Марио Мажукович Хорватын түүхийг өөрчилж, Монгол наадам ид дундаа өнгөтэй сайхан болж байна...

Twitter Print
2018 оны 07-р сар 12-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

Монгол түмэн Тулгар төрийнхөө 2227 жил, Их Монгол Улсаа байгуулсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг сүр жавхлантай, баяр хөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа эхний өдрийн шөнө дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд нэгэн цоо шинэ хуудас сөхөгдлөө. Тэр нь Зүүн Европын Балканы хойгт оршдог Бүгд найрамдах Хорват улсын хөлбөмбөгчдийн байгуулсан цоо шинэхэн түүх юм. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр Хорват улс нь баруун талаараа Словени, хойд талаараа Унгар, зүүн талаараа Босни ба Герцеговина, Серби улсуудтай хиллэдэг гэсэн. Өмнө талд нь Адриатын тэнгис оршдог ба Дубровник нь зүүн талаараа Монтенегротой хиллэдэг гэх ба нийслэл хот нь Загреб гэдэг.  Хорват нь 1991 онд хуучны Югослав улсын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарласан билээ.    

Хүн ам нь таван сая арай л хүрэхгүй хэрнээ өнөөдөр эдийн засаг нь эрчимтэй хөгжиж Балканы хойгийн хамгийн түргэн хөгжиж дэвшиж байгаа орноор нэрлэгддэг юм билээ.  

Өнөөдөр Бүгд найрамдах Хорват улсын Ерөнхийлөгчөөр Колинда Грабар Китарович хэмээх үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй ажиллаж байгаа нь тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч гэдэг. Тэгээд ч энэ сарын 7-нд ОХУ-ын Сочи хотод энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулж байгаа ОХУ болон Хорватын шигшээ багуудын түүхэн чухал тоглолт болоход ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй зэрэгцэн суусан Колинда Грабар Китарович эцсийн мөчид шигшээ баг нь талбайн эздийг торгуулийн цохилтоор ялахад энэ үзэсгэлэнт Ерөнхийлөгч маш их баярлан догдолж байгааг харсан ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев түүн рүү тун ч ёозгүй харж байсан билээ.

Тэгвэл өчигдөр Хорватын хөлбөмбөгчид 1966 оны дэлхийн аварга Английн шигшээ багийг нэмэлт цагийн 109 дэх минутад 2:1-ээр буулган авч түүхэндээ анх удаа Францтай аваргын төлөө тулахаар шалгаран үлдэж, дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд цоо шинэ түүх эхлүүллээ. Хоёр баг 1:1-ээр тэнцэж нэмэлт цаг сунгасан бөгөөд нэмэлт цагийн 109 дэх минутад энэхүү тоглолтын хувь заяаг Европын ихэд алдартай хөлбөмбөгчдийн нэгэн Марио Манжукович нэг тийш  болгох хувь заяатай байжээ. Учир нь торгуулийн талбай уруу Иван Перишичийн дамжуулалтыг Марио Манжукович тун ч мэдрэмжтэйгээр Английн хаалгачийн зүүн буланд өшиглөн оруулснаар Балканы хойгийн Хорватын ард түмнийг догдолдсон их баяр хөөрт умбуулчихсан билээ.  1966 оны дэлхийн аваргын цолоо баталж, хоёр дахь Алтан дагинаа мөрөөдөж байсан Английн шигшээ багийнхан тооны харьцаагаа 2:1 болгон холдуулсандаа ихэд бухимдаж эхлэнгүүт нь дасгалжуулагч нь тэр дор нь сэлгээ хийж Ж.Вардиг талбайд гаргасан ч 2:1-ээр хожигдож эхэлсэн тооны харьцааг өөрчилж чадахгүй байсаар, 52 жилийн дараа дахин аваргын төлөө өрсөлдөх боломжгүй болсон юм. Тэгвэл тэднийг буулгаж авсан Балканы хойгийн Хорватын шигшээ багийнхан 1998 онд дэлхийн аваргын тэмцээнийг нутагтаа зохион байгуулсан Францын шигшээтэй хагас шигшээд тоглосон ч хожигдож байсан түүхээ цагаатган анх удаа ДАШТ-ний шигшээд урьдын заналт өрсөлдөгч Францтай “Алтан дагина”-ын төлөө шалгаран үлдлээ.   

