Самар, ховор ургамал түүсэн иргэд 5,4 сая төгрөгөөр торгуулжээ

Twitter Print
2018 оны 07-р сар 19-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Иргэд хуулийн мэдлэг дулимгаас хууль бус үйлдэл хийж, санхүүгийн эрсдэлд өөрсдийгөө оруулдаг аж. Ойрхон жишээ гэвэл хууль бусаар жимс, самар түүж хэрэг зөрчилд холбогдох нь ихэсчээ.

Хуулийн байгууллагаас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, худалдан авсан, худалдсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий таван иргэнд хяналтын шатны шүүхээс тус бүр 5,4 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 3.444.675 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 1059,9 кг, 18 шуудай хуш модны самрыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн байгаль орчны газарт шилжүүлэн өгч, шүүгдэгч тус бүрийн ойн санд учруулсан шууд хохирол нөхөн төлөгдсөнд тооцжээ.

Жил бүр самар түүх хугацааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тогтоодог. Тодруулбал тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, Ойн судалгаа хөгжлийн төв хамтран самрын нөөцийг тогтоож, самар түүж болох үгүй эсэх саналаа яаманд ирүүлдэг байна. Үүний дагуу хаана хаана, ахуйн болон ашиглалтын зориулалтаар хэдий хэмжээний самар түүж болох зөвшөөрлийг олгодог. Самрыг гол төлөв 10-р сараас 3-р сар хүртэл түүхийг зөвшөөрдөг байна. 

Самар түүж бэлтгэх эрхийг яаж авах вэ?

  1. Ойн дагалт баялагийг хамгаалах, зохистой ашиглах чиглэлийн эрх бүхий мэргэжлийн байгууллага болон ойн нөхөрлөл эзэмшлийнхээ талбайгаас хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэж болно.

  2. Үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийн өмнө ойн анги эсвэл ой зохион байгуулалтын чиглэлийн мэргэжлийн эрх бүхий аж ахуйн нэгжээр самрын нөөцийг тогтоолгож, сумын Засаг даргатай гэрээ байгуулан, нөөц ашигласаны төлбөрөө төлж, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичгийн байгаль хамгаалагчаас авсны үндсэн дээр бэлтгэнэ.

  3. Иргэнд нэг удаа 25 кг самар түүх зөвшөөрөл олгох бөгөөд ойн дагалт баялаг ашигласны төлбөрөө төлж, тухай орон нутгийн байгаль хамгаалагчаас дагалт баялаг ашиглах эрхийн бичгээ авсаны үндсэн дээр ойд орж самар түүх эрх нь үүсдэг.

Хуш модны самар түүж бэлтгэхдээ иргэн та:

Хуш модны самар түүж бэлтгэхдээ дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:

  1. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлтгэхгүй байх;

  2. Зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэхгүй байх;

  3. Түүж бэлтгэх газрыг өөрчлөхгүй байх;

  4. Хориглосон арга, технологи хэрэглэхгүй байх;

  5. Мод, сөөгийг хугалж гэмтээхгүй байх;

  6. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зааврыг зөрчихгүй байх;

  7. Байгаль орчныг бохирдуулахгүй байх;

  8. Ойд байрлуулсан самбар, тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэхгүй байх гэх зэрэг болно.

Хууль, тогтоомж зөрчсөн бол хүлээлгэх хариуцлага:

  • Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д:

Зохих эрхийн бичиггүйгээр ойн дагалт баялаг ашигласан, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгохоор заасан байдаг.

  • Мөн Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д :

Ойн дагалт баялаг ашиглахдаа технологийн горим зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгохоор заасан.

Иймд иргэд, аж ахуйн нэгж зохих зөвшөөрөлгүйгээр самар жимс, ховор ургамал түүх, борлуулахгүй байхыг анхааруулж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.