“Оюу толгой”-д 14 мянга гаруй хүн ажилладаг нь үнэн...

Twitter Print
2018 оны 07-р сар 10-нд 14:41 цагт
Мэдээний зураг,

“Оюу толгой”-н бүтээн байгуулалтад ердөө л 2700 хүн ажиллаж байна гэж ОНМХ-ээр өнгөрсөн хавар баахан мэдээлэл цацсаныг санав. Оюу толгойн гэрээг муу гэрээ гээд, уг гэрээг байгуулсан дарга нарыг буруутгаж, бараг л тэднийг ертөнцөөс зайлуулах ухааны юм ярьж, нийгэмд буруу ойлголт түгээдэгтэй адил юм билээ. Бодит байдалд өнөөдөр Оюу толгойд үндсэн болон гэрээт ажилтан 14 мянга гаруй хүн ажиллаж, тэнд байрлаж, хооллож, цалин авч байна. Тэд өрх гэртээ үлэмж хэмжээний орлого олж, улсад татвар төлж байгаа нь үнэн байна. Оюу толгойд өдөр бүр ээлжийн ажилтан 7 мянган хүн хооллох юм.

2008 онд С.Баярын тэргүүлсэн Засгийн газар чухамдаа энэ төслийг хөдөлгөсөн нь тухайн үедээ ч одоо ч ихээхэн ач холбогдолтой. Хэрвээ тэгэхэд айж хургаж, арьсаа хамгаалж үлдсэн бол өнөөдөр ч хэрүүл уруултай байсан байхыг үгүйсгэхгүй. Манайхан аливаа үзэгдлийг баримт нотолгоогүй шүүмжлэх, хэт улстөржиж, нэг өнцгөөс харлуулахдаа “гойд илүү” байх нь хачирхалтай.

Оюу толгойн төсөл Монголчуудын амьдралд ихээхэн нэмэр болж байгааг статистикийн мэдээллээс үзэх хэрэгтэй. Оюутолгой Монголын эдийн засагт том хөдөлгөгч хүч болсныг харин хэн ч үгүйсгэж чадахгүй. Энийг хэн бий болгов. Монголын төр, засаг нь шийдвэрээ гаргасан. Дэлхийн хэмжээний том төсөл хөдөлсөн. Тэнд олон улсын туршлагатай менежментийн баг болон олон мянган хүн ажиллаж байна. Оюу толгойн уураг тархи инженерүүдийн оюуны их хүч, нийт ажилтнуудын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд ил уурхайн их ажил хэвийн явагдаж, таван жилийн дотор 4 сая тн зэсийн баяжмал экспортод гаргасан сайхан мэдээ байна. Мөн “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Гүний уурхайн 2 дугаар босоо амны нэвтрэлтийн ажил дуусч 1284 м, 5 дугаар босоо амны нэвтрэлтийн ажил мөн дуусч 1178 м гүндээ хүрсэн” гэж мэдэгдэв. Далд уурхайн ажил эхлэхэд тун ойртжээ.

Оюу толгой компанид ажиллаж байгаа монгол ажилтнууд нийт ажиллагсадын 90 гаруй хувьд хүрч, Өмнөговь аймгийн оршин суугчдаас ихэвчлэн ажилд авдаг байна. Тэд уурхайн хүнд ажлаас эхлээд техникч, жолооч, программист, сургалтын төвийн багш, оператор, тогооч, туслах ажилтан зэрэг олон мэргэжлийн ажил хийж байгаагийн дотор Ханбогд сумын 30 гаруй насны эмэгтэй 300 тонны даацтай том машин жолоодож явааг харахад үнэнхүү бахархалтай. Ийм сайхан жишээ олныг дурдаж болно. Оюу толгойд их бүтээн байгуулалтын ажил урагшилсаар, олон хүн урам зоригтой ажилласаар байна.

Монгол оронд минь гэрэл гийсэн гэгээн сайхан ажил үйлс дөрвөн зүг, найман зовхист цацарсаар байгаа нь юутай гайхамшигтай билээ. Сайхан наадаарай, миний ард түмэн минь!

Гончигийн Сумьяа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.