Доромжлуулах хэцүү юу?

Twitter Print
2019 оны 04-р сар 18-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

...Хүмүүс бидний хэрүүл маргаан зөрчилдөөний өрнөл, төгсгөл нь доромжлол байх юм даа. Өөрийнхөө зөв гэдгийг нотлохоос илүүтэй, өөрийгөө түүнээс илүү гэдгээ нотлох гэсэн мунхаглал нь доромжлол болон хувирдаг. За тэгээд доромжлохын тулд юу эсийг хэлэх билээ. Өөрийнхөө хагас дутуу мэддэг, өрөөлийн амнаас хальт мөлт сонсож байсан бүхнээ хамаж шимэн тургилах түүний сэтгэл хар хороор буцалж байдаг. "Чи муу... " гэж эхэлсэн үгс нь "...байсан биз дээ?" хэмээх төгсгөлтэй. Тэр үгс дотор нь авах ч юм бий, хаях ч юм бий, бас огт төсөөлөөгүй гүтгэлэг, санаанд оромгүй хачир их ч бий. Нэгэн цагт сайн найздаа итгэж ярьсан зүйл нь эргээд өөрт нь хороор ирлэгдсэн үгэн сум болж ёолуулан өвтгөж зүрхэнд тусах нь бий. Бидний эргэн тойронд байгаа найзууд болоод танил хүмүүс миний болоод түүний тал болж хоорондоо маргалдан даарин дээр давс нэмнэ. Тэдний өгдөөсөн гал улам улмаар дүрэлзэж, хэн хэнийх нь давуу хийгээд сул талуудыг бусдын өмнө дэлгэнэ. Харамсалтай ч юм шиг, гунигтай ч юм шиг, бидний муухай араншин. 

Хэдийгээр бид соёлтой, аятайхан байх гэж хичээх авч хэтэрхий бүдүүлэг, түрэмгий араншингийн өмнө яаж ч чадахгүй барьц алдах үе зөндөө. Зүгээр л бусдад сонсогдохоор чанга чанга хашгичин ташаа тулан ханхалзаж, яахаас ч буцахгүй мэт түрэмгий араншингийн хариуд хэлэх үг нь толгойд эргэлдсэн ч сандарч тэвдсэн зүрх чинь түүнийг халхлан гацаах тохиолдол бишгүй. Дуугүй өнгөрсөн нь ялагдал бас доромжлол мэт санагдах олон нийтийн сөрөг хандлагын улмаас, гомдсондоо нулимс мэлтэлзүүлэн тэвдсэндээ чичирсэн хоолойгоор түгдчиж ядан ээрч мууран гацах үгс тань таныг бусдын өмнө улам ч арчаагүй байдалд оруулдаг.

Интернет сүлжээ түгээмэл хөгжсөн өнөө цагт ийм хэрүүл маргаан, түүнээс үүдэлтэй доромжлол энэ орон зайд ихэд дэлгэрч байнаа. Мөнөөх сэтгэгдэлчид ийм үйлдлийг өгдөөн дэмжигчид. Хэн хэнийх нь талаар тийм ч сайн мэдэхгүй атлаа, хэрүүл маргаан юунаас үүдэлтэйг эс ойлгох атлаа, тэднийг эвлэрүүлэхийн оронд аль нэг талд нь орж байдлыг улам дэвэргэн, бусдад түгээн бах таваа хангагсад цөөхөн биш. Заримдаа ийм байдлын улмаас хоёр хүн хоёулаа л бусдын өмнө үнэ цэнээ алдах тохиолдол цөөн биш. 

Ийм нэгэн маргааны дараа миний танил надад зовлонгоо хүүрнэсэн юм. "Чи зүгээр л түүнийг огт тоохгүй орхичихооч" гэсэн ятгалгын хариуд тэрээр "Тэгвэл би түүнд ялагдаж, бусдын өмнө буруутан болж харагдана шүү дээ" гэж учирлав. "Чи өөрийгөө түүнээс илүү гэж бодож байна уу?" гэсэн асуултын хариуд "Тийм ээ, би өөрийгөө илүү гэж бодож байна" гэлээ. "Хэрвээ чи өөрийгөө түүнээс илүү гэж үнэлж байгаа юм бол заавал түүнтэй маргалдан хариугаа авах гэж түүний хэмжээнд очиж үнэ цэнээ бууруулах хэрэг байгаа юм уу? Хэнийх нь зөв бурууг яг одоо хэн ч шүүж нотолж чадахгүй дээ, харин хожмын цаг хугацаа л шүүнэ" гэж л зөвлөсөн.

Доромжлол гүтгэлэг гэдэг хүний сэтгэлд хүндээр тусдаг, тэр хэрээрээ сэтгэл санааг нь хиртүүлдэг. Хичнээн амаргүй байлаа ч хэрүүл маргааныг даамжруулалгүйгээр, доромжлолыг тэсч гарна гэдэг өнөөдөр "ялагдаж" байгаа мэт бусдад санагдавч маргаашийн "ялалт"-ын эхлэл нь болно. Хэрэв түүнээс өөрийгөө илүү гэж тооцон, өөрийн үнэ хүндээ хадгалж үлдэхийг хүсч байгаа бол ямар ч хэцүү доромжлолыг тэсч гарсан нь дээр байдаг юм. Чи илүү үнэ цэнэтэй л юм бол өнөөдөр бус маргааш тэр чинь бусдын өмнө нотолгоо болдог юм даа.

"ЖИНГИЙН ЦУВАА ЯВЖ БАЙДАГ, ЖИНГЭРИЙН НОХОД ХУЦАЛДАЖ Л БАЙДАГ" гэж сайхан үг бий дээ.

Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.