Энэ жилийн наадам ч Урлаг соёлоор амьсгална даа...

Twitter Print
2018 оны 07-р сар 10-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадам маргааш эхэлнэ. Энэ жилийн наадмыг жаахан хэл амтай болгож магадгүй ганц байгуллага байгаа нь Монголын Үндэсний бөхийн холбоо билээ. Тэдний зүгээс бөхчүүдийнхээ ёс зүй, допингийн асуудлыг нэг мөр цэгцлэж чадахгүй багагүй хэл ам таталсаар улсын их баяр  наадамтай учран золгоод байгаа. Ямар сайндаа л улсын баяр наадмыг Цэнгэлдэх хүрээлэнгээс орон даяар сурвалжлан дамжуулахаар бүгд л наадмын сурвалжлагын Мандатаа авсан сэтгүүлчдийг бөхчүүдийн асар болон бусад газрууд руу ойртуулахгүй, оруулахгүй байх жигтэйхэн шийдвэр гаргачихаад байгаа санаатай. Мөн түүнчлэн ноднингийн наадмын тавын даваанд цолны найраа хийж, мөнгө төгрөгний асуудалд холбогдсон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, 22-хон насандаа буюу 2015 оны улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цол авсан Энхтөгсийн Оюунболдын цолыг хурааж, энэ наадамд барилдуулахгүй гэсэн хэл амтай зарим талаараа холбоотой байж ч болзошгүй.

Уг нь Өмнөдэлгэр сумандаа 1993 оны гуравдугаар сарын 12-нд мэндэлсэн Э.Оюунболд арслангийн хувьд 22-хон насандаа улсын баяр наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн амжилт нь 1963 онд Жигжидийн Мөнхбат Дархан аваргын гаргасан цуутай амжилттай тэнцэх ихээхэн алдар хүнд байсан билээ. Гэтэл улсын арслан цолонд хүрснээсээ хойш хоёрхон жилийн дараа буюу ноднингийн наадмын тавын давааны өмнө нутгийнх нь Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн байгуулсан “Аварга” дээд сургуульд бөхийн эрдэм заалгасан улсын начин Бүдээбазарын Адъяахүүтэй цолны найраа, мөнгө төгрөгний асуудлыг нууж хаах зүйлгүй шулуухан ярилцан тохиролцож байгаа нь нэлээн хэдэн телевизийн дэлгэцээр шууд л нэвтрүүлэгдсэн нь түүнийг ийнхүү бөхийнх нь замналд томоохон сүүдэр дагуулаад байгаа юм.

Ямартай ч тэрээр улсын арслан цолоо хураалгаж, энэ наадамд барилдахгүй нь тодорхой болж байх шиг байна. Монголын Үндэсний бөхийн холбоо, бөхчүүдийн тухайд нэг иймэрхүү л таагүй уур амьсгалтайгаар улсын их баяр наадамтай учран золгоод байгаа.

Тэгвэл нийт Монголчууд болон дэлхийн олон улс орноос хүрэлцэн ирж Монгол наадмыг сэтгэлийн их баяр баясгалантай үзэж сонирхоцгоодог гадны жуулчдын хувьд энэ жилийн наадам бороо хур тэгширсэн, хамгийн гол нь урлаг соёлын цогц дэлгэр үзүүлбэрүүдтэй нэг ёсны хэний ч сэтгэлийг соронздон татаж, урам зоригийг нь хөгжөөх өргөн их цэнгэл баярын наадам болох нь тодорхой болж байна.

Энэ жилийн улсын их баяр наадмын нээлт хаалтын ёслолын ажиллагааны зохиолыг “Тэнгэрийн хүү”, “Ай Нанаа” жүжгээрээ олны талархал хүлээсэн зохиолч,сэтгүүлч, яруу найрагч Б.Цогнэмэх бичсэн бол найруулагчаар нь төрийн шагналт Н.Наранбаатар ажиллаж бэлэн болгоод байгаа дуулдсан.

Хамгийн гол нь маргааш бороо хур асгарчихгүй л бол наадмын нээлтийн ажиллагаа үзэж харах зүйл ихтэй, өнгө үзэмж төгөлдөр Монгол хувцасаараа өвч гангарсан жүжигжид, дуучид, бүжигчид гадна дотны үзэгчдийн сэтгэлийг сэргэн хөгжтөл урамтай сайхан тоглолт үзүүлэх нь тодорхой.

Өнөөдөр л гэхэд борооны усанд газрын өнгө хувирч, шороо тоос босохгүй байгаа энэ цаг үед Хүй долоон хутагт хурдан Хязаалан морьдын уралдаан эхэлж байна лээ. Мэдээж маргааш газрын өнгө дэлгэрсэн, шороо тоосгүй үед бусад насны хурдан морьдын уралдаан үзүүштэй сайхан болох нь тодорхой. Хамгийн гол нь маргааш Хүй долоон худагт Соёл урлагийн Их сургууль болон, Монголын Урлагийн зөвлөлөөс хамтран зохион байгуулах “Соёлын наадам” гадны жуулчид болон Монгол наадамчдын сонирхлыг багагүй татах нь ойлгомжтой  юм.

