Цэнгэлийн манлай...

Twitter Print
2018 оны 07-р сар 04-нд 11:47 цагт
Мэдээний зураг,

Өвгөдийн ёс, өнө эртний заншлыг минь үүрч ирсэн бөхчүүд... Бөхийн өргөө гэдэг бөөрөнхий байшиндаа ч учир нь биш байж болох. Нэгэн цагт хайрлан шүтэж явсан аварга арслангуудаа элдвээр хэлж, эрээнээр будсан их шуурганы дараа өөрийн эрхгүй л ингэж бодогдоод байх юм. Хөвгүүн үр төрвөл бөх болно гэж бэлгэшээдэг ард түмэнсэн.

Хэдхэн хоногийн дараа төрийнхөө есөн цагаан тугийг тойрон, улсын наадмын дэвжээнээ дэвэн ханарах бөхчүүдээ огшин харж, омогшин сууна. Тэр үед саяхан л хараан зүхэж, хадран харлуулж байснаа мартан тэнгэр тултал уухайлна. Харин нөгөө шийдэгддэгүй асуудал 20 жилийн өмнөхтэйгээ адил шилэн хүзүүн дээр мордоостой үлдэнэ. Үндэсний бөх спорт уу, наадам цэнгэлийн нэг хэлбэр үү гэсэн асуулт өнөө ч хариултгүй хэвээр. Бөх болох хүсэл, бөх удмын яс, цусаа даган сайхан залуус маань үндэсний бөхийн гэр бүлд үүргэвчээ үүрэн алхан орсоор...

Харин тэднийг юу хүлээдэг вэ? Найраа, тохиролцоо... Наадамд хэд давахад нь амаа олохгүй магтдаг атлаа хотын захын цайны газар хямдхан хуушуур идээд сууж байвал "Ядарч явна билээ, зайлуул" гэж ядаргаатай гоочлох монгол сэтгэлгээ... Улс, аймаг, сумын наадамд үзүүр түрүүнд үлдэж, үзэн тунасны бай шагнал болох унаа тэрэг, орон байрыг нь илүү үзээстэй, элдвээр гоочлоостой... Амьдрах гэж, гэр бүлээ авч явах гэж юм юм руу орно. Лиценз, уул уурхай, газар... Тэр тоолонд нь үзэн ядна.

Өнөө хэд маань Өвөрмонголд очиж өндөр бай шагналтай барилдаанд түрүүлээд ирсэн ч алтнаас болж ард түмнээсээ урвалаа гэж муулна, муухай харна. Бөх гэдэг чинь ямар урдаа тахил тавиулчихаад ууж идэх шаардлагагүй шавар бурхан юм уу? Уучлаарай, бөх ч гэсэн хүн шүү дээ. Амьдармаар байна. Амьдрахын тулд аль байдаг арга бүхнийг бусадтай адил хэрэглэмээр байна.

Барилдах хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байгаа залууст сүмо бөхийнхтэй адил хатуу дэг журам, хангалттай цалин, өсөн дэвжих ирээдүй, өөрийгөө харуулах боломж хэрэгтэй байна... Олныг хуйлруулан шуугиулж, бай шагналаа бардам аваад ёслоод гарах нөхцөл, шалтгаан... Улирал, сар бүрийн том бооцоотой барилдаан хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл үндэсний бөхөд үсрэнгүй өөрчлөлт хэрэгтэй. Шинэ бодлого, шинэ менежмэнт хэрэгтэй. Э

нэ бүхнийг албан ёсоор бий болгож, бодлогын том өөрчлөлт авчрах удирдагч үгүйлэгдэж байна. Хэрэв тийм байж чадвал аварга арслан, начин заанууд маань барилдана, зөвхөн барилдана...тэд барилдахыг л хүсч байгаа, барилдахын төлөө л төрсөн... Юун тэр Бөхийн өргөөний бөөрөнхий байшин... Атгасан цустай чулуу, адын сэтгэл, зэвүүн зөрчил, зөрүү харсан тэмцэл... Үндэсний бөхөө аваръя гэвэл төрийн зүгээс бодлогын өөрчлөлт хийхэд нь цулбуурдан зангидаж, цугтаа ташуур өгөх учиртай. Нэг л үнэн бий. Ийм хэмжээний менежмэнтийг бөх хүн биш, улстөрч ч бас биш, сайн удирдагч, бизнесийн ухаантай хэн нэгэн л хийж чадна. Монгол бөхчүүд ч гэсэн сүмогийнхонтой адил тэргүүн дээгүүр, тэнхлүүн бардам, улс дамнасан алдар цуутай, урагшлан хөгжих ахин дэвших түлхүүртэй баймаар байна! Би ингэж л бодов.

Цэнгэлийн манлай гэж... Бахархаж, хайрлаж, хүндэлж чаддаг атлаа бандааштай бурхан шиг л биенээс нь хөлс авч, бэлчээрийг нь зааж новширдог ард түмэн... Тэд чинь эрийн сайн эр, эр бор харцага... Өнөөдрийг хүртэл улсын цолтой байгаагийнхаа төлөө туулсан зовлон, үүрсэн бэрхшээл, нурсан сэтгэл, боссон зориг, гаргасан золиос, ганзагалсан итгэлийг нь бид ямар ойлгох биш дээ!

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.