Ардчилсан хувьсгалын партизанууд хөөрхий...

Twitter Print
2018 оны 06-р сар 27-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр өдөр тийшээ “Ардчилал” сонин байрлаж байсан, хуучин Соёлын яамны байр, 1990 оны Ардчилсан хувьсгалын орд өргөө байсан Ардчиллын ордноор орвол 1990 оны Ардчилсан хувьсгалын гурав дөрвөн партизан ордны гадаах сүүдрэвчинд 1990 оны ардчилсан хувьсгалын партизанууд болон тэрхүү хувьсгалд гар бие оролцон, Монгол орондоо ардчилал, хүний эрхийг бүрэлдүүлэн тогтоосон дайчин нөхдийнхөө тухай дурсгалтай түүхийг ярилцаад зогсоцгоож байсан юм.

Ардчилсан хувьсгалын партизанууд

Өглөө намайг сэрээсэн

Өнгөлөг хонхны дуу

Өртөөлөнхөн цуурайтсаар

Өргөн талыг туулаарай хэмээн Ардчилсан хувьсгалын дууч С.Цогтсайхан агсны “Хонх”-ны дууг дуулсан нь түүхийн нэгээхэн шаргал хуудас болж, тэрхүү хувьсгалын партизануудыг эргэн дурсуулсан юм. Тэрхүү улирч одсон он цагийг дурсаж, 1990 оны хувьсгалд гар бие оролцсон эрхмүүдийг санан дурсахад алсуур юм бүхэн хувирч одсон байх юм. Мэдээж бидний амьдрал ч нэгэн цагт л хулжирч одно. Ёстой л “Амьдын зол, үхсэний хохь болдог” хорвоод алгуурхан ч гэсэн амьдрал өөрөө биднийг эмтэлж, хүмүүний хорвоо хувирч, өөрчлөгдсөөр л яваа. Өнөөдөр инээгээд уулзаж, өнгөрсөн түүхийг сөхөн хуучилж зогссон нэгэн гэхэд л маргааш буцаж ирдэггүй аяндаа мордсон байдаг. Өчигдөр зэмлээд үлдэж байсан эрхэм хүмүүс өнөөдөр харвасан сум шиг л холын од руу нисчихсэн байдаг. Товчхондоо бид ийм л амьдралыг туулж яваа. Монгол оронд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн, зорилготой, зоригтой эрчүүд, ардчилсан хувьсгалын партизанууд “Бид хийдгээ хийсэн” гэх шиг л хойно хойноосоо цувран одоцгоосоор гарын 10 хуруунд багтах тоотой үлджээ.

Тэд залуу сайхан эрчүүд, ардчилсан хувьсгалын анхны партизанууд байсан билээ.

Тэдэнд алдах юм, айж эмээх зүйл байгаагүй. Тэд дэндүү омголон байснаараа хахир өвлийн хүйтэнд туг, лоозон барин жагсаж, хоёр гар нь мэдээгүй болтлоо хөлдөж байхад Ц.Элбэгдоржийн яриаг таслуулахгүй хэмээн чанга яригчтай холбогдсон утасны холбоосыг чангалан зогсоцгоосон гэдэг. Коммунизмын саарал манан дунд 70 жил унтсан Монголчуудыг чухамхүү Цагаан морин жилд дуудан сэрээсэн Ардчилсан хувьсгалын “Дууч шувуухай нь” “Хонх”-ын С.Цогтсайхан агсан байсан билээ. Тэр дэндүү их гавъяа байгуулсан шигээ дэндүү хэнэггүй, дэндүү хайнга амьдраад дууссан. Түүнээс өөр “Идэвхи санаачлагатай нэгэн байсан бол” “Улсын баатар” цолыг төвөггүйхэн энгэртээ зүүх байсан даа. Гэтэл “Хонх”-ны дуугаар хожиж, эрх мэдлээс атгалцсан олон цагаан захтан өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүн гэгдэн малилзаад л явцгааж байгаа.

