Монгол Улсын 24 дэх аваргатай, Даян мэргэнтэйгээр өндөрлөсөн наадам...

Twitter Print
2018 оны 07-р сар 13-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

2014 оны Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж Улсын арслан цол хүртэж байсан Увс аймгийн Ховд сумын харъяат улсын арслан Намсрайжавын Батсуурь 31 насандаа улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүлж, Монгол Улсын 24 дэх аваргаар тодорсон билэгт сайхан Монгол наадам хоёр өдөр дэнж хотойлгон цуурайтсаар, баяр жаргалтай өндөрлөлөө. Н.Батсуурь Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадамд ес даван түрүүлэхдээ гурвын даваанд аймгийн арслан Л.Нямбаярыг, дөрвийн даваанд аймгийн арслан Ц.Сандагдоржийг, тавын даваанд улсын начин Д.Амарсайханыг, зургаагийн даваанд аймгийн хурц арслан Ц.Бямба-Очирыг, долоогийн даваанд аймгийн хурц арслан Нацагсүрэнгийн Золбоог, наймын даваанд улсын заан Н. Жаргалбаярыг тус тус даваад байсан билээ. Харин хэр баргийн бөхчүүдэд тийм ч амар хялбар заяадаггүй Монгол наадмын аваргаар тодрох есийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбыг зоригтой сайхан дотуур хутгаж, тэнцвэр алдангуут нь арагш нь түрж унаган түрүүлснээр аргагүй л хоёр талаасаа бөхийн удамтай, энэ цагийн шилдэг бөх болохоо Монгол түмэндээ нотлон үзүүлсэн билээ.

Түүний намтраас дурдвал тэрээр 1987 онд Увс аймгийн Ховд суманд төрсөн бөгөөд аав нь улсын начин Намсрайжав бол эхийн талаасаа Увс аймгийн Дарви сумын харъяат, Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалайн зээ дүү ажээ.

Монгол Улсын 24 дэх аваргаар тодорсон Намсрайжавын Батсуурийн өчигдрийн түүхэн амжилтаас нь өмнөх бөхийнх нь амжилтаас дурдвал 2006 онд Ховд аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байж. Түүнээс хойш  Бөхийн өргөөнд болдог барилдаануудад улсын аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулдаг дайчин, шуурхай, хийцтэй барилдаантай бөх бөгөөд 2011 оны Цагаан сарын барилдааны үеэр тухайн үед Даян аварга цолтой байсан, өнөөдрийн Дархан аварга Агваансамдангийн Сүхбат түүнд "Ирээдүйн аварга" шагналаа гардуулж байсан нь өчигдөр ийнхүү биелэлээ олсон нь аргагүй л биелэлээ олох зөгнөл байсан нь тодорхой болов. Тэрээр 2013 оны улсын наадамд 6 давж шөвгөрөн, улсын харцага цол хүртэхдээ 3-ын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй тунаж, 4-ийн даваанд 2012 оны түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй оноолтоор таарч, 5-ын даваанд улсын харцага Н.Өсөх-Ирээдүйг, 6-ын даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунаж давж байсан бөгөөд 7-ын даваанд улсын начин Б.Батмөнхтэй тунаж барилдаад унаэ байжээ.

Бөхийн олимпийн төрөл болох Жүдо бөхийн 2011 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж "Спортын мастер", 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж "ОУХМ" цол хүртсэн бол 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болж, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бас л Монголын шилдэг жүдочдын нэг ажээ. Тэгээд өчигдөр аваргын төлөө Ч.Санжаадамбатай барилдахдаа эцсийн мөчид тун даацтай дотуур хутгаж, арагш нь тэнцвэр алдуулаад түрж хөөгөөд давж, аав, ээжийнхээ магнайг тэнийлгэж, Цэнгэлдэх хүрээлэн дүүртэл цугласан үзэгчдийн уухайн дуунд Есөн хөлт төрийн сүлдэндээ очиж мөргөөд Ч.Санжаадамба аваргад ёс жудагтай суган доогуур нь гарч, тахимаа өгчихөөд эр улс шиг гар барьцгаасан билээ. Ийнхүү Монгол бөхөд дахин нэгэн шинэ аварга цолтон мэндэлж, Увс аймгийн Ховд сумынхны хувьд баяр жаргалд умбасан нь ойлгомжтой.

Монгол наадам ийнхүү сайхан болж, Монгол Улсын 24 дэх шинэ аварга мэндлэв.

Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход Монгол бөхчүүд маань аль аль нь жаахан ёс жудаг муутай болцгоожээ. Тухайлбал өчигдөр 3-ын даваа эхлэхээс арай жаахан өмнө бөхчүүдийн асар хавиар эргэлдэж байгаад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат 2015 оны улсын арслан Э. Оюунболдтой таарч “Арслаан өөрөөс тань жаахан яриа аваатах уу” гэхэд мань эр “За даа одоо юугаа ч ярих вэ дээ. 5-ын давааны дараа л юу юм гэхээс” гэсэн билээ. Тэгээд сурвалжлагч нарын байрандаа зогсож  5-ын давааг үзэж байтал Э.Оюунболд арслан Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат аймгийн Хурц арслан Цогбадрахын Бямба-Очиртой нэлээн ширүүхэн барилдаж эхэлсэн юм. Тэгээд удалгүй арал, бяр ихтэй Ц.Бямба-Очир арслан Э.Оюунболд арсланг түрж хөөгөөд давчихсан чинь мань эр босч ирээд Ц.Бямба-Очирын ар нуруу руу хүчтэйхэн дэлсээд авч харагдсан. Тэгээд удалгүй Ц.Бямба-Очир Э.Оюунболдод тахимаа өгөхөөр гүйж очихдоо цээж рүү нь тун хүчтэй мөргөж, арслан ч тун удалгүй ярвайгаад доош сууж харагдсан. Тэгээд удалгүй Цэнгэлдэхийн зүүн урд засуулаа түшсээр очиж эмнэлгийн тусламж авч, босч явж чадахгүй байгаа бололтой тэнд 20-иод минут сандал дээр сууж харагдсан. Тэгээд 5-ын давааны дараа яриа өгч магадгүй хэлсэн нь ч талаар болж, мань эр лав л нэлээн сүрхий гэмтэх шиг болно лээ. Эндээс нэг л зүйл тун ч эвгүй харагдаж байгаа нь давсан, унасан бөхчүүдийн ёс зүй, Монгол бөхийн эв түнжин их муухай эвдэрч байгаа нь л байгаа юм. Мэдээж арслан Э.Оюунболд өөрийг нь унагасан Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат аймгийн Хурц арслан Цогбадрахын Бямба-Очирын ар нуруу руу эхэлж хүчтэй цохисон хариугаа хүртэж эцэст нь өөрөө мөргүүлж, багагүй хүндхэн бэртэл авах шиг болсон. Иймэрхүү асуудлыг даруйхан нэг тийш болгож, ёс зүйгүй аашилсан бөхчүүдэд хатуухан хариуцлага тооцдог болохгүй бол энэ муухай төрхгүйтэл, эцэстээ зодоон нүдээндээ тулж, нэг нэгнээ үүнээс ч илүү бэртээж гэмтээж, магадгүй дахин барилдах боломжгүй ч болгож мэднэ.

Бөхчүүдийн энэ мэт ёс зүйгүйтэл, төрхгүйтэйтэлийг эс тооцвол Монгол наадам шиг сайхан баяр цэнгэл энэ хорвоо дэлхийд өөр тийм олон байдаггүй л болов уу.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас 40 сумнаас 37 онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Дагзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол, 40 сумнаас 35 онож 2 дугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Х.Цогтбаярт Монгол улсын “Гарамгай харваач” цол,   40 сумнаас 35 онож 3 дугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Н.Алтансүхэд Монгол Улсын “Гоц харваач” цолыг тус тус олгосон юм. Мөн эмэгтэй харваачдаас 40 сумнаас 37 онож түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул, “Алдар ЖЕМ” багийн харваач Монгол Улсын мэргэн Д.Норжмаад Монгол Улсын “Даян мэргэн” цол олгосон билээ.

Ингээд өчигдөр нар жаргаж нэлээн бүрхэг болсон хойно аварга бөхөөр Н.Батсуурь тодорсоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол наадмыг хааж утга төгөлдөр сайхан үг хэлснээр энэ жилийн дэлгэр сайхан наадмын наран жаргаж, дараа жилийн наадам хүртэл ярих яриа ихтэйгээр Цэнгэлдэх хүрээлэнгээс Монгол төрийн 9 хөлт Цагаан туг төрийн ордон тийш бууриа сэлгэсэн юм.

Монгол Улсын 24 дэх шинэ аварга Н.Батсуурьт тун саяхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд болон Монгол дахь “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ны Гүйцэтгэх захирал Тошира Курахаши нар “Тоёота Ланд крузер-200” маркийн автомашин бэлэглэж, шинэ аваргын гэр бүлийнхнийг баяр жаргалд умбуулсан билээ.

Ийнхүү энэ жилийн наадам шинэ аваргатай, “Даян мэргэн”-тэй Хүй долоон худаг, Цэнгэлдэхийн ногоон зүлгийг хотолзууланхан баяр жаргалаар бялхаж, бүтэн жил үргэлжлэх баяр хөөрийн цуглуулга болж, дэнж хотолзтол бялхам сайхан боллоо. Дараа жилийн наадам хүртэл даанч хол байна даа... 

  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.