Ер нь өчигдрийн түүхэнд үлдэх тоглолтын хоёр гол баатраар Европын домогт клуб “Реал Мадрид”-ын хагас хамгаалалтыг базаж тоглодог, Хорватын шигшээ багийн ахлагч Лука Модрич болон хамгийн чухал хоёр дахь гоолын эзэн, Испанийн домогт “Атлетико Мадрид” клубын довтлогчоор тоглодог Марио Манжукович хоёр юм. Марио Манжуковичийн хувьд “Атлетико Мадрид” клубт 2014 оны долдугаар сард дөрвөн жилийн гэрээтэйгээр 22 сая Еврогоор элссэн бөгөөд энэ дэлхийн аваргын дараагаар түүний үнэ ханш улам ч өсөх нь тодорхой болж байна.

Харин “Реал Мадрид”-ын хамгаалалтыг хариуцан тоглодог багийн ахлагч Лука Модричийн хувьд бас л үнэ хөлс нь нэмэгдэж, “Реал Мадрид”-тай гэрээгээ сунгах нь тодорхой болов уу.

Одоо Хорватын шигшээ багийн хувьд урьдны заналт өрсөлдөгч, Францын шигшээ багийг буулган авч хөлбөмбөгийн дэлхийн аваргын цом “Алтан дагина”-ыг өөрсдийн болгохын тулд ёстой л гал дүрэлзтэл өрсөлдөх нь тодорхой юм.

Ийнхүү хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд гал гартал дүрэлзсээр болоод дуусч байгаа бол Монгол түмний их цэнгэл наадам хоёр дахь өдөртэйгөө золгож, Хүй мандлын дэнж дээр хурдан Соёолон, хурдан Дааганы уралдаанууд болоод дууслаа.

Хурдан Соёолонгийн түрүүнд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн Хонгол халзан Соёолон магнайдаа тоосгүй давхин ирж авлаа. Хонгол халзан Соёолонг найман настай П.Пүрэвбат хүү унаж хурдлуулсан байсан. Өнөөдрийн Соёолонгийн уралдаанд 281 хурдан Соёолон бүртгүүлсэн ч эцэстээ 197 Соёолон л уралдсан байна лээ.

Тэгвэр хурдан Дааганы уралдаанд 300 орчим даага бүртгүүлсэн ч эцэстээ 230 даага уралдсанаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат Монгол Улсын алдарт уяач Жадамбын Бат-Эрдэнийн хурдан Бор даага магнайдаа тоосгүй тасархай түрүүлэн ирж Хүй мандлын дэнж дээр цугларсан үзэгч олны уухайн дуугаар мялаалгасан юм.

Энэ жил Монгол түмний их цэнгэл баяр наадмыг үзэхээр ойролцоогоор 7000 орчим гадны жуулчин ирсэн тоо байна лээ. Өчигдөр Цэнгэлдэх хүрээлэнгийн гадуур явж байгаад Канад, Голланд, Тайваниас ирсэн жуулчидтай оюутан орчуулагчаар дамжуулан уулзахад тэдний зүгээс “Монгол наадам үнэхээр гайхамшигтай юмаа. Нээлт нь үнэхээр таалагдсан. Наадмын өмнө Өмнөговь, Тэрэлж, Хөвсгөл явж үзсэн. Монголын байгаль үнэхээр үзэсгэлэнтэй, Хөвсгөл далай нь маш тунгалаг сайхан юм билээ. Тэгээд дээр нь Монголчууд их сайхан тайван, дөлгөөхөн ард түмэн юм. Ер нь Монголын бүх л зүйл таалагдаж байна” гэцгээсэн нь их сайхан санагдсан. Одоо хамгийн гол нь халаасны хулгайч нарт л эд зүйлээ алдчихгүй бол энэ жилийн наадам үзэхээр ирсэн энэ олон жуулчин тун ч сэтгэл хангалуун буцах нь тодорхой. Энэ жилийн наадам ч бороо хур тэгширсэн, шороо тоосгүй тун ч сайхан болж байна даа.

Ингэж нар хур тэгширсэн долдугаар сарын 11-12-ны энэ сайхан хоёр өдөр дэлхийн бөмбөрцөг тэр аяараа хөлбөмбөг, Монгол наадмаар амьсгалж байна санж. Сайхан даа, сайхан...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.