1990 оны эхээр хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн ”Волга-24” машин унасан нөхдүүд хамгийн баянд тооцогдддог байсан бэлээхэн жишээ бий. Зүрх сэтгэлийнхээ дуудлагаар Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн очиж, “Амьдарч байгаа нийгэм маань нэг л болохгүй байна, өөрчлөн шинэчлэх ёстой” хэмээн амь насаа ч хайрлахгүй тэмцсэн жинхэнэ эр зоригтнуудын хүчээр Монгол оронд ардчилал ялж, ард түмэн бид ч арай ч өөр нийгэмд амьдарч эхэлсэн билээ. Тэдэнд халуун амь, чин зоригоос өөр алдах зүйл байсангүй. Тиймдээ ч тэд ухарч няцсангүй, хуурч хуйвалдсангүй. Тэдэнд өөрсдийнх нь аминаас илүүтэй Монгол орны маргааш, хөгжил дэвшил хэрэгтэй байжээ. Тэд албан тушаал горилж, төрөлх зангаа хувиргасангүй. Тэд анх хэн байсан тэр л хэвээрээ хорвоог туулаад дуусцгааж байна. Харин тэд хэний ч өмнө нүүр бардам байх мөнхийн гавъяагаа нэгэнт байгуулцгаажээ.

1990 оны эхээр “Волга-24” хэмээх ЗХУ-д үйлдвэрлэсэн машиныг шохоорхон авч байсан хүн өнөөдөр дэлхийд брэнд болсон авто машины цуглуулгатай болсон байна. Ардчилсан хувьсгал буцалж байхад Германд зугаа цэнгэл хөөцөлдөж явсан нөхөр Германы канцлерийг барьж авч үнсээд дараагийнхаа сонгуулийн пиарыг хийж л явсан билээ. Харин энэ бүх сайн цагийн эхлэлийг тавилцсан эр зоригийн эздийн маань ихэнх нь өнөөдөр байхгүй ээ. Хорин жилийн өмнө Улаанбаатар хот ийм ч байсангүй. Монголчууд бидний амьдрал ч ийм байгаагүй. “Өнгөрснөө мартсан хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэж нэг үг бий. Хорин найман жил өнгөрөхөд Монголчуудын амьдрал ийнхүү өөчлөгдлөө.

Амь нас, залуу сайхан насаараа дэнчин тавин тэмцсэн Ардчилсан хувьсгалын партизанууд минь та нар өөрсдөө энэ сайн сайхан бүхнээс хүртэж чадацгаав уу.

Ихэнх нь л чадсангүй дээ. Тэдэнд хүн чанар, эр зориг, Монголынхоо төлөө бүхнээс илүү цохилох зүрх нь л байцгаасан. Харин хал үзэж, зовлонг сөрсөн эр ганц зүрх цохилж байсныг хаана хаанаа анзаарсангүй, анзаарсан ч хүн ёсоор хүндлэн асарч чадсангүй. Тэд шинэ Монгол Улсыг байгуулахад гүйцэтгэсэн агуу их үүрэг, зориг, сэтгэл шигээ ертөнцөөс буцахдаа ч жинхэнэ эрчүүд шиг ямар ч чимээгүйхэн буцацгааж байна. 100 мянган хүн оролцсон сүрт их жагсаалыг зохион байгуулалцчихаад шөнийн гурван цагт Баянхошуу руу дуу аялаад алхаж явсан эр хүн өнөөдөр алга. Чанга яригчдыг байрлуулах, зөөж авч явах, жагсагчдын тэргүүн эгнээнд уриалан дуудах гээд хамгийн хүнд хүчрийг нугалж явсан Ардчилсан хувьсгалын партизануудаас өнөөдөр жийп унаж, хауст тансагласан хүн алга. Хорин найман жил өнгөрсөн ч түүхийн хуудас шарлах болоогүй байна, хэн нь хэн байсныг гэнрчлэх хүмүүс захаас аваад байж л байна.

