Франц дэлхийн аварга болох уу, Англи болох болов уу...

Twitter Print
2018 оны 07-р сар 09-нд 17:37 цагт
Мэдээний зураг,

ОХУ-д болж байгаа ХХI дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрөвт Европ тивийн дөрвөн улс буюу Англи, Франц, Бельги, Хорватын шигшээ багууд тунаж үлдээд байгаа билээ. Маргааш буюу 10-нд энэ дөрвөн багийн анхны тулаан Франц, Бельгийн хооронд явагдах билээ. Харин 11-нд Англи, Хорватын шигшээ багуудаас хэн нь аваргын төлөө тэмцэлдэх вэ гэдгээ сорих болно. Энэ дөрвөн багаас 1966 оны дэлхийн аварга Англи, 1998 оны дэлхийн аварга Францын багуудад илүү их найдлага, боломж байгаа нь тодорхой юм. Харин Хорватын баг зөвхөн 1998 оны дэлхийн аваргаар гуравдугаар байранд орж байсан бол Бельгийн шигшээ зөвхөн 1986 онд Мексикт болсон дэлхийн аваргад дөрөвдүгээр байранд орж байсан түүхтэй.

Англи, Францын шигшээ багууд 1966, 1998 онуудад нутагтаа болсон дэлхийн аваргад түрүүлэн ард түмнээ баярлуулж байсан бол энэ удаа манай хойд хөршид болж байгаа тэмцээнд түрүүлэх бүрэн боломжтой гэдэг нь өмнөх тоглолтуудаас тодорхой харагдсан юм. Францын шигшээ баг хамгийн сүүлд 2006 онд ХБНГУ-д болсон дэлхийн аваргад аваргын төлөх тоглолтод Италитай 1:1-ээр тэнцсэн ч, ялагчыг тодруулах 11 метрийн цохилтод 5:3 гэсэн харьцаагаар ялагдан мөнгөн медаль хүртсэн байдаг. Тэгвэл 1966 оны дэлхийн аварга Английн баг 1990 онд Италид болсон дэлхийн аваргад хүрэл медалийн төлөөх тоглолтод Италийн багт 2:1-ээр хожигдон дөрөвдүгээр байранд орж байсан түүхтэй байдаг.

Ямартай ч маргааш болох Франц-Бельгийн шигшээ багуудын тоглолтод дэлхийн аварга Францын баг ялна хэмээн олонхи хөл бөмбөг сонирхогчид тааварлаж байгаа юм. Тэгвэл 11-нд болох Англи-Хорватын багийн тоглолт ч тун ширүүн өрсөлдөөнтэй явагдаж бараг л Английн ялалтаар өндөрлөх болов уу.

Ер нь энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх тоглолтуудыг харж байхад дэлхийн таван удаагийн аварга Бразиль, дөрвөн удаагийн аварга ХБНГУ, хоёр удаагийн аварга Урагвай, Аргентин, нэг удаагийн аварга Испани гээд том багуудад тун ч халгаатай явагдав.

Ингэхээр одоо зөвхөн Франц, Английн шигшээ багууд өрсөлдөгч Бельги, Хорватын багуудыг хожчихвол алтан медалийн төлөө хоорондоо тулж таарна. Харин маргааш Францын баг Бельгийн багт хожигдвол байдал шал өөрөөр эргэнэ. Түүнчлэн Английн шигшээ ч Хорватыг төдийлөн басч болохгүй билээ. Хэрвээ энэ хоёр аваргыг өрсөлдөгч багууд нь буулгаад авчихвал жинхэнэ сенсацитай байдал үүснэ. Хэрвээ Бельги, Хорватын шигшээ багуудын аль нэг нь дэлхийн аварга болчихвол дэлхийн хөлбөмбөгийн түүх цоо шинээр эргэж эхэлнэ гэсэн үг юм. Уржигдархан Бразилийн шигшээ баг нутагтаа очиход хөгжөөн дэмжигчид нь тун ууртай, ширүүн угтан авч автобус руу өндөг, улаан лооль элдэв хоолны үлдэгдэл шидлэж байдгаараа эсэргүүцсэн билээ. Хэдийгээр Франц, Английн багууд тун сайн өрсөлдөж байгаа ч аварга болж чадахгүй бол хөгжөөн дэмжигчид нь мөн л төдийлөн сэтгэл дүүрэн угтахгүй нь ойлгомжтой. Иймээс тэдний өмнө маш хариуцлагатай хоёр ч тоглолт хүлээж байнам...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.