Уг нь жил бүр зохион байгуулдаг “Соёлын наадам”-ыг энэ жил улам өргөжүүлэн баяжуулсан талаар яригдаж байгаа. “Соёлын наадам” Хүй долоон худагийн “Монгол наадам” цогцолборт 11 дэх жилдээ долдугаар сарын 11.12-нд болох гэж байгааг дуулгахад таатай байна. Ер нь бол  соёлын өвийг музейд хадгалах бус, харин монголчууд өөрсдөө оролцон бүтээж, үүнийгээ хадгалан дэлгэрүүлж, өвлүүлэн түгээх учиртай билээ. Тэгээд ч Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ жилийн “Соёлын Наадам”-ыг Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран зохион байгуулж, “Рио Тинто” компани ивээн тэтгэж, “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ, ХААН Банк, Чингэлтэй дүүргийн ЗДТГ дэмжиж шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхээр хамтран ажиллаж байгаа юм билээ.
Товчхондоо наадамчин олон “Соёлын наадам”-ыг зорин очиж сонирхох олон шалтгаан байгаа гэсэн. Тухайлбал Өөрийн нэрээ монгол уран бичлэгээр бичүүлж авах боломжтой, Үндэсний хувцастайгаар зургаа татуулж болно, Нум сум яаж хийдгийг харж сонирхож болно, Дэмбээдэхийг харж, өөрөө ч дэмбээдэх боломжтой, Эрхий хурууныхаа эрчийг сорих боломжтой, Шагайн харвааны асарт бууж, мордож болно, Аргал түүж, сур элдэж, ноос савж үзэж боломжтой, Эсгийгээр хийсэн бүтээлээ найздаа бэлэглэх боломж олдоно, Кинонд гардаг шиг хөрөг зургаа зуруулж болно, Харааны урлаг гэж юж болохтой танилцана. Огт хөдөлгөөнгүй зурагнууд таны нүдийг хэрхэн хөдөлгөж, төөрөлдүүлж, будлиулах нь сонирхолтой байх болно, Цорын ганц гар урлалын бүтээгдэхүүнтэй болно, Ардын язгуур урлагийн “амьд” тоглолт таныг алсаас ч дуудна. “Морьтны гайхамшиг” үзүүлбэртэй, Айрагны баяр болно, Аварга монгол баримлын өртөөгөөр зочлоорой,
Шагайн морио уяж, сойж тоглож болно, Хүүхэд бүр зураач болно. Таны охин, хүү ч ялгаагүй, Зугаатай нүүр будалтын хэсэг хүүхдэд тань лав таалагдана, Хурган чих гэж ямар хөгжим болохыг үзэж мэдэрнэ, Монгол хүүхэлдэйтэй хамт зургаа татуулах боломж бий, Хөгжилтэй тоглоом тоглож, тэмцээнд оролцож авхаалж самбаагаа сорих боломжтой. Зөвхөн дээрх зүйлүүдийг үзэж сонирхоход л таны таалалд багагүй нийцэх нь тодорхой. Хамгийн гол нь Монгол урлагийн олон төрөл зүйл таны сэтгэлийг соронздон татах эь дамжиггүй.

 

За тэгээд Хүй долоон худагт “Соёлын наадам” үзэж сэтгэл сэргэсний дараа Д.Сүхбаатарын талбай дээр хүрэлцэн ирж урлагийн маш олон тоглолт үзэж боломжтой. Тухайлбал наадмын хоёр дахь өдөр буюу 12-ны оройн 21:00 цагаас Монгол Улсын Гавъяат жүжигчин, Чингисийн одонт Г.Ариунбаатар “Монгол сонгодог” тоглолтоо тоглох гэж байгаа нь энэ наадмын урлаг соёлын томоохон арга хэмжээний нэг болох нь тодорхой. М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуулаачдын ХХIV дүгээр уралдаан болон П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын мэргэжлийн дуулаачдын ХV дугаар уралдаанд түрүүлэн “Гран при” шагналыг нь эх орондоо авч ирж байсан Чингисийн одонт Г.Ариунбаатарын “Монгол сонгодог” тоглолтыг  Монгол наадмыг сонирхохоор хүрэлцэн ирсэн гадны жуулчид олноороо үзэж “Энэ Монголчууд чинь яасан сайхан хоолойтой, авъяастай ард түмэн бэ” хэмээн бишрэн догдлох нь ч гарцаагүй юм.

Түүнчлэн Д.Сүхбаатарын талбайд зассан урлагийн тайзанд манай хамтлаг дуучдын томоохон тоглолт болно. Ерөнхийдөө бороо хур түр завсарлаж, энэ тэрүүгээр чөлөөтэй зугаалах боломж олговол энэ жилийн наадам урлаг соёлын цогц арга хэмжээгээр дэлгэрсэн, өргөн дэлгэр, үзэж сонирхох зүйл ихтэй дэлгэр сайхан наадам болох нь тодорхой. Ингээд эрхэм олон наадамчид та бүхэн минь сэтгэл санаа өөдрөг сайхан, баяр хөөрөөр бялхан цэнгэж, түвшин сайхан наадацгаагаарай...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.