Наадмын билетны шаглаа хавтгайрах бололтой...

Twitter Print
2018 оны 07-р сар 09-нд 18:46 цагт
Мэдээний зураг,

Хоёрхон хоногийн дараа эхлэх Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болох нь тодорхой. Мэдээж гадны жуулчид ч олон мянгаараа хүрэлцэн ирж манай баяр наадмыг үзэх нь тодорхой. Жил жилийн наадмаар Цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн очиж үзэж сонирхохын тулд баяр наадмын билет худалдан авах гэж хэцүүхэн ажил ундардаг. Хуучин Соёлын төв өргөөний арын хаалган дээр наадмын билетны төлөө үзэж тардаг байсан бол одоо Дүнжингарав худалдааны төвд зарж борлуулан, бөөн очер дугаарлал үүсгэж байна. Мэдээж Дүнжингаравын эргэн тойронд наадмын билетны төлөө бөөн дугаарлал, очер үүсгэсэн хүмүүсийн дунд наадмын хоёр өдөр Цэнгэлдэх хүрээлэнгийн гадуур наадмын билет шаглахаар хорхойсж байгаа маш олон залуучууд байгаа нь тодорхой. Жилийн жилд л наадмын билет шаглаж, багагүй орлого олдог дээрх залуучууд энэ жил гадаад, дотоодын зочид болон ард иргэдэд Цэнгэлдэхийн билет шаглахаар өнөөөдөр Дүнжингарав худалдааны төвийн гадуур дүүрэн холхилдож, байн байн дахин дугаарлаж байгааг цагдаа нар мэдээлж байсан.

Ердөө л наадмын билет шагнал нь Монголчуудын олонхийн хийдэг гол ажил нь болцоржээ янз нь. Тэдний хувьд ялангуяа гадны жуулчдад билетээ шаглан зарахын тулд ийнхүү бүтэн өдрийн турш Дүнжингарав худалдааны төвийг сахиж, ээлжлэн дугаарлаж, тун ч идэвхтэй ажиллацгааж байгаа аж. Ямартай ч жил жилийн Цэнгэлдэхийн билетны шагчдыг эмхлэн журамлах хууль дүрэм хангалтгүй байгаатай холбогдон шагчид ийнхүү ээлжит жилийнхээ ажилд ханцуй шамлан орцгоосон байна. Намайг өдөр 14:00 цагийн үед тэнд очиход билетны шагчдын  дугаарлал ёстой л оволзож байсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн бололтой гурав дөрөвхөн цагдаа аргагүй л хүчин мөхөсдөж байгаа нь ч харагдсан. Тэдгээр олон билетэнд дугаарлагчдын дунд наадмаа үзэх гэсэн гэр бүлийн хүмүүс ч багагүй л харагдаж байсан.

Мөн түүнчлэн Монгол наадмыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн гадны жуулчид ч цөөн бишээр дугаарлаж, халуун наранд шарагдаж зогсоо нь үзэгдсэн. Ер нь ингэхэд Монгол наадмыг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирдэг гадны жуулчдад зориулан Цэнгэлдэхийн билетийг зохион байгуулалттай борлуулж болдоггүй л юм байх даа. Цэнгэлдэхийн билет сураглаж яваад бичиг баримт, мөнгө төгрөгөө хулгайд алддаг гадны жуулчид олон байдаг юм билээ. Энэ ажлыг удирдан зохион байгуулж, хэв журамтай болгохыг Нийслэлийн удирдлагуудын зүгээс сайтар зохион байгуулж яагаад чаддаггүй юм бол. Жилийн жилд наадмын нээлтийг үзэж чадалгүй Цэнгэлдэхийн гадуур халуун наранд шарагдан эргэлдэх гадаадын жуулчдыг хэрхэн хохиролгүй, сэтгэл тэнэгэр байлгаж болох бол.

Ямартай ч өнөөдөр Дүнжингаравыг тойрон холхолдох Цэнгэлдэхийн билетны шагчид болон эд зүйлээ хулгайд алдахаас сэрэмжлэн цүнх саваа байн байн шалгах гадны жуулчдыг хараад төрсөн сэтгэгдлээ илэрхийлэхэд нэг иймэрхүү. Тэгээд ч баяр наадмын билетны шагчдыг жилийн жилд давруулж байхгүйн тулд энэ асуудлыг олон талаас нь бодолцож, тодорхой зөв зохион байгуулалтад оруулах шаардлагатай бус уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.