Энэ жилийн наадамд Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэх үү...

Twitter Print
2018 оны 07-р сар 10-нд 19:53 цагт
Мэдээний зураг,

Увс аймгийн Давст сумын уугуул, Үндэсний бөхийн улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгсийн бэлтгэл хангалттай сайн байгааг бөхчүүд болон засуулууд дуу нэгтэй ярьцгааж эхэлжээ. Пүрэвийн Бүрэнтөгс нь 1988 оны дөрввдүгээр сарын 7-нд Увс аймгийн Давст суманд төрсөн бөгөөд энэ жил 30 нас зэрэгцэж байгаа, биеийн арал, хүч бяр сайтай арслан билээ. Увс аймгийн Давст сумаас анх 1981 онд Мядагийн Мөнгөн арслан цол хүртсэнээс хойш 21 жилийн дараа төрсөн арслан Пүрэвийн Бүрэнтөгс энэ жил 30 хүрч байгаа насандаа улсын их баяр наадмын барилдаанд түрүүлж тун болзошгүй байгааг Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөх болон отгон аварга Ч:Санжаадамба ч ярьж, хэлж ихэд итгэл найдлага тавьж байгаа гэнэ. Тэрээр 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, биеийн тамирын багш Бат-Очирын удирдлаган доор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн гэдэг. 2007 онд сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элсэн оржээ. Олимп дэвжээнд дөрвөн жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний бөхчүүдийн нэгэн болжээ.

Тэрээр 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч Аймгийн начин цол, 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол, 2012 онд Улсын наадамд 9 даван түрүүлж Улсын арслан цол тус тус хүртсэн билээ. Хамгийн сүүлд 2015 онд Улсын наадамд 8 даван үзүүрлэсэн байдаг.

П.Бүрэнтөгс одоогоос зургаан жилийн өмнө ард түмний их цэнгэл болсон төрийнхөө наадамд 9 даван түрүүлж, Үндсэний бөхийн ертөнцөд нэгэн сайхан арслан цолтон болсон түүхтэй. Тухайн жилийн наадмын түүхийг эргэн санавал   2012 оны долоодугаар сарын 11-ний өглөө П.Бүрэнтөгс хамгийн түрүүнд сумын заан Ц.Оргилсайханаар есөн давааныхаа салхийг хагалсан байдаг.
 

 
 

Ингээд хоёрын даваанд нэг галын анд, нутаг нэгтэй бөх болох Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Гантулгыг амлан авч, удаж төдөлгүй хаячихаад дэвээд явчихсан түүхтэй. Ер нь хоёрын даваа бол иртэй бяртай аймгийн цолтнууд хоорондоо таардаг наадмын хамгийн эгзэгтэй даваа гэдгийг Монголчууд андахгүй. Тиймээс ч энэ даваанаас эхлээд олон залуу хүчтэн торгон дэвжээг нулимстай үддэг билээ. Тухайн жилийн наадмаар л гэхэд Дундговийн А.Алтанхуяг, Сэлэнгийн Б.Дэлгэрсайхан гээд шижигнэсэн арслангууд хоёрын даваанд бүдэрсэн байдаг. Хүч, нас тэнцдэг энэ тулаанд аймгийн арслан О.Гантулгаар даваагаа ахиулсан аймгийн арслан П.Бүрэнтөгсийг гурвын даваанд бэлтгэл сургуулилтыг нь удирдаж, тухайн наадамд сойсон Ардын багш, Хөдөлмөрийн баатар О.Балжинням амлан авч, хойшдынх нь замыг зассан байдаг. 

П.Бүрэнтөгсийн анхны багш нарын нэг, түүнд Үндэсний бөхийн эрдэм ухаан заасан хүн нь УИХ-ын гишүүн, Дархан аварга Агваансамдангийн Сүхбат гэдэг. А.Сүхбат аваргын “Олимп” дэвжээнд харьяалагдан, Үндэсний болоод чөлөөт бөхийн бэлтгэл сургуулилтаа базааж байсан тэрбээр сүүлд нутгийн бөхчүүдээ даган “Увс нуур” дэвжээг сонгож, “Алдар” спорт хороог түшсэн түүхтэй.

Гурвын даваанд Ардын багш О.Балжиннямын итгэлийг дааж даваагаа ахиулсан П.Бүрэнтөгс хэсэгхэн хугацааны дараа тэрхүү наадмын анхаарлын төвд байсан, 2011 оны наадмын түрүү, залуу аварга С.Мөнхбаттай оноолтоор таарч, нутгийн аваргаа өвдөг шороодуулснаар наадамчдын анхаарлыг гойд татаж эхэлсэн билээ. Ингээд тавын даваанд П.Бүтэнтөгс Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан М.Өсөхбаяраар тав давж, начин цолны өндөр босгоор алхсан.

