 оны Бүх цэргийн наадмаар тав давж цэргийн начин болж, 2016 онд түрүүлж цэргийн арслан болсон. Аймгийн арслан М.Бадарчтай барилдан түрүүлж байлаа. Өнгөрсөн наадмуудын бэлтгэлээ Монгол Улсын харцага Даш-Очирын Батболд багшийн удирдлага дор “Их Богд” дэвжээнд базааж байлаа.

-Энэ жилийн хувьд хаана наадмын бэлтгэлээ хангав?

-Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайхан ахын санаачлан байгуулсан “Хонгор нутаг” дэвжээнийхэнтэй наадмын бэлтгэлд гарсан.

-Улсын харцага Н.Золбоо та нар чинь тусдаа бэлтгэлд гарсан байл уу?

-Бид тусдаа бэлтгэлд гарсан. Манай дэвжээнд аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү тэргүүтэй тавиад бөхчүүд байлаа. Багш-дасгалжуулагчаар аймгийн арслан Дамдин, Отгонням, аймгийн заан Батгэрэл, “Хилчин” спорт хорооны Лувсанпүрэв гэсэн дөрвөн багштай гарсан.

-Ахмад бөхчүүд, дасгалжуулагчид тань юу гэж зөвлөж байв?

-Бид нэг их юм яриагүй. “Өөр өөрсдийн барилдааныг гаргаж барилдана” гэж ярилцаж байлаа.

-Энэ жилийн наадмаар өөрөө их сайхан хувирч, барилдааны хувьд тэсрэлттэй байгаа чинь анзаарагдаж байсан шүү…

-Ер нь яахав, бяртай байгаад тэсэрч барилдахгүй бол дан ганц бяраар хүнтэй барилдаад хаяхад хэцүү л дээ. Миний жаахан тэсрэлттэй барилдсан гэдэг маань жудогоор барилдаж байсны гавьяа гэж боддог юм.

-Наадмын хоёрын даваанаас эхлээд учраанууд чангараад ирэх шиг болсон шүү?

-Хоёрын даваанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Нурланы Мустафатай нугалаагаар таарч барилдан давсан. Гурвын даваанд Ховд аймгийн Чандмань сумын уугуул, улсын начин Чулуунбатын Цогбаяртай барилдсан.

-Дөрвийн давааны нугалаанд Монгол Улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнийг хэд хэд дүүгүүрдэн эргүүлж сайхан давсан. Гарьдтай таарна гэж бодож байв уу?

-Би яг таарна ч гэж бодоогүй. Гэхдээ улсын гарьд, улсын заануудаас ер нь нэг их зөрөхөөргүй байсан. Гарьдтай барилдахад дэвжээн дээр гарснаас хойш биеэ барих зүйл байгаагүй. Ямар ч байсан өөрийнхөө мэхийг хийгээд зоригтой сайхан барилдъя гэж бодсон. Тэрүүгээрээ санасандаа хүрч сайхан л барилдлаа.

-Монгол Улсын хүчит арслан Пүрэвийн Бүрэнтөгс өөрийг чинь тавын даваанд амлахад их зүрхшээж бэрхшээв үү?

-Жаахан бэргэж байсан тал байгаа л даа. Ямар сайндаа улсын заан Мягмарсүрэн “Чи ямар улангассан баавгайтай таарчихаа юу. Адилхан л хүн юм чинь өөрийнхөөрөө барилд” гэсэн үг их зориг оруулсан. “Намайг ямар талбай дээр гаргаад алж хядах гэж байгаа биш. Юунаас нь ч айх вэ” гээд санаснаа хийж л барилдая гэж бодсон. Нагац ах Авэрмэдийн Пүрэвсүрэн, Эрдэнэхүү арслан нар маань ч зоригжуулсан.

-Бүрэнтөгс арслангийн хувьд энэ жилийн наадмын үзүүр түрүүнд л яригдаж байсан бөх шүү?

-Монгол хүн бүхэн, наадамчин олон бүгд л арсланг сайхан дээшээ барилдана гэж бодож байсан л даа. Миний хувьд гараад, дайраад, сайхан салхилж барилдая л гэж бодсон. Жаахан удвал тэр хүнтэй чинь золгоод, барилцаад авна. Ер нь хэцүү шүү дээ, том биетэй хүн чинь. Жин их, арал бяртай. Бярдуулах ч магадлал өндөр. Тиймээс л бодсоноороо давхар ачсан.

-Та хоёрын биеийн жин, өндөр намын хувьд аль хэр зөрөөтэй бол?

-Бүрэнтөгс арслан надаас гуч дөчин килоор илүү байх. Өндөр ч гэсэн арав гаруй сантиметр өндөр байх.

-Өөрөө ямар жин, өндөртэй билээ?

-Би одоо нэг метр 87 сантиметр өндөр. Жин 128 кг байсан. Одоо юу болж байгаа юм бол доо.

-Зургаагийн даваанд Баянхонгор нутгаас Н.Золбоо арслан та хоёрын хэн нэг нь харцага болох нь тодорхой тунаж үлдэн барилдсан. Начин цолондоо өөрөө сэтгэл жаахан ханасан тал байв уу гэж анзаарагдсан даа?

-Золбоо маань чөлөөт бөхөөр барилддаг болохоор ажиллагаа ихтэй бөх л дөө. Золбоотой чинь ер нь сэрмэж барилдана гэдэг хэцүү шүү дээ. Би их амарчихсан байсан болохоор халаалтгүй, зуурчихсан тал байгаа. Цочир шууд гараад барилдсан болохоор бие халаалт муудсан. Тэрнээс начин цолондоо ханасан зүйл байхгүй. Эндээсээ улсынхаа наадамд цолоо ахиулж барилдана л гэж бодож байгаа.

-Өөрийг чинь бөхийн спортод уруу татсан хүн гэвэл дэлхийн аварга Халтмаагийн Баттулгыг гэхэд хилсдэхгүй юм байна?

-Ер нь намайг бөхөд уруу татсан хүн гэж Ерөнхийлөгчийг хэлж болно. Гэхдээ хамгийн анх бөхөд уруу татаж, барилдах урам зориг өгсөн хүн бол миний аав, нагац ах Пүүжээ хоёр л доо. Тэр хоёр маань л “Миний хүү барилдана. Миний дүү түрүүлнэ” гэж сэтгэл харамгүй сайхан үгээр шагнадаг байсан. Дунд сургуулийн хичээлийн амралтаар Пүүжээ ах минь л хот руу дагуулан ирж бөх үзүүлнэ. Нармандах харцага, аймгийн заан Батгэрэл хоёртой хамгийн анх нагац ах маань л уулзуулж байсан. Х.Баттулга Ерөнхийлөгч 2006 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа хүүхдүүд барилдуулсан. Тэрэнд нь ч би сайн барилдаж амжилгүй хоёрын даваанд ойчсон. Тэр үед намайг “Бөх болох дуртай юу” гэж л байсан. Би ч тухайн үедээ нэг их юм яриагүй. Харин аав ээж хоёр маань л “Ийм сайхан боломж олдож байгаа дээр яваад сайхан бөх болчих” гэж ятгасан юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цолныхоо үнэмлэхийг гардаж аваад хамгийн түрүүнд юу бодогддог юм байна?

-Улсын начин цолоо Ерөнхийлөгчөөс гардаж аваад аав, ээж хоёрыгоо л их бодсон доо. “Аав, ээж хоёр маань байсан бол хамгийн түрүүнд л над руу залгаад ярих байсан даа” гэж бодогдсон. Энэ дайтай яваагаа аав ээж хоёртоо харуулж чадаагүйдээ л их харамслаа. Тэр хоёр маань их л баярлах байсан даа. Цол авсан бусад нөхөд маань аав ээж рүүгээ яриад хөөрч байхад надад ярих ч хүн байхгүй нь их муухай байдаг юм байна. (санаа алдав. Л.Б)

-Тэгэхдээ хүний зэрэгт хүргэж яваа нагац ах чинь байна даа?

-Пүүжээ ах минь байсаан. Гэхдээ л аав ээж маань юун түрүүнд бодогддог юм билээ. Хамгийн түрүүнд л ах дээрээ очсон. Ах уйлаад, тэвэрч аваад л. Аавын минь оронд аав, ээжийн минь оронд ээж болж яваа нагац ах Пүүжээдээ маш их хайртай шүү. Баярлалаа гэж танаар дамжуулж хэлье дээ. Ах маань Улаанбаатар хотод амьдардаг, “Арвижих” компанийн захирал хүн дээ.

-БХЯ-ны сайд Н.Энхболд хүлээж авч уулзлаа гэв үү?

-Сайд “Алдар” спорт хорооны  бөхчүүдээ хүлээж авч уулзлаа. Манай “Алдар”-ын бөхчүүдээс аварга Санжайдамба үзүүрлэсэн. Аймгийн арслан Бэгзсүрэн, Ш.Мөнгөнбаатар нар улсын харцага цол хүртсэн. Аймгийн арслан Амаржаргал бид хоёр улсын начин боллоо. Бид бүгдийн цэргийн цолыг ахиуллаа. Миний хувьд “Алдар” спорт хороо, Баянхонгор аймаг дахь Барилгын цэргийн 339дүгээр ангийн бөх гэж явдаг. Яахав, “Малчин” телевиз, “Хангайн даваа” компанийн захирал Жаргал ахдаа үргэлж тусалж дэмждэгт нь баярлаж явдаг даа.

Лхагвасүрэнгийн Батцэнгэл

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.