ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Сөүлийн чиглэлд ганцхан компани нислэг хийнэ гээд хаачихсан хуулийг хүчингүй болгохоор хөөцөлдөж байна

Twitter Print
2018 оны 06-р сар 29-нд 19:29 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ашиглалтыг сайжруулахын тулд агаарын харилцааг либералчлах шаардлага зүй ёсоор тулгарч буй юм. Тиймээс Засгийн газраас либералчлалын бодлогыг хэрэгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг тэлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн үнийг бууруулах зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ. Хэлэлцүүлэгиийн үеэр гишүүд асуулт асууж, хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Манай ард түмэн амьдралын шаардлагаар БНСУ руу байнга зорчих болдог. Гэтэл нислэгийн үнэ бараг 3 сая болчихоод байна. Аялал жуулчлалын үе болчихлоо. Тогтоолын хавсралтад өөрчлөлт орсноор зардлаа бууруулахад нөлөөлөх үү. Ер нь МИАТ компани зардлаа бууруулах чиглэлээр ямар ажил төлөвлөж байна вэ?

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр: Солонгосын асуудлаар бол зуны улиралд ачаалал нэмэгддэг. МИАТ Сөүл, Бусаны чиглэлд нисч байгаа. Бусаны нислэг нь арай хямд бөгөөд манайх алдагдалтай нислэг хийдэг.

Өнөөдрийн байдлаар манайх зургаан онгоцтой байна. Ажилтны тоотой харьцуулбал нэг онгоцонд 150 ажилтан ногдож байгаа. Бусад компанитай харьцуулахад энэ тоо арай өндөр. Гэхдээ бид газрын үйлчилгээ, менежмент гэх мэт ажлуудыг өөрсдөө хийдэг. Тогтоолд өөрчлөлт орохоор бидний хувьд хүндрэл гарна. Нислэгийн тоо нэмэгдэх учраас ирэх жилээс Чехэд нойтон түрээсээр явуулж байгаа онгоцоо авчрах болно. Манайх төрийн өмчит компани Засгийн газрынхаа шийдвэрийг биелүүлнэ. Энэ зуны бүх төлөвлөгөө гарчихсан. Тогтоол батлагдлаа гэхэд бид хамгийн хурдан ажиллабал наймдугаар сараас тогтоолыг хэрэгжүүлэх боломжтой.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Манайх чинь тусгаар улс тийм байж яагаад төр өөрөө өмчтэй байж болохгүй юм бэ, Монголын иргэний агаарын тээврийн асуудалд богино хугацаанд ердийн өмч шиг хандмааргүй байна. Улс орны нисэх онгоц, хэвлэл, төрийн ордон гурвыг эзэлбэл тухайн орныг эзлэн авлаа гэх олон улсын ойлголт бий. Яагаад жил болгон МИАТ-ийг хувьчлах гэж дайрч байдаг юм бэ?

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: МИАТ-ийг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилна. Засгийн газраас оруулж ирсэн төлөвлөгөөнд ямар нэгэн компани, хөрөнгө оруулагчид өгөх асуудал оруулж ирээгүй. Хамгийн их урсгалтай Сөүлийн чиглэлд ганцхан компани нислэг хийнэ гээд хаачихсан байгаа. Тиймээс энэ хуулийг хүчингүй болгохоор нэгдүгээр сараас хойш хөөцөлдөж байна. Ард иргэдэд олдохгүй байгаа тасалбарыг бий болгоё. Долоо хоногтоо 6 биш 20-22 нислэг хийе л гэж байгаа. Энэ нь Сөүл, Бээжингийн чиглэлийн нислэгт л хамаарна. Би МИАТ-д дургүйдээ хувьчлах гээгүй. Хувьчлалын асуудал олон жил яригдаж байгаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: МИАТ-ийн дотоод үйл ажиллагаатай холбоотой зардлуудыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ. Нислэгийн аюулгүй ажиллагааны асуудал ямар түвшинд байгааг ИНЕГ-аас асуумаар байна.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр: МИАТ компани улирлаас хамааралтай 6-8 чиглэлд нислэг үйлдэж, мөн газрын үйлчилгээ, түрээсээс орлого олдог. Үндсэндээ 2-3 нислэгээс орлого олдог. Үлдсэн нислэгүүд арай ядан зардлаа нөхдөг болон алдагдалтай нисдэг. Алдагдалтай нислэгүүдээ багасгах зорилгоор гадаадад хандсан зар сурталчилгаанд анхаарч зорчигчийн урсгалаа нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна.

Миний хувьд гадаад төлөөлөгчийн газар байх шаардлагагүй, зөвхөн инженер техникийн ажилтан онгоцоо хүлээж аваад явахад болно гэж үзэж байгаа.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: Аюулгүй байдал дээр тавьсан олон улсын аудитын шалгалтаар бид Азидаа 5-д, дэлхийд 13-т дүгнэгдсэн.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Энэ өөрчлөлт орсноор Солонгосоос ирэх иргэдийн бухимдал арилж чадах уу. Бас нислэг цагаасаа их хоцордог юм байна лээ. Нислэгийн тоо нэмэгдэхээр энэ асуудал бүр хүндэрч даамжрах юм биш биз?

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Бодлогын баримт бичигт өөрчлөлт орвол бид маш яаралтай Солонгосын талтай агаарын тээврийн хэлэлцээрт сууна. Хэлэлцээр хурдан явбал энэ зундаа ажлаа багасгахаар төлөвлөж байгаа.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: Өмнөд Солонгосоос Улаанбаатар чиглэлд хийж байгаа нислэгүүд 20-60 минутын сааталттай байдаг. Энэ нь Хятадын дотоод нислэгтэй холбоотой. Энэ асуудлыг шийдэхээр манайх Хятад, Солонгосын иргэний нисэхийн газруудтай ярилцаад зэрэгцээ нислэгийн замууд нээхээр тохиролцоонд хүрсэн гэсэн юм.

Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа УИХ-ын гишүүн Л.Болд хэлэлцүүлгээ зогсоогоод санал хураалтыг хойшлуулах горимын санал гаргалаа. Тэрбээр "Долоо хэмжиж нэг огтлох ёстой агаарын тээврийн чухал асуудлыг яаралтай шийдвэрлэж болохгүй" гэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.