Ш.Гүрбазар: Б.Цогнэмэх дүүгийнхээ зохиолыг уншихад сайхан л байна...

Twitter Print
2018 оны 07-р сар 11-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр баяр наадмын нээлтийн ажиллагааг сурвалжлахаар орсон сэтгүүлчдийн байрласан зогсоолын яг дээд талд нээлтийн ёслолын тоглолтын зохиолыг бичсэн сэтгүүлч, яруу найрагч Б.Цогнэмэх, тоглолтын найруулагч, төрийн шагналт Н.Наранбаатар болон тоглолтын зарим хэсгийн зохиолыг уншиж байсан Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Ш.Гурбазар болон Соёлын гавъяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Г.Чулуунбат гуай нар нэгэн талбай дээр байцгаасан юм. Удалгүй Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазар ах доош бууж ирсэн билээ. Тэр үед нь уулзаж энэхэн жаахан ярилцлагыг авсан юм.

-Та сая тоглолтын зохиолоос нэлээн хэсгийг уншчихаад бууж ирлээ. Та ч зохиолч, яруу найрагч хүн. Харин баяр наадмын нээлтийн тоглолтын зохиолыг уншихад ямар сэтгэгдэл төрөв дөө?

-Өнөөдрийн нээлтийн ёслолын тоглолтын зохиолыг “Тэнгэрийн хүү” гэдэг сайхан жүжгийн зохиол бичсэн Б.Цогнэмэх дүү маань бичсэн л дээ. Тэгээд найруулагч Н.Наранбаатар надад “Та зарим хэсгийг нь уншина шүү” гэсэн даалгавар өгсөн юм л даа. Тэгээд л Б.Цогнэмэх дүүгийнхээ зохиолыг уншлаа. Өө их сайхан дэлгэрэнгүй, олон зүйлийг хамарсан зохиол уншихаад л бууж ирж байгаа нь энэ. Чи сая асуулаа. Тийм ээ, би ч бас л бичгийн хүн, зохиолч хүн л дээ. Гэхдээ баяр наадмын нээлтийн ёслолын ийм томоохон зохиолыг хэдхэн хоногт бичнэ гэдэг бол бас л тийм ч амар, хялбар хоол биш шүү дээ. Би сая уншихдаа аль болох үзэгчид рүү хандсан, Монгол наадмыг магтан дуулсан шинжтэйгээр уншихыг чармайсан санаатай. Харин үзэгчдэд аль хэр хүрсэн, таалагдсан эсэхийг сайн хэлж мэдэхгүй л байна. Товчхондоо нэг иймэрхүү шив дээ.

-Нээлтийн ёслолын тоглолтын яг саяын хэсгийг уншиж байхад танд “Арай өөрөө уншчихдаг юм билүү. Энд нь ч нэг жаахан засвар оруулчихдаг юм билүү, аль эсвэл байгаагаар нь л явуулчихъя” гэсэн бодол төрж байв уу?

-Мэдээж уран бүтээлчийн мэдрэмж гэж нэг юм бий л дээ. Түүнээс гадна 39 дэх жилдээ сэтгүүлч хийж яваа, нас 60 нэлээн гарчихсан хүний хувьд улс орны амьдрал миний зүрх, тархин дотуур урсана шүү дээ. Түүнийг ил гаргаж ярьдаггүй болохоос, мөн миний хийж буй нийтлэл, нэвтрүүлэг таардаггүй болохоор тэр талаар дуугардаггүй. Ярьвал бүр сайн ярина. Одоогийн нөхцөл байдлыг хараад  улстөр төгс төгөлдөр явж байна гэж хэлж чадахгүй. Бодмоор юм их байна. Сайхан болгох нөхцөл байна. Үүнд аль нам нь хамаагүй, би жагсаал, цуглааныг яриагүй байна шүү дээ. Яг одоо бодох газар. Үүнээс цаашилбал, бишдэнэ л дээ.   Өнөөдөр юу үнэн байна вэ гэвэл энэ л үнэн. Харин өнөөдрийн нээлтийн ёслолын тоглолтын зохиолыг би биш Б.Цогнэмэх дүү маань бичсэн болохоор би түүний бичсэнийг л унших үүрэгтэй. Тэр ажлаа л хийлээ.

-Та чинь Дорноговь аймгийн хүн байх аа?

-Тэгэлгүй яахав. Намтар түүхээ жаахан ярьчихвал 1955 онд Дорноговь аймгийн Их хэт суманд төрсөн л дөө. Дараа нь 1977 онд УБИС төгссөн. 1970 оноос зохиол бүтээлээ эхэлсэн. 1993 онд "Сэрүүн зүүд", "Шөнийн сүүдэр" жүжгийн зохиолоороо МЗЭ -ийн шагнал, 2004 онд "Алтан өд" шагнал, 2005 онд Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртсэн дээ. 

-Тантай нэлээн удаан ярилцах гэсэн чинь тэндээс нэг хүн дуудаад байх юм. Та яарч байна уу?

-За даа ах нь ч ярих гэснээ бараг л ярьчихлаа шүү дээ. Тэгээд ч одоо үргэлжлүүлээд хийх ажил байгаа юм. Тэгээд л хамтрагч маань дуудаад байна даа. Ах нь ч явалгүй горьгүй болчихлоо. Ахыгаа барьж авч байцаасан дүүд ч баярлалаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.