Хэдхэн цагийн дараа улсын наадамд түрүүлэх зураг төөрөгтэй байсан цэл залуу аймгийн арслан өмнөх даваанд улсын хүчит харцага Т.Өсөх-Ирээдүйгээр начин цолоо батлаад байсан Булган аймгийн Могод сумын харьяат, улсын начин Эрдэнэбилэгийн Энхбаттай зургаагийн даваанд тунасан байдаг. Хэн давсан нь харцага цолонд хүрэх байсан энэ хариуцлагатай барилдаанд П.Бүтэнтөгс хийгүй сайхан барилдаж, шинээр хүртсэн начин цолоо харцага руу урагшлуулсан билээ.

Улсын Заан цолонд хүрэх учиртай долоогийн даваанд сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаад байхгүй, нас залуу ч буурь суусан, арал чацтай, ер нь л өөрийнхөөрөө маш тайван барилдаж, аймгийн арслангаас шууд харцага болоод байсан П.Бүрэнтөгсийг улсын гарьд М.Баяржавхлан амласан байв. П.Бүрэнтөгс хашир гарьдыг сугадаж хөөгөөд ард нь гарч, хөнгөхөн давснаар Монгол Улсын Заан цолны босгоор алхсан нь томхон амжилт байв.

Наймын даваанд цолны эрэмбээр ам авахад, Х.Мөнхбаатар арслан улсын заан Д.Рагчааг амлаж, П.Бүрэнтөгс улсын арслан Г.Эрхэмбаяртай тунаж барилдсан.  2011 оны наадамд үзүүрлэсэн хүчит арслан Г.Эрхэмбаяртай П.Бүрэнтөгс наадамчдыг гайхширтал хурдан шаламгай барилдан, гарьд цолтон болж, улмаар үзүүр түрүүний барилдаанд олон жил заан цолондоо багтаж ядсан улсын заан Д.Рагчаагаар ес даван, улсын баяр наадамд анхлан түрүүлсэн түүхтэй:

Ийнхүү Улсын арслан Б.Ганбат, аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс гээд Увсын бөхчүүд сүүлийн гурван наадмын түрүүг дараалан хүртсэн нь яах аргагүй содон сонин түүхийг бүтээсэн юм. Аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс Ардын хувьсгалын 91 жилийн ойд түрүүлснээр Ардын хувьсгалын түүхэн он жилүүдэд улсын цолгүй бөх түрүүлсэн дөрөв дэх тохиолдлын эзэн болсон билээ. П.Бүрэнтөгсөөс өмнө нь Дархан аварга Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, С.Оргодол нар улсын цолгүйгээр наадмын түрүүгээр тодорч байжээ. Ингээд Увс аймгийн Давст сумын харъяат Пүрэвийн Бүрэнтөгс Ардын хувьсгалаас хойшхи 50 дахь арслан цолтон болон тодорсон билээ.

Ямартай ч энэ жил 30 насны босгоор алхсан, бяр хүч ихтэй, багтаж ядсан аралтай хүчит арслан Пүрэвийн Бүрэнтөгс энэ жилийн наадмаар отгон аварга Ч.Санжаадамба болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат улсын аварга С.Мөнхбат гээд олон хүчтэй өрсөлдөгч нартайгаа хэрхэн барилдаж, энэ жилийн наадамд аль хэр дээгүүр зогсохыг ердөө гуравхан хоногийн дараа харах л үлдэж байна.

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.70.34.89) 2018-07-10 12:56
      • 0
      • 0

      Муу санаагүй цайлган зантай зөв хүү санагддаг. Аль ч аймагт байгаа "Нутгийн зөвлөл" гэдэг муу нэртэй явцуу бодолтой хүмүүсээс бүрдсэн хэсэг бүлгийн далд санаа л Монголчуудыг ингэж хагаралдуулж байна даа. Нутагтаа бол юу ч хийдэггүй, сонгуулийн булхай луйвар хийдэг зөвлөл 21 аймаг тэдгээрийн сумаар дүүрэн байна даа.

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.29) 2018-07-09 16:24
      • 0
      • 1

      Жалгархаг үзэл эдийн шуналд дарлагдсан Баянмөнхийн шавь унаж сураагүй унавал уйлдаг, увс аймаг энэ улсын засаг захиргааны нэг л нэгж гэдгийг мэддэгүй улсын дотор улс юм шиг увайгүй зантай цөөхөн монгол түмнийг жалга довоор нь хуваасан хэрүүл дэгдээж буй энэ залуу мэтийн Баянмөнх, Сүхбат, Бат-эрдэнэ нарын дагуулууд түрүүлж түмний наадам битгий бузарлачихаасай билээ.

      Хариулах