Хоёр удаагийн дэлхийн аварга Уругвай дөрвөн одтойн учир

Twitter Print
2018 оны 07-р сар 07-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Уругвайн шигшээ дэлхийн аваргад хоёр түрүүлсэн ч өмсгөл дээр нь дөрвөн од байдаг нь аль 94 жилийн өмнөөс улбаатай. 1924 онд FIFA анх Хөлбөмбөгийн Олимпийн Тэмцээнийг зохион явуулахыг зөвшөөрсөн нь одоогийн хөлбөмбөгийн ДАШТ-ий үүсэл, эхлэл болсон юм. 

1923 онд Монтевидеод болсон зургаа дахь Copa America тэмцээнд Уругвай түрүүлчихээд байлаа. Тэр үеийн Уругвайн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Атилио Нарансио "Та нар Копа Америкад түрүүлбэл Парист болох Хөлбөмбөгийн Олимпт оролцуулна" хэмээн амласан байв. Уругвайчууд гурван өрсөлдөгчөө (Paraguay, 2-0; Brasil, 2-1, Argentina, 2-0) буулгаж аваад түрүүлсэн тул 1924 оны дөрөвдүгээр сарын 6-нд хөлөг онгоцоор Испанийн Виго хотод буужээ.

Хөлбөмбөгийн олимпт бэлдэхийн тулд Испанид Реал Мадрид, Атлетик Билбао, Атлетико Мадрид, Реал Сосьедад багтай тоглож бүгдийг нь ганган, довтолгоотой тоглолтоор хожсон юм. Улмаар Парист очоод Югославыг 7-0, АНУ-ыг 3-0, Голландыг 2-1, Швейцарийг 3-0.ээр арчиж түрүүлэн тэнгэрийн цэнхэр өмсгөлөө анхныхаа одоор чимжээ.

Дөрвөн жилийн дараа, 1928 онд Хөлбөмбөгийн олимп Амстердамд болоход Голландыг 2-1, Германыг 4-1, Италийг 3-2,Аргентиныг нэмэлт цагт 2-1.ээр хожиж хоёр дахь удаагаа аварга боллоо. Уругвай ийнхүү дэлхийн үнэмлэхүй аварга болсон юм. Дараа нь ФИФА энэ тэмцээнийг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэмээн нэрлэж зохион байгуулахад Уругвай 1930, 1950 онд түрүүлсэн билээ.

Хөлбөмбөгийн Олимп нь ФИФА-гийн зөвшөөрөлтэйгээр, ФИФА-гийг дүрмээр зохион байгуулагдсан тул Уругвайн дөрвөн одыг хүлээн зөвшөөрсөн ажээ.

К.Ням

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.