
Meta компанийн ерөнхий захирал Марк Зукерберг X буюу хуучнаар Twitter компанийг эзэмшигч Илон Масктай дэвжээн дээр гарч тулалдахад бэлэн хэмээн Threads хуудсандаа бичжээ.
Анх өнгөрсөн 6-р сард И. Маск нийгмийн сүлжээнд Марк Зукербергтэй дэвжээн дээр тулалдах хүсэлтэй байгаа тухайгаа бичсэн ба хариуд нь М. Зукерберг хаана тулалдах байршлаа хэл хэмээн бичиж байсан юм.
М. Зукербергийн зүгээс 8-р сарын 26-нд тулалдах санал тавьсан ч И. Маскийн талаас үүнд хариу өгөөгүй гэсэн бол И. Маск М. Зукербергтэй хийх тулаанаа X платформоороо шууд дамжуулж, олсон мөнгөө ахмад дайчдад хандивлана гэдгээ мэдэгджээ.
Өнгөрсөн 7-р сарын эхээр Facebook, Instagram зэрэг платформуудыг эзэмшдэг Meta компани шинээр Threads платформыг нээж, хэдхэн өдрийн дотор 100 сая гаруй хэрэглэгчтэй болсноор X платформын гол өрсөлдөгч болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор Илон Маск Meta компани X компанийн арилжааны нууцыг "санаатайгаар, хууль бусаар хулгайлж", шударга бус өрсөлдөж байна хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.