Архи идээний дээж гэдэгт итгэхгүй байна...

Twitter Print
2018 оны 07-р сар 15-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

Манай найзууд бүгд намайг анхнаасаа архи огт амсдаггүйг мэднэ. Би ууж чаддаггүй дээ биш элдэв харшилтай, агсан согтуу аймаар даа ч биш зүгээр л уух дургүй. Гэхдээ наргиа цэнгээнд уучихсан юм шиг цоглог байдаг.

Тээр жил цэргээс халагдаж ирээд хамт халагдсан найзуудтайгаа тэмдэглээд анх удаа согтож үзэв ш дээ. Тэгээд яахав би харина, ээж хувцас авч өгнө гэсэн гээд гараад явсан хөл нээх дээр дээр гишгээд ч байгаа юм шиг, газар нэг ойртоод л холдоод, урагшаа алхаад байна уу, хойшоо алхаад байна уу бүү мэд ,хүмүүс зам тавьж өгөөд л, бүгд жигшин харж байсан. Би өөрөөсөө маш их ичиж, уучлаарай гээд л амандаа үглээд явлаа.

Өдрийн дөрвөн цаг бололтой, нар дээрээс шараад, зүлэг болгон ор дэвсгэр мэт харагдаж, санагдаад, хэвтмээр унтмаар болж яг болохоо байлаа. Тасарч байгаа нь юм шиг байна лээ.

Засгийн газрын ордны арын цэцэрлэгт бутнуудын дунд зүлгэн дээр хэвтээд өглөө. Ухаан санаа орж гараад л, бос бос гээд өөртөө команд өгөөд байгаа хэрнээ бие маань хөдөлдөггүй, өрөөл татанхай галзуу солиотой хүн л ийм байдаг байх даа, чи ингээд архичин боллоо гэж өөрийгөө хараана.

Нэг мэдсэн нэг хүн гэнгэнээд уйлаад ч байх шиг, чүү чамай толгойгоо хөдөлгөөд хартал их муу хувцастай ах хажууд гаслаад сууж байх юм, Би та яагаа вэ гэсэн чинь чамд харамсаад уйлж байнаа гэлээ. Тэгээд ах нь чам шиг л сайхан залуу байлаа, гэр бүл, үр хүүхэд, ажил төрөл бүгд л байсан. Тэр нэгэн гайтай өдөр архи ууж тасраад хөл маань хөлдөөд нэг хөлөө тайруулсан. Түүнээс хойш амьдрал маань уруудаж грүппийн мөнгөө аваад ууж дотроо засаж, энэ тэнд адлагдаж энэ хорвоог бэдэрч амь зууж явна даа. Энөөдөр охин дээрээ очоод охин минь надаас зугтлаа. Би мөнгө гуйж байгаагүй зүгээр л охиноо санаад л очсон юм. Бос дүү минь энд хэвтэж болдоггүй юм, эрүүлжүүлэхэд аваачаад хийчихнэ. Тийм муухай газар битгий оч. Ахынхаа алдааг бүү давт. Ээ дээ энэ муу хөл байсан бол чамайг үүрээд явахсан гэж билээ.

Зөндөө л юм ярьсан санагдана, дэн дун, санадаггүй ээ. Дотроо хөлөө тайруулж амьдралаа алдсан хүн хүртэл надад санаа зовж, хөл минь байсан бол гээд хүсэл нь намайг үүрнэ гэж байдаг, гэтэл эрүүл саруул би өөрөө гээд бослоо. Ахын таягны дуу тог тог холдсоор би гуйван дайван алхсаар гэртээ харьж билээ.

Гэртээ ороод л ээжээ уучлаарай, нэг хөлгүй ах цэцэрлэгт... би найзуудтайгаа уугаад Засгийн газрын ордны хойно... хөл гар дээр дээр өргөгдөөд аймаар байсаан... дэлгүүр явах уу, хайртай шүү, хүү нь архичин болжээ, үнсье энэ тэр гэж донгоссоор тас...

Өглөө боссон ээж минь хажууд сууж байна. Хурдал, наад үнэр танар чинь авах юм алга, усанд ор, ээж нь хэдэн төгрөг хүнээс зээлээд ирлээ, дэлгүүр явъя, аав нь мэдээгүй шүү гэлээ.  Тэгээд би ээждээ та надад хувцас авах гээд хүнээс мөнгө асууж явахад миний байж байгаа царай, хүү нь хэзээ ч энэ архийг уухгүй, та харах болно ээжээ гэж хэлэхэд ээж минь нээх урт санаа алдаад инээмсэглэж билээ.

Өнөөг хүртэл уусангүй. Энэ яваа насанд минь согтуу явахыг минь тэр өдөр миний ээж, хөлгүй ах, гудамжинд таарсан танихгүй хүмүүс, цэргийн найзууд л харсан даа. Өөр хүмүүст би ингэж муухай яваагаа харах боломж олгоогүй ээ. Ээждээ амалсан амлалтаа яс биелүүлсэн.

Гэсэн ч надад тэр спиртийн дутагдал болсонгүй, архи ууж ажил төрөл бүтээж явсангүй, уусангүй ээ гээд бүтэхгүй явсангүй бас найз нөхөдгүй ч болсонгүй, миний ам руу хэн ч цутгасангүй. Би зүгээр л уух дургүй. Ээждээ өгсөн амлалт байна, эр нөхрийн үүрэг хариуцлага байна, эцэг хүний үлгэр дууриал байна, эх орны итгэл найдвар байна.

Чиний хар толгой, эрүүл мэнд, бие бялдар, ажил төрөл, зөвхөн чинийх гэж бодож байна уу? Үгүй одоо гэр бүл үр хүүхдийн чинь өмч гэрэлт ирээдүй нь болсон, чи хугарахад тэд нурна цаашлаад эх орон чинь сөхрөнө.

Архи ууж стрессээ тайлна гэдэг хамгийн арчаагүй эр хүний үйлдэл. Түүний оронд тэмцэх хэрэгтэй архи уувал бүүр дордоно. Олон сайхан залуус олон сайхан гэр бүл нуран унаж байгааг, архи уусан аавдаа гомдон айж бэмбэгнэх хүүхдийн нүд, айж дальтчих гэргийн царайг хараад өөрийн эрхгүй шимшрэх юм.

Та архийг худалдаж аваагүй ээ! Архи таныг болон ажил төрөл, эхнэр хүүхэд, эрүүл мэнд, амжилт бүхнийг чинь таны мөнгөөр худалдан авч байна. Архичин хүн эцсийн мөчид ч би архичин биш уухгүй гэвэл уухгүй байж чадна ш дээ, тааруулж уухаа мэднэ гэж боддог гэсэн. Гэхдээ л уусаар дуусдаг гэсэн дээ залуусаа!

Уухгүй байж болдог л юм.

Чимэд-Очир Анаад

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.