1990 оны Ардчилсан хувьсгал С.Цогтсайхан, Н.Ангараг, Г.Самбараазана, П.Ганзориг, Б.Галсандорж, С.Пүрэвжал нар шиг жинхэнэ эрчүүдтэй байсан тулдаа ялалтанд хүрсэн билээ. Тэд хувийн амьдрал, ар гэрийн аз жаргалаа Монгол орны өнөөдрийн хөгжил дэвшлээр сольсон юм. Тэд жинхэнэ эрчүүл байсан шигээ уудаг, иддэг байсаан. Болж бүтэхгүй бүхний төлөө, Монгол хүн эх орондоо хүн шиг амьдарч чадахгүй байгаа гунигийг мартах гэсэндээ уудаг л байсан болов уу. Дэндүү зоригтой байсан шигээ дэндүү цагаахан эрчүүл байжээ. Бусдын зовлонг хараад дэргэдүүр нь алхаад гарч чаддаггүй дэндүү уяхан эрчүүл байлаа тэд. Тэдэнд амьдрал дэндүү их хүн чанар, дандүү цагаахан сэтгэл хайрласан шигээ дэндүү богинохон нас, дэндүү даруухан алдар нэр хайрлажээ. Түнэр харанхуйг нэгэн амьдралаараа гэрэлтүүлээд дуусах “Данко” байжээ, та нар минь.

Өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүн гээд сууж байгаа ”нялхас” бараа сураггүй байхад амьдралаараа дэнчин тавьсан зоригтнууд та нар минь хэний ч шахалт шаардлагагүй сэтгэл зүрхнийхээ дуудлагаар гудамжинд гарч, тэмцсэнийг чинь Монголын түүх, ард түмэн чинь мартахгүй.

Саяхан л МоАХ-ны анхдагчдын нэгэн “Тэнгэр” хэмээх Цолмон хорвоогийн мөнх бусыг үзүүлж байсан. Үүсгэн байгуулалцсан Ардчилсан нийгмийнхээ үр шимээр БНХАУ руу гаргасан хаягдал төмрөөсөө олсон орлого болох 70 мянган ам долларынхаа 20 мянгыг нь МоАХ-нд хандивлаж, үлдсэн мөнгөөрөө авсан гурван машинаа “Ардчилсан хувьсгалын төлөө өргөж байна” хэмээн банкыг нь дүүртэл бензин хийгээд МоАХ-ын хашаанд авч ирээд тавьж байсан Ардчилсан хувьсгалын анхны партизаны нэгэн амьдралаас буцсан. Одоо тэр мөнхийн амгалангаа олсон. Зүтгэж тэмцэж байгуулсан Ардчилсан нийгмээ тэр харсан. Зах зухаас нь амталсан. Харин дуусан амьдарч чадсангүй.

Ардчилсан хувьсгал албан ёсоор ганц баатартай. Харин хөшигний ард үлдэж өнөөдөр бидний эндэлж яваа гэгээн жаргалын өрхний оосорыг татчихаад өөрсдөө хойно нь сууж үлдсэн Ардчилсан хувьсгалын жинхэнэ баатруудаа тайзны өмнө хүндэтгэн залж, алдрыг нь мөнхлөх цаг болсон санагдана.

“Тэнгэр” хэмээх Дулмаагийн Цолмонгийн хамгийн сүүлд бичсэн шүлэг.

Амьдралын сайхны төлөө

Адган тэмцсэн андууд минь

Ардчиллын ялалтын төлөө

Амиа хайрлаагүй зоригтнууд минь

Худал хуурмагтай эвлэрээгүй

Хуйвалдаан булхайтай нийлээгүй

Албан тушаал хөөцөлдөж

Андын сэтгэлээ хувиргаагүй

Эргэх цагийн эргэлтээр

Элэгдэж яваа андууд минь

Эрэмгий шударга зангаа

Элээж мохоогоогүй эрчүүд минь

Сэтгэлийн тэнхээтэй яваарай

Сэргэлэн харьцаатайгаа үлдээрэй.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.