ОХУ, АНУ террорист заналхийллийг устгахад хамтран ажиллана

Twitter Print
2018 оны 07-р сар 17-нд 19:20 цагт
Мэдээний зураг,

Террорист заналхийллийг зогсоож, энэ асуудлыг зохицуулахад хамтран ажиллахаар хоёр улс тохиролцсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдэв.

Хельсинки хотод болсон дээд хэмжээний уулзалтын дараа хоёр улсын харилцаанд ямар өөрчлөлт гарсан тухай В.Путинээс асуухад тэрбээр, “эхний ээлжид энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажилд гар бие оролцон, бие биетэйгээ хэдэн сарын турш холбоотой ажилласан бидний туслахууд, зөвлөхүүд, албан хаагч нартаа талархах хэрэгтэй. Мөн ОХУ болон АНУ-ын төлөө халуун цэгүүдэд, хилийн чанадад ажиллаж байгаа цэрэг, тусгай хүчний байгууллагуудын хүчин чармайлтад бид талархах хэрэгтэй. Энэ нь ерөнхийдөө терроризмтой тэмцэх үйл ажиллагааг хэлж байгаа юм” гэж хариулав.

Мөн тэрбээр, "өнөөдөр Ерөнхийлөгч Д.Трамп бид хоёр терроризмын заналхийлэл маш том аюул болоод байгаа гэдэгт санал нэгдсэн. Учир нь террористууд асар их хор хөнөөлтэй зэвсгийг гартаа оруулбал бидэнд сүйрлийн аюул нүүрлэх болно" гэж дурдаад, хоёр орны цэрэг, тусгай хүчнийхэн чухал шаардлагатай гэсэн цэгүүдэд хамтран ажиллах болно гэж мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ тэрбээр Сирид явуулж буй цэргийн хамтын ажиллагааг иш татан, “Сири дэх үйл ажиллагааг ялангуяа өргөн утгаараа нь ойлгуулахад зарим нэг асуудалтай зүйл байгаа хэдий ч энэ нь хоёр орны цэрэг болон тусгай хүчний байгууллага хоорондын хамтын ажиллагаа юм” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: montsame.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.