Дэлхийн Шинкиокушинкай каратегийн байгууллагын ерөнхийлөгч, шихан Кенжи Мидори маргаашнаас Монгол Улсад ажлын айлчлал хийнэ

Twitter Print
2018 оны 07-р сар 24-нд 22:42 цагт
Мэдээний зураг,

Монгол Улс дэлхийн Шинкиокушинкай каратэгийн холбооны гишүүнээр 2014 оны 9 сард элссэн. Монгол улс дахь салбарын даргаар хар бүс 3-р дан цолтой Б.Гомбогэрэл ажилладаг. Одоогийн байдлаар хот, хөдөө орон нутагт 15 салбар клубд нийт 260 гаруй тамирчид хичээллэдэг бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хилийн цэргийн ерөнхий газар зэрэг хүчний байгууллагуудад манай салбар клубууд үйл ажиллагаа явуулж байна.

Тус холбооны зорилго нь Шинкиокушинкай каратэг Монгол оронд түгээн дэлгэрүүлэх, каратэгийн спортоор дамжуулан хүүхэд залуучуудад бие бялдар ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, олон улс, тив дэлхийн түвшинд Монгол Улсын нэрийг гаргах шилдэг тамирчид бэлдэх, Монгол Улсын хүчний байгууллагуудын албан хаагчдын бие бялдар сэтгэл зүйн чадварыг хөгжүүлэхэд мэргэжлийн сургалт, туслалцаа үзүүлэхэд оршино.

Монголын Шинкиокушинкай Каратегийн холбоо байгуулагдсан цагаас эхлэн жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээн, өвөл, зуны цугларалт, бүсны зэрэглэл дээшлүүлэх семинар, сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд тамирчид олон улсын тэмцээн, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол оролцож тодорхой амжилтуудыг үзүүлж байна. 2016 онд Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан "Астана кап" олон улсын тэмцээнээс тамирчин Т.Баярхүү мөнгөн медаль, мөн тухайн оны 8-р сард Япон улсын Токио хотноо болсон "Каратэ Дрийм" олон улсын тэмцээнд тамирчин Э.Буянбат алтан медаль хүртэсэн зэрэг амжилт үзүүлээд байна.

Мөн олон улсын цугларалт сургалтанд манай тамирчид тогтмол амжилттай хамрагдаж сүүлийн 2 жилийн дотор 11 тамирчин дэлхийн шинкиокушинкай каратэгийн холбооны мастер, хар бүс 1-р дан цолыг авсан бол Монгол дахь салбарын дарга Б.Гомбогэрэл багш мастерын хар бүс 3-р дан цол хүртлээ. Дэлхийн Шинкиокушинкай Каратегийн байгууллагаас зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жингүй 4 жилд нэг удаа зохион байгууллагддаг бөгөөд гишүүн орон бүхнээс шилдэгүүд хүч чадлаа сорьдог. Азийн аварга шалгаруулах тэмцээн 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг. Шинкиокушинкай каратегээр хичээллэгсэд нь нэг нэгнээ хүндэтгэх, дожо буюу хичээлийн танхимд баримтлах тогтмон дэг жаяг, хатуу дүрэмтэй, бүсний зэрэглэл ахиж мастерийн зэрэгт хүрэхэд суралцагчаас их тэвчээр хатуужил, хүмүүжил, каратегийн мэдлэг болон цаг хугацааны шалгууртай. Суралцагчийн бүсний 10 зэрэглэлтэй. Бүсний зэрэглэл бүр нь тодорхой норматив шалгууртай бөгөөд зэрэглэл ахих тусам шалгуур нь хүндэрч бие бялдар болон оюун санааны өндөр чадавхийг шаарддаг.

Шинкиокушинкай карате нь кумите буюу тулааны уралдаан тэмцээний төрлөөс гадна ката /ганцаарчлан хийх иж бүрэн цогц дасгал/ -аас бүрддэг. Ката нь бие бялдрын хурд, хүчнээс гадна биеийн уян налархай байдал, хувь хүний мэдрэмж, анхаарал төвлөрүүлэлт их шаарддаг. Катагийн төрлөөр олон улсын тэмцээн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгууллагддаг.

Саяхан МШККХолбоо нь шинээр Shinkyokushinkai Karate center нээсэн нь Монгол Улсад бие хамгаалах урлагийн төрлөөр нээгдсэн анхны карате спорт сургалтын төв боллоо. 2017 онд тус холбооны урилгаар Азийн Шинкиокушинкай каратегийн холбооны Ерөнхийлөгч Сужото айлчлан ирж хамтарсан бэлтгэл хийж, тамирчдын бэлтгэлийг удирдан ажилласан юм.

Дэлхийн Шинкиокушинкай каратегийн /WKO shinkyokushinkai/ байгууллагын ерөнхийлөгч, Японы Фулл Контакт каратегийн холбооны гүйцэтгэх захирал, дэлхийн аварга, фулл контакт каратегийн дэлхийн хамгийн техниктнй хүн хэмээн нэрлэгддэг шихан Кенжи Мидори болон Дэлхийн Шинкиокушинкай Каратегийн /WKO shinkyokushinkai/ байгууллагын Гүйцэтгэх захирал ноён шихан Я.Кой нар энэ сарын 25-ны өдрөөс 30 өдрүүдэд Монгол Улсын ажлын айлчлал хийх гэж байна.

Д.Мидори энэ сарын 26, 27-ны өдрүүдэд МШККХолбооноос зохион байгуулах 2018 оны зуны цугларалт оролцож, арга зүйн зааварчилгаа өгөх, 2020 онд Монгол оронд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах нөхцөл боломжийг судлах хүндэтгэж, сонирхож байдаг монгол оронтой танилцаж зорилготой. Тэр олон сум бөхчүүдтэй нөхөрлөдөг бөгөөд Монголын сумочид, Чингис хааныг хүндэлж биширдэг нэгэн билээ. Олон улсын Олимпийн хороо Дэлхийн фулл контакт каратегийн олон урсгал, холбоодыг нэгтгэн олимпийн төрөлд багтаах шийдвэр гаргасан бөгөөд энэхүү ажлыг шихан Д.Мидори тэргүүлэн ажиллаж байна.

Монголын Шинкиокушинкай Каратегийн холбооноос энэ оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10.30 цагаас хэвлэлийн бага хуралд Дэлхийн Шинкиокушинкай каратегийн /WKO shinkyokushinkai/ байгууллагын ерөнхийлөгч, Японы Фулл Контакт каратегийн холбооны гүйцэтгэх захирал, дэлхийн аварга, фулл контакт каратегийн дэлхийн хамгийн техниктнй хүн хэмээн нэрлэгддэг шихан Кенжи Мидори болон Дэлхийн Шинкиокушинкай Каратегийн /WKO shinkyokushinkai/ байгууллагын Гүйцэтгэх захирал ноён шихан Я.Кой, МШККХолбооны удирдлагууд оролцох бөгөөд каратегийн холбоодын үйл ажиллагаа, каратегийн спорт олимпын төрөл болсон тухай, монголын тамирчдын амжилтууд зэрэг мэдээллийг хүргэх